Э.Анар: Соронзон туузтай картнаас татгалзан, чип карт хэрэглэдэг болно

Саарал жагсаалтад багтсанаар ханш аравдугаар сараас хойш чангарсан. Харин 2019 он гарснаас хойш 2.5 хувиар өссөн нь харьцангуй тогтвортой үзүүлэлт юм. Ойрын хугацаанд  ч төгрөгийн ханш тогтвортой байна. Учир нь төлбөрийн тэнцэл ашигтай, таатай байна.

EMV чип картын талаар Монголбанкны төлбөр тоо­цооны газрын захирал  Э.Анар захирал танилцуулав:

-Энэ сарын 10-нд EMV чип карт нэвтрүүлэх гэрээ байгууллаа. Манай улс 2012 оноос хойш үндэсний төлбөрийн Т картыг зах зээлд нэвтрүүлсэн. Үүнээс хойш Монголбанкнаас нийт 2.7 сая ширхэг Т карт гарчээ. Энэ  карт соронзон туузтай. Гэвч сүүлийн жилүүдэд картын хулгай, луйврын хэргүүдээс үүдэн дэлхий нийт  чип картын хэрэглээ рүү шилжиж байа. Энэ технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал сайжирна. Гар утсаараа төлбөр тооцоо хийхэд аюулгүй болно. Зайнаас төлбөр тооцоо хийх, QR code, token гэх мэт шинэ төлбөрийн төрлүүд нэмэгдсэнээр олон улсын төлбөрийн стандартыг хангадаг болно гэсэн үг.

Төлбөрийн Т картаараа  гадаадад төлбөр төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Саарал жагсаалтад багтсанаар ханш аравдугаар сараас хойш чангарсан. Харин 2019 он гарснаас хойш 2.5 хувиар өссөн нь харьцангуй тогтвортой үзүүлэлт юм. Ойрын хугацаанд  ч төгрөгийн ханш тогтвортой байна. Учир нь төлбөрийн тэнцэл ашигтай, таатай байна. Манай түүхий эдийн экспорт, үнэ хэвийн байгаа. Ирэх онд “Таван толой” ХК-ийн IPO  амжилттай болсноор ам.долларын орох урсгалд эерэгээр нөлөөлнө. Гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ. 

Своп хэлцлийн талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд үндэслэлгүй мэдээлэл гарсан. БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп гэрээг сунгахаар ажиллаж байна.

Алтны худалдан авалт энэ онд 14 тонн байна. Өнгөрсөн оноос буурсан. Өнгөрсөн оны өдийд 18.2 тонн алт авч байжээ. АМНАТ нэмэгдсэн, алтны шороон ордын нөөц буурсантай холбоотой. Бид мэдээллээ хуулийн байгууллагатай хуваалцан хамтарч ажилладаг. Үндсэн хуулийн цэцээс тодруулга авсан. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсноор манай үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж цэцээс мэдэгдсэн. 

Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Монголбанкны шинэ Ерөнхийлөгч ажлаа аваад байна. Сүүлийн гурван жилийн турш баримталсан бидний бодлого тууштай үргэлжилнэ. Ирэх жилийн онцлогоос үүдэн 3 том сорилт биднийг хүлээж байна. Иймд эхнээсээ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дуусна. Энэ хөтөлбөрийг амжилттай дуусгах нь чухал. Монголбанкны зүгээс шалтгаалах бүх арга хэмжээг авах ёстой. Шийдлүүд эхнээсээ тодорхой болж байна.

Хоёрдугаарт, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд саарал жагсаалтаас гарах талаар тусгасан. Төлөвлөгөө ёсоор ирэх онд багтаж бид төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

Гуравдугаарт, ирэх долдугаар сард БНХАУ-ын Ардын банктай байгуулсан Своп гэрээний хугацаа дуусна. Бид гадаад өрөө зөв арга замаар шийдэх ёстой. Олон улсын байгууллагын дэмжлэг авах, тус банктай хэлцэл хийхээр ажиллаж байна.

Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав:

-Бид өнгөрсөн оноос эхлэн хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээлийг дэмжсэнээр бизнесийн зээл өсөж, ажлын байр олноор бий боллоо. Бидний хүссэн үр дүн эхнээсээ гарч байна. Гэвч банкны салбарт чанаргүй зээлийн хувь 18.4 буюу маш өндөр байгаа нь энэ салбарын эмзэг цэг юм. Иймд бизнесийн зээлийн өсөлт цаашид өснө гэж хүлээхгүй байна. Сүүлийн саруудад малчдын зээл хурдацтай өсөж байна. Малчдаар дамжуулан эргэн тойрных нь хүмүүс хэрэглээний зээл авч байна.

Банкны эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэглээний зээлийг хязгаарлатал ББСБ-уудын зээл олголт ихээхэн өссөн. Иймд эрсдэл банкуудаас ББСБ –ууд руу шилжсэн. Бид СЗХ-той энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Учир нь банк, ББСБ-ууд нэг л систем дотор ажилладаг.

MCS групп одоогоос жил хагасын өмнө цахим банк нээх талаар ярьж эхэлсэн. Одоогоор тус банканд зөвшөөрөл өгөөгүй байна.

Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Г.Түмэнцэнгэл: Хэрэглээний зээл 30-50 хувиар өсөж байсан бол одоо тогтворжсон. Мөн бизнесийн зээл сүүлийн саруудад өслөө. Энэ бол сайн үр дүн. Аравдугаар сарын байдлаар нийт зээлийн өсөлт 10 хувь байна. Үүний 82 нэгж хувийг бизнесийн зээл эзэлж байгаа нь зээлийн бүтэц эрүүлжсэнийг харуулна. ББСБ нэг их наяд төгрөгийн зээлийн багцтай бол банкны салбар ганцхан сард 2 их төгрөгийн зээл олгодог.    

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.