Тэнэг дэврүүн бай...

Сөүл бол ганцаардлын хот. Энд ирээд 120 гаруй хонохдоо нэг л өгүүлбэрээр “тэжээгдэж” явна. ТЭНЭГ ДЭВРҮҮН БАЙ...

Хөлчүүхэн янаглалын завсар зайгүй үнгэлдэн гиншилдэх бүдэг чимээ чихний хонгилд зүйрмэглэж, хэлний амт, хэсэг газрын үнэр, үргэлжилсэн урт хурьцлын дараах ам цангалт, эгээ л эрэг дээр шидэгдсэн жараахай усны үнэр тэмтрэн амь тэмцэн шарваганахын шаналанг яг одоо мэдрүүлэх шиг... залгия гэсэн ч түй гэх шүлс алга. Дотор засах ганц хундага хүйтэн улаан дарс байдаг ч болоосой, нар хурдан гараасай... Задгай мөнгө шиг энэ түмэн бодлууд, утгагүй хүслүүдийг болдогсон бол базаад Хан мөрөнрүү шидэхсэн. Үүрийн 4:30-н метронд үүргэлсэн хүмүүс, даарсан тагтаа шиг биеэ хумин нугжийж, шөнөжин шоудсан хөлчүү охидын ширэлдсэн үс, уранхай шилэн оймсруу гөлрөх хижээл эрийн цоо ширтэх, хүсэмжит харц эрээ цээргүй тэнүүчлэнэ...

Урд шөнийн утгагүй зугаацалд туйлдсан миний, хажууд суугаа охины гар утсаараа үзэх зул сарын клип харц булаав. Би юу хүсч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа, өнгөрсөн онд юугаар гийгүүлж, юу дутуу орхисноо нэхэн санахуйд, таатай таагүй олон дурсамж метротой уралдах мэт цаг хугацаагаар намайг авч одов. Хамгийн сүүлчийн гомдол хийгээд шаналалыг минь 10-хан секунт асдаг вингалын гал аварч билээ хөөрхий... Төөнөмөөр халуун биш ч, түлчихмээр илчгүй ч, оч үсэргэн, сэргэлэн цовоо асах тэр хиймэл гал өнөөг хүртэл нүдэнд цог нэмж, сэтгэлд цучил өрддөг хэвээр... Жил бүрийн сүүлчийн энэ сард шалгалтын хариугаа сонсох мэт түгшүүртэй, догдлолтой, яарч тэвдсэн, хүлээлт, тэмүүлэл дүүрэн байх нь яг л шампанскны хөөс мэт. Энд ирээд 120 гаруй хонохдоо нэг л өгүүлбэрээр “тэжээгдэж” явна. ТЭНЭГ ДЭВРҮҮН БАЙ...  Хөлгүй далайн давалгаа шиг хүн сүргийн цуваа үл тасрах энэ газарт бүх зүйлс хэтэрхий уйтгартай бас бараан.  Илжиг шиг зүтгэх нутаг нэгтнүүд, шинэхэн танил хийгээд зүс ижил харийн хүмүүсээс ганцаардлын гашуун амтыг хайр найргүй мэдэрч явна... Сөүл бол ГАНЦААРДЛЫН ХОТ аж. Хайсан бүхнээ олхоос нааш сэтгэл нь дүүрэхгүй тэднээс би золисон тавилан, зовлонт амьдрал, өнчрөл хагацал, урвалт, шаналал, цөхөрлийн харцыг өдөр бүр харж зөрдөг. Зул сарын энэ өдрүүдэд зам харгуй, гудамж талбай, дэлгүүр хоршоо, кофе шопууд сая нэг гэрэл чийдэнгээ алаглуулж бүх зүйл шинээр эхлэх мэт, шинэ учрал, шинэ харц, шинэ шүлгүүд, шинэ адал явдлыг дуудах мэт, дагаад сэтгэл санаа өд мэт хөнгөн. Ийм л хэм хэмнэл Сөүл хотын гудмаар зүгээ мэдэхгүй тэнэхэд хөг нэмдэг. Алхаад л алхаад л... Эгцэлж хардаггүй, хархаараа гэм хийсэн мэт бултсан, учир утгагүй яарсан олон дунд над шиг “дулаахан” “дүүрэн” харц, инээд хайж яваа “тэнэг” амьтан лав алга мэт... Гэхдээ байгаа л байх. Өвлийн өвөө байдаггүй гэдгийг мэддэг ч хүлээдэг гэж худлаа хэлж гэнэн охины дүрд толгож тэнэгтхээргүй 30-н насны босгыг хэдийнээ давсан боловч доторхи хүн маань хэзээ нас бие гүйцэж, дурлахаа больж, жинхэнэ хайр гэж байдагт итгүүлж, ятгах бурхан Будда, Аллах, Есүс Христос, Аморе, Адам Ева нар байна уу?

Одоо л би хүссэнээрээ амьдармаар байна. Чөтгөр шиг суралцаж, робот шиг ажиллаж, илүү ихийг уншиж, олон хүмүүстэй ярилцаж, цаг хугацаатай өрсөлдөж юм бүхэнд амжмаар байна... Хайртай хүмүүстэйгээ удаан байж, сайхан үгсийг хэлмээр, бас сонсмоор... Танихгүй ч гэсэн зөрөн өнгөрөх хүн бүрлүү инээмээр. Тамхи татаж үзмээр, хааяахан хараалын үг хэлмээр, хэнд ч хэлэлгүй ганцаараа хэрэн тэнэмээр, хэцүү бүхний ард гараад “Аргагүй амраг”-ыг аялмаар... Хэдэн мянгаараа хөврөх хар хувцастнуудын дундаас тод өнгийг хайхаас би залхахгүй нь. Хөгжилд дарлагдаж, ганцаардалд живэгсдийн СЭТГЭЛД нар мандтал амьдарч үзмээр байна.  Зугаатай хийгээд зовлонтой, азтай болоод жаргалтай бүхнийг хийж, сориж үзмээр “солиотой” үе дээр минь цаг хугацаа намайг “гацаасан” байх.  Найз минь яг одоо өөртөө тогтоосон хуурамч дэг журам, дүрэм горимоо үстэйгээ хамт задал, уйтгартай унжгар дүрэмт хувцастайгаа хамт тайлж хая...

Хүссэн cheese cake-ээ ид, хараад л шүлсээ залгидаг шоколод аа цүнхэл, дуртай кофегоо уу, халуун ваннд хэвт, бикиннигээс бусдыг нь ваксд, харин түүнийг л тайван байлгаж үз. Үсээ ургуул, уруулаа буд, өсгийтөө өмс, өлмий дээрээ гунх... Хүсвэл уйл, хүүхэд шиг бүр бархир, цээжээ онгойтол уйл, цөхрөл зугттал гомдлоо тайл... Залуу нас ганц л тохионо. Өөрийгөө сонс, өөрийгөө өрөвд, ӨӨРИЙГӨӨ Л ХАЙРЛА. Өөр хэн ч чамайг өөр шиг чинь хайрлахгүй... Адели шиг таргандаа битгий гутар, Силен Дион шиг хайртаа алдсан ч дахин дурла, өөрийгөө өөрчил, Далай лам шиг хөнгөн маазар, дарвайсан Ники Минаж шиг хааяа эрээ цээргүй бай...

Эмми Вайна Хаус шиг дандаа дарс уу, сэтгэлээ хөнгөн байлга, Мадонна шиг насаа март, эрч хүчээ амтал, Желло шиг дайчин бай, бас секси, Диана гүнж шиг бүгдийг тэвч, эцэст нь жинхэнэ хайртайгаа учирдаг... Мэрлин Монро шиг Дэврүүн бай, миний мэдэх бүх л гайхамшгууд зовлонгоо нууж чаддаг юм билээ... Тиймээс найз минь ИНЭЭ... Тэнэг юм шиг ЖАРГАЛТАЙ харагд. 2020 он чиний төсөөлөөгүй адал явдлуудаар дүүрэн, амьдрал чинь ӨНГӨЛӨГ байг.

Хонгор минь тэнэг юм шиг ДЭВРҮҮН БАЙ...

/ “Дарсны амт”- тэмдэглэлийн хэсгээс... /

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.254.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.