Н.Номтойбаярын “жиргээ”, мөрдөгчийн байр суурь

Г.Батхүү агсны амиа алдсан хэрэг илрэлгүй хагас жил болчихлоо. Энэ байдлаараа Д.Төмөр-Очир агсан, С.Зориг агсны гэх хэргүүдтэй ижил хувь тавиланг дагах вий гэх байр суурийг хүмүүс мэр сэр илэрхийлээд эхэлжээ.

Г.Батхүү агсны амиа алдсан хэрэг илрэлгүй хагас жил болчихлоо. Энэ байдлаараа Д.Төмөр-Очир агсан, С.Зориг агсны гэх хэргүүдтэй ижил хувь тавиланг дагах вий гэх байр суурийг хүмүүс мэр сэр илэрхийлээд эхэлжээ.

Г.Батхүү агсны ойр дотныхон “24 цагийн тусгай хамгаалалттай Төрийн ордонд нь нэгэн төрийн түшээ үл мэдэгдэх байдлаар амь насаа алдчихаад байхад яагаад энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл гаралгүй нам дарагдах гээд байна аа. Бид энэ гэмт хэргийг хэзээ ч мартах учиргүй. Шударга ёс гэж байдаг бол энэ дээр л гарах ёстой. Хэрвээ шударга ёс гэж Монголд алдагдчихсан, хэн хаана юу хүссэнээ хийж, хэн дуртай нь хүний амь насанд халддаг болчихвол энэ улсад чинь энгийн иргэн мань мэтэд амьд явах баталгаа үнэндээ алга санагдаж байна. Шударга ёсыг нэхсээр байх болно” гэцгээж байна.

Мөн Г.Батхүүг амиа алдсаны дараахан уг явдлыг гэмт хэрэг хэмээн дүгнэсэн ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагч “Эцэст нь хэлэхэд социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай. Д.Төмөр-Очир, С.Зориг нарын улстөрчдийн амь насыг хохироосон хэргийг одоо болтол илрүүлээгүй гашуун сургамжид дүгнэлт хийж, шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө үед энэ алдаа дахин давтагдахгүй гэж найдаж байна.Дахин ийм алдаа гарахгүй байх асуудалд мөрдөн байцаах мэргэжлийн үйл ажиллагаанд улс төр, бизнесийн нөлөө орохгүй байх нөхцөлийг төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааралдаа авч, бизнесийн нөлөө орохгүй байх нөхцөлийг төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааралдаа авч, хангах үүрэгтэй. С.Зориг агсны хэргийг илрүүлэхэд гадны экспертүүдийн туслалцаа тэр дор нь аваагүйн улмаас энэ хэрэг илрэлгүй он удаан жил сунжирч, өнөөдөр ч эргэлзээ арилаагүй л байна” гэсэн.

Үнэнийг хэлэхэд тэдний ийн хардаад байгаа нь учиртай. Г.Батхүү амиа алдахад хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байдаг юм. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян гуай нэгэн нийтлэлдээ “Талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд архидсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Энэ хүнээс цагдаа хуулийнхан бас л өчиг мэдүүлэг авсан гэсэн. Авахаас ч яахав. Энэ хүний өөрийнх нь хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хүмүүс нэлээн сэжиглэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Номтойбаяртай холбоотой олон ч материал цацагдлаа. …Саяхан чөлөөт индэр “Ноцтой мэдээ” сонинд “АПУ-гийн Г.Батхүүгийн үхэлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон тагнуулын албаны дэд хурандаа асан туслахтай нь сэжиглэн, эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй боллоо” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байгаа. Энд бичснээр “…18:50 цагийн үед талийгаач Г.Батхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орж хэсэг сууж архиар дайлуулаад гарсныхаа дараахан буюу 19:09 цагийн орчимд хоёр давхрын гонхноос доошоо унаж амиа алдсан байсныг нь нэлээн халамцуу явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх олж хараад Төрийн ордны харуулын албанд мэдэгдсэн гэж байгаа…” хэмээн бичсэн байна. Энд бас урьд өмнө огт мэдэгдээгүй нэг нууцлаг зүйл дурдагдсан. …Түүнээс гадна талийгаач Г.Батхүү нь Монголын автомашин мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч бол Н.Номтойбаяр нь түүнтэй ижилхэн үйл ажиллагаа явуулдаг “Оффроад” хэмээх холбоог тэргүүлдэг юм байна. Иймээс хоёр холбооны тамирчдын цол гуншингаас болж энэ хоёр өмнө нь зөрчилдөж байсан гэх мэдээлэл ч бас байгаа юм” гэж нэгэн шинэ санаа гаргаж тавьсан. Юутай ч энэ аллагад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр буруутай байж болох үндэслэлүүдийг гаргаж тавьсан байна билээ. Цахим сүлжээгээр бол Н.Номтойбаярт чиглэсэн олон зүйл бичигдэж байгааг та бүхэн танилцаж л байгаа байх” гэжээ.

Нээрэн л Н.Номтойбаяр зургаан сарын турш чимээгүй байснаа өнгөрсөн долоо хоногт 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд твиттертээ энэ хэргийн талаар Мөрдөн байцаах албаны даргад гаргасан хүсэлтээ нийтэд дэлгэж, нэлээд дуулиантай “жиргэсэн” юм. Үүнээс өмнө Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаад хэд хонож байв.

Н.Номтойбаяр уг өргөдөлдөө “Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэв. Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн” гэжээ.

Н.Номтойбаярыг ингэж жиргэсний дараа ар гэрийнхэн нь “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийв. Твиттер ашиглан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэв. “МАК” группийн өв залгамжлагч Н.Номтойбаяр гуай өнгөрсөн хугацаанд чуулган, байнгын хорооны хуралдаанд суух нь багасч, улстөрийн хатуу мэдэгдэл хийхээ больсон. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны гэр бүл, хамт олон, АН хүлээцтэйгээр Монголын хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээж байна. Амь бүхэн нэхэлтэй. 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр юу болов” хэмээсэн байгаа юм.

Н.Номтойбаярын өргөдлөөс харах нээ, МБА-ны Хэлтсийн дарга, НПГ-ын прокурорууд уулзаж, сэжигтэн, эсвэл яллагдагч-мөрдөгч, сэжигтэн, эсвэл яллагдагч-прокуророос өөр түвшний яриа хөөрөө өрнүүлсэн байна. Энэ талаар дээрх байгууллагуудын тусгай болоод дотоод хяналтынхан анхааралдаа авах биз ээ.

Харин одоогоос зургаан сарын өмнө хэвлэлпд нийтлэгдэж байсан ахмад мөрдөгчийн байр суурь өнөөдөр улам тодрох шиг боллоо. Н.Номтойбаяр дахин гарч ирээд нотолж торуулчихаад байгаа хэрэг л дээ.

Тэнд хэд хэдэн ноцтой дүгнэлт бий. Тэр ахмад мөрдөгч дараах зүйлийг хэлсэн байдаг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн програм хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.

2.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгээ хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.

3.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгээ хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.

4.Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт хүн нас барсан байдалтай олдлоо гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхацаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.

Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд:

1.Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.

2.Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүмүүсийн хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн.

Мөн тэрээр “Хэрэг хийгээд булзайруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг. Үүнээс гадна нэгэн зүйлийг зөвлөсөн байдаг. Иймээс энэ хэрэг дээр ч гадаадын өндөр мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, техникийн туслалцааг маш яаралтай авах шаардлагатай. Төрийн ордонд болсон улс төрчийн амийг бүрэлгэсэн хэргийг богино хугацаанд илрүүлэхгүй юм бол хууль хяналтын байгууллагад өргөн уудам нутагтаа тархан суусан монголчууд бид цаашид яаж итгэх билээ” гэж бичсэн байсан.

Ингэж Н.Номтойбаярын үг мөрдөгчийн байр суурь хоёр жигтэйхэн нийлээд байгаа нь бусдын хардлагыг төрүүлээд байж мэдэх л юм.

З.Баттөмөр

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.175) 2019-12-03 08:10:06
Mongol tutiin ordond garsan hyn aminii hereg ilrehgyi ydaj baigaag irged bid ya gej oilgoh be ene bol yneheer aimshig