Монгол улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд эхний гуравт ордог

Дэлхийн хүн амын 55 хувь буюу 4.2 тэрбум хүн  хот, суурин газар төвлөрөн амьдардаг ба тус хотжилт дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 75 хувийг, түүнд шаардагдах эрчим хүчийг үйлдвэрлэх нийт хүлэмжийн хийн 66 хувийг ялгаруулдаг аж.

Томоохон 250 хот, суурин газрууд 2030 он гэхэд 100 хувь СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ-д шилжих амбицтай бөгөөд олон улсад амлалт өгч, гарц шийдлүүдийг хэрэгжүүлээд эхэлчихсэн.

 Нар /дэлхийд тусдаг нарны эрчим энергиэр 17 тэрбум ТВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой энэ нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээнээс 10000 дахин их аж./

Салхи /агаарын урсгалыг ашиглан турбин генератор эргүүлэх буюу механик энергиэс цахилгаан энерги үүсгэнэ./

Ус /тогтвортой байнгын үйлдвэрлэлийг бий болгодог, усны уналт урсгалын тусламжтайгаар кинетик энергийг цахилгаан энерги үүсгэдэг.

Биомасс /ургамал амьтны сэг зэм органик хаягдлын исэлдэлд болон шаталтаас үүсэх энергийг ашиглах төрөл,үүнд хог хаягдал шатааж дулаан болон цахилгаан үйлдвэрлэх багтана.

Газрын гүний дулаан /газрын буюу дэлхийн цөмийн дулаан энергиэр эрчим хүч болон дулаан үйлдвэрлэх нөөц/
гэсэн үндсэн таван салбарт хамаарагддаг. Биомасс болон газрын гүнээс дулаан үйлдвэрлэх боломжтой бол эл бүх салбар эрчим хүч үйлдвэрлэх, нөхөн сэргээгдэх нөөцтэй.
Дэлхийд СЭХ-ийг БНХАУ болон бусад гэж 2 хуваадаг болжээ. Бидэнтэй өмнөд 4677 км-ээр хиллэдэг өмнөд хөрш маань тус салбарт цахиур хагалж байна. Хамгийн том УЦС болох Гурван хавцлын 25000МВт-ын /Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээнээс 10 дахин их/ станцыг 2012 онд БНХАУ ашиглалтад оруулсан. Тус улсын СЭХ-ний нийт суурилуулалт 545ГВт, үүний 221ГВт нь СЦС юм. Улс орнууд нэгдсэн байдлаар бус хот, мужаар цэвэр эрчим хүчний шийдлийг сонгож үүнд зөвхөн техник технологиор бус бодлого, боловсон хүчин, судалгаа шинжилгээний байр, цаг хугацаа зарж байр сууриа илэрхийлэн үүрэг оролцоогоо харуулж байна.

Хөгжил дэвшлийн тулгын гурван чулуу гэгддэг эдийн засаг, тээвэр, эрчим хүчний салбарт томоохон шинэчлэлтүүд өрнөснийх хүлэмжийн хийн талаас илүү хувийг /1гр нүүрс шаталтаас 4гр хүлэмжийн хий үүсдэг/ үүсгэгч уламжлалт эрчим хүчний нөлөөллийг үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарсан.
Өнөөдрийн байдлаар СЭХ-ний эзлэх хувийг /2017 онд дэлхийн эрчим хүчний 24 хувийг СЭХ-ний үйлдвэрлэл хангасан/ 5 жилийн дараа улс бүр 3 дахин нэмэгдүүлж, суудлын автомашинаас хүнд оврын ачаа болон хүн тээврийн бүхий л хэрэгслийг цахилгаан эх үүсгүүртэй, эрчим хүчний хэмнэлттэй болгож, дулааны хэрэглээг газрын гүн болоод биомассын нөөц технологид суурилсан системээр шийдэж, шинэ барилгын гадна дотор дизайнд эрчим хүч үйлдвэрлэгч материал ашиглах зэргээр хөрвөж болох бүхий л салбарт цэвэр эрчим хүчийг шингээх нь алсдаа эдийн засаг, бизнесийн хувьд ч тогтвортой, өрсөлдөхүйц байр суурьтай байх шалтгаан болж нөгөө талаараа агаарын температурын 1.5 градуст барих дэлхий дахины зорилт үүрэг болоод байна.

Дэлхийн хүн амын 55 хувь буюу 4.2 тэрбум хүн  хот, суурин газар төвлөрөн амьдардаг ба тус хотжилт дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 75 хувийг, түүнд шаардагдах эрчим хүчийг үйлдвэрлэх нийт хүлэмжийн хийн 66 хувийг ялгаруулдаг аж.

Уур амьсгалын доройтлыг бууруулах, дэлхийн хотуудын бохирдол, амьдралын төвшинг дээшлүүлэх хамгийн дорвитой алхам бол хотуудын бүтэц, зохион байгуулалт төлөвлөлтийг сайжруулан эрчим хүчний дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх  явдал юм.

Томоохон 250 хот 2030 он гэхэд 100 хувь СЭХ-д шилжих амбиц, амлалт өгч, шийдлүүдийг хэрэгжүүлээд эхэлчихсэн.

Хотууд СЭХ шилжсэнээр

· Шинээр ажлын байр бий болгоно, /эрчим хүчний тус салбар хөгжсөнөөр дулаан цахилгаан станцад хөдөлмөр, эрүүл  ахуйн хүнд нөхцөлд ажиллаж байсан ажиллах хүчнээс гадна шинээр СЭХ инженер, техникч, хөгжүүлэгчид ажиллах ажлын байрны тоо нэмэгдэнэ. Одоогоор СЭХ-ний салбарт 11 сая иргэн ажиллаж байна./

· Аюулгүй бөгөөд зардал багатай эрчим хүч хэрэглэх, /2010 оноос хойш нарны эрчим хүч ашиглах технологийн өртөг 90 хувиар буурсан нь цаашид хурдацтай хөгжих боломжийн нэмэгдүүлэхээс гадна, нүүрс болон нарны цахилгаан станцын үнэ ижил болж  ирснээр эдийн засаг бус байгаль орчны асуудалд анхаарах боломжийн нэмэгдүүлж байна./

· Бохирдлоос үүдэлтэй өвчлөл багасах, /байгаль орчинд ялгарч буй хүлэмжийн хийн тоо хэмжээ, орчин тойрны бохирдол багассанаар байгаль эргээд нөхөн сэргээгдэж эхэлнэ./

· Эрчим хүчний хомстолтой бүс нутгуудад хүрч үйлчлэх, /хэт ядуурал болон, байгалийн баялагын нөөц бололцоо, түүний олборлолт зэргээс  хамааран дэлхийн өнцөг булан бүр эрчим хүчний хангамжтай байж чаддаггүй/ зэрэг асуудлыг шийдвэрлэх гарц харагдаж байна.

Дэлхийн улс орнуудын 6 хувь СЭХ-г хангалттай төвшинд ашиглаж, 54 хувь нь бодлого төлөвлөлт, хөгжүүлэлтийн шатанд анхааралдаа аван ажиллаж, харин үлдсэн хувь нь ямар нэгэн санал санаачлаг, байр суурьгүй байна.

Монгол орон Сахарын цөлөөс ч илүү нарны эрчим хүчний нөөцтэй. Учир нь нарны тусгалын өнцөг байр зүйн өндөр ач холбогдолтой бүсэд оршдог мөн агаарын хэт халалт нь нарны энергийг цахилгаан энергид хувиргахад сөрөг нөлөөтэй тул Монгол орны хуурай сэрүүн нөхцөл олон улсын СЭХ хөрөнгө оруулагчийн сонирхлыг татдаг. Бидэнд байгалийн баялгаа боловсруулахгүй экспортоор худалдаалахаас илүүтэй шавхагдашгүй эдийн засгийн эргэлт бий болгох боломж байдаг. Гэтэл загасчны морь усгүй гэдэгтээ адил нар салхины нөөц арвин өмнөд бүсэд орших Монголын хамгийн том зэс алтны уурхай болох Оюутолгой ХХК эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-аас худалдан авдаг. Газар ухна дээрээс нь эрчим хүчээ гаднаас худалдаж авна. Улс үндэстэн дамнасан томоохон корпорацууд болох Apple, Google, Amazon, Walmart сүлжээнд холбогдоогүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр хэрэглээ шийдсэн туршлагаас суралцах шаардлагатай.

Байгалийн нөхөн сэргэх нөөцийг ашиглан ХҮРЭНЭЭС НОГООНРУУ хөрвөн орсон их шилжилт эрчим хүчний салбарт Сэргэн мандалтын үе шиг хүч төрөн гарч ирсэн Дэлхийн хаана ч ХАА буюу манайхны хэлдгээр хөдөөнийхөн аж ахуйгаа түшиглэсэн суурин газраас зайтай хэрэглэгчид байдаг. Сүлжээнд холбогдоогүй эл бүлэг хэрэглэгчдэд /сүлжээнд холбогдоогүй 133 сая буюу дэлхийн хүн амын 2 хувь СЭХ ашиглаж цахилгаан хэрэглээгээ хангадаг/ эрчим хүчний хэрэглээгээ СЭХ-ний системээр хангаад махаа хөлдөөж, өнгөт зурагтаа үзэж, утсаа цэнэглэж төвийн айлаас дутахааргүй амьдарч байна. Нар тасармагц лаанаас гэгээ залгуулдаг байсан малчин өрхийн хувьд нарнаас хуримтлуулсан энергиэр шөнөдөө ашигладаг болсон нь өнөөгийн соёлын довтолгоо. Үүний тод нэгэн жишээ бол 100000 нарны гэр төсөл билээ. Монголын 4 малчин өрх тутмын 3 нь нарны хавтан, салхин сэнстэй ба аль ч отрын улиралд зөөж тээвэрлэж, төвөггүй системээ угсарч хэрэглээгээ хангадаг нэг ёсны инженер сэтгэлгээтэй нүүдэлчид бий болоод байна. Хаа газар нар салхины нөөц нь хангалттай учраас л тэр.

Монгол улсын газар нутгийн 40 хувьд СЭХ-ний том оврын станц байгуулах хангалттай нөөцтэй. Зөвхөн сүлжээнд холбогдоогүй СЭХ-ний төслүүдэд ажиллах ажлын байрны тоо дэлхийд 10 жилийн дараагаар 4.5 сая болно. Бид нөөц болон дэлхийн чиг хандлагыг барьж авч чадсанаар уул уурхайгаас илүү ашиг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, эргэлтээр олох боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.