Хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь МУИС-ийн нэг зорилго

МУИС, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга, доктор Н.Пүрэвцогттой ярилцлаа.

МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын их сургууль бол монголын дээд боловсролын ууган байгууллага, шинжлэх ухааны суурь салбаруудыг хамарсан сургалт, судалгааны үндсэн төв юм. МУИС-д бакалаврын 111, магистрын 154, докторын 46 үндсэн хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний дотор байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь хөтөлбөрүүдээс гадна, хууль, бизнес, олон улсын харилцааны чиглэлийн хөтөлбөрүүд; мэдээллийн технологийн чиглэлийн хөтөлбөрүүд; мөн электроник, хими, биологи, хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлийн; хэрэглээний математик, хэрэглээний хими, уур амьсгал судлал зэрэг хэрэглээний шинжлэх ухааны хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлагын дагуу эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй сэргээгдэх эрчим хүч, нано шинжлэх ухаан, эрсдлийн удирдлага, ажил мэргэжил судлал зэрэг хөтөлбөрүүдэд элсэлт аван сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэлхийн түгээмэл хэрэглэгдэж буй 14 төрлийн гадаад хэл шинжлэл, орчуулга, орон судлалын хөтөлбөрүүдийг МУИС хэрэгжүүлдэг.

МУИС төдийгүй МУ-ын дээд боловсролын үндсэн зорилго бол үндэсний болон хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил, хүмүүнлэг чанар, ёс суртахууны зөв төлөвшил, хандлагатай, академик буюу мэргэжлийн чадваруудыг эзэмшсэн дээд боловсролтой “иргэн” хүнийг бэлтгэх юм. Энэхүү зорилгыг дээд боловсролын сургалтын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг.

Сургалтын хөтөлбөр гэдэг нь тухайн хөтөлбөрөөр суралцагчийн эзэмшвэл зохих дээр дурьдсан мэргэжлийн болон хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг гол зорилгоо болгож, түүнд хүрэхийн тулд хэрэгжүүлэх арга зам, нөөц боломжоо тодорхойлсон цогц баримт бичиг байдаг. Сургалтын хөтөлбөрийн нэр бол тухайн чиглэлээр эзэмшвэл зохих ерөнхий мэдлэг, чадвар, хандлагаар тодорхойлогдсон шинжлэх ухааны чиглэлийн нэр болохоос төгссөний дараа ажиллах ажлын байрны нэр биш юм.

МУИС нь 2016 онд 2024 он хүртэл хөгжүүлэх өөрийн стратегийн төлөвлөгөө буюу сургуулийн алсын хараа, тэргүүлэх чиглэлээ баталсан. Энэхүү стратеги төлөвлөгөөнд үндсэн дөрвөн зүйл заалт байдгийн нэг нь сургалттай холбоотойгоор Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэх хэмээн тусгасан байдаг. Уг зорилгын хүрээнд “шилдэг багш”, “шилдэг оюутан”, “шилдэг хөтөлбөр” гэсэн гурвалсан зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2019 онд уг стратегийн төлөвлөгөөний эхний үе шатыг дүгнэсэн ба 2020 оноос стратегийн төлөвлөгөөний хоёрдугаар үе шат эхэлж байна.

МУИС-ын сургалтын журамд ямар онцлогууд тусгагдсан байдаг вэ?

-МУИС-ийн сургалтын журам 2015 онд шинэчлэгдэн батлагдсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэхүү журмын онцлог нь либерал арт буюу оюутны чөлөөт мэдлэг сонголтыг эрхэмлэх үзэл баримтлалыг тусгасан журам юм.

Бакалаврын хөтөлбөрийн онцлог юу вэ?

-МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь эхний нэг жил ямар нэгэн хөтөлбөрт харьяалагдахгүйгээр бүрэлдэхүүн сургуульд элсэн ордог. Элссэний дараа ерөнхий суурийн хичээлүүд үүний дотор тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь хичээлүүдээс судалж тодорхой шаардлагыг хангасан оюутнууд хичээлийн жилийн төгсгөлд амжилтаараа жагсан тухайн сургуулийнхаа хөтөлбөрүүдээс сонгодог. Амжилт гэдэгт бид тухайн оюутны 1 жилд судалсан багц цагийн хэмжээ, үнэлгээ болон ЭЕШ-ийн онооноос хувьчилан гаргасан оноо юм. Энэхүү нэг жилийн хугацаанд нэг талаас оюутан өөрөө ерөнхий чадвар олгох хичээлүүдээс гадна өөрийн сонирхож буй хөтөлбөртэй холбогдох суурь хичээлүүдээс сонирхон судлах бол нөгөө талаас мэргэжлийн тэнхимүүд өөрийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн онцлог, давуу талыг сурталчилдаг. Энэ нь оюутан МУИС-д хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг бүрэн олж мэдэж, харьцуулах, түүнчлэн хувь хүний онцлогоос хамааран өөрт тохирох боломжит хөтөлбөрийг сонгох нөхцөл боломжийг олгож буй явдал юм.

Бакалаврын хөтөлбөр нь нийт 121 багц цагийн Ерөнхий суурийн, Мэргэжлийн суурийн, Мэргэжлийн болон Чөлөөт сонголтын гэсэн дөрвөн багц хичээлүүдээс бүрддэг.

Чөлөөт сонголтын багцын хичээлийн зорилго нь оюутан өөрийн мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх эсвэл цаашид хавсарга, хос хөтөлбөрөөр суралцах, ахисан түвшний хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахын тулд МУИС-ийн ижил түвшний бүх хичээлээс сонгон судлах боломжийг олгож буй хэсэг юм. Бакалаврын хөтөлбөрийг дүүргэж байх явцдаа ажлын байран дээр гараад надад ямар мэдлэг шаардлагатай гэж үзэх вэ гэдгээ тодорхойлж чадвал тэр чиглэлийнхээ хичээлүүдээс багцлан сонгох боломжтой юм. Тухайлбал санхүү хөтөлбөрөөр суралцаж буй оюутан надад хуулийн мэдлэг дутмаг байна гэж үзэж буй бол чөлөөт сонголтын багцаараа дамжуулан хуулийн чиглэлийн суурь хичээлүүдээс үзэж болно. Эсвэл хятад хэлний хичээлүүдээс сонгон судалвал хятад хэлний суурь мэдлэгтэй санхүүч болох юм.

Хавсарга, хос хөтөлбөрийн талаар дурьдахад?

-Бид оюутнууддаа төгсөөд ажлын байран дээр хөрвөх чадвартай мэргэжилтэн болгох буюу хөдөлмөрийн зах зээлд давуу тал олгохын тулд хавсарга, хос хөтөлбөрүүдийг санал болгодог.

Сүүлийн үед зөвхөн нэг чиглэлээр гүнзгийрэн төгсөх нь ажлын байран дээр гараад дутагдалтай, хөрвөх чадвар муутай байгаа нь ажил олгогчдоос авсан судалгаанаас харагддаг. Тиймээс оюутан өөрийн хүсч буй өөр чиглэлийн хөтөлбөрийг хавсарга, хос хөтөлбөрөөр дамжуулан суралцаж тухайн хөтөлбөрөөр олгох мэдлэг, чадваруудыг эзэмших, цаашид ажлын байран дээр гараад хөрвөх чадвар өндөртэй боловсон хүчин болох бололцоог бүрэн олгож байгаа.

Дээр дурьдсан бакалаврын үндсэн хөтөлбөрийн чөлөөт сонголтын багц хичээлээс давуу талтай нь хавсарга хөтөлбөрийг дүүргэгч нь үндсэн дипломоос гадна хавсарга хөтөлбөрийг дүүргэснийг гэрчлэх гэрчилгээ хавсаргаж авна. Харин хос хөтөлбөр нь үндсэн хөтөлбөрөө дүүргэхээс гадна дахин нэг хөтөлбөр дүүргэснийг гэрчлэх хоёрдогч бакалаврын дипломтой төгсөнө. Сүүлийн жилүүдэд гадаадын их дээд сургуулиуд хавсарга, хос хөтөлбөрийг ихээр санал болгож, уг хөтөлбөрөөр суралцагчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Стэнфордын их сургуулийн бакалаврын нийт оюутнуудын 25 хувь нь ямар нэг хэмжээгээр хавсарга эсвэл хос хөтөлбөрийг сонгон суралцдаг гэсэн статистик мэдээ байдаг.

Хавсарга хөтөлбөр нь нийт 30 багц цагийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс тогтоно. МУИС-д энэ хичээлийн жилд 40 хавсарга хөтөлбөр хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь боловсролын ямар нэгэн зэрэг олгохгүй харин үндсэн дипломтой нь хамтатгасан гэрчилгээ олгоно. Жишээлбэл физик хөтөлбөрөөр суралцагч нь мэдээллийн технологийн хавсарга хөтөлбөрөөр суралцан төгсвөл мэдээллийн технологийн өндөр чадвартай физикч болж цаашид ажлын байран дээр физикийн тооцоолол, симуляци, програмчлалын чиглэлийн ажил хийх мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн болох юм.

Хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна суралцахыг хүсч буй хөтөлбөрийнхөө шаардлагыг бүрэн хангаж хоёр дипломтой төгсөнө. Хоёрдогч хөтөлбөрөө МУИС-д хэрэгжиж буй бүх хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Хос мэргэжилээр суралцагч нь хөтөлбөр бүрийн шаардлагыг хангах ёстой бөгөөд хоёр хөтөлбөрийн зарим давхардаж буй хэсгийг дүйцүүлэх байдлаар багц цагийн хөнгөлөлт үзүүлдэг. Өөрөөр хэлбэл үндсэн хөтөлбөрийн 121 багц цагаас гадна хоёр дахь хөтөлбөрөөсөө  судлах ёстой хичээлүүдийг судалж хамгийн багадаа нийлээд 176 багц цагийг судлах шаардлага тавигдана. Жишээ болгоход математикийн үндсэн хөтөлбөрөөр суралцагч эдийн засгийн хос хөтөлбөрт давхар суралцаж математикч-эдийн засагч, эрхзүй хөтөлбөрөөр суралцагч сэтгэл судлалын хөтөлбөрөөр зэрэгцэн суралцаж эрхзүйч-сэтгэл судлаачийн хос зэрэгтэй төгсөнө. Төгсөөд ажлын байран дээр эдгээр хавсарга болон хос хөтөлбөрт тохирох нарийн мэргэжлийн ажил хийх, хөрвөн ажиллахад төгсөгчдөд давуу тал олгоно гэсэн үг.  Ер нь хавсарга, хос хөтөлбөрийн зорилго нь дээр дурьдсан чөлөөт сонголтын багцын зорилготой төстэйгээр төгсөгчдөдөө хөдөлмөрийн зах зээлд давуу тал олгох зорилго бүхий түвшин ахисан нэмэлт боломжууд гэж ойлгож болно.

Ахисан түвшний хөтөлбөрүүд ямар байдалтайгаар хэрэгждэг вэ?

-МУИС-д тодорхой чиглэлийн суурь хөтөлбөрүүдээс гадна салбар дундын, мөн сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн чиг хандлагын дагуу шинээр үүсэн бий болж буй орчин үеийн хөтөлбөрүүд шинээр нээгдэн хэрэгжиж байна.

МУИС-ийн магистрын хөтөлбөр нь “судалгааны” ба “мэргэжлийн” гэсэн хоёр хэлбэрээр хэрэгждэг. “Судалгааны” магистрын хөтөлбөрөөр суралцагч нь тухайн чиглэлийн онолын суурь мэдлэгээ ахиулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, магистрын төгсөлтийн ажил хамгаалдаг бол “мэргэжлийн” магистрын хөтөлбөрөөр суралцагч нь өөрийн мэдлэгийн түвшнээ ахиулах танхимийн сургалтын хичээл түлхүү судлах ба судалсан хичээлүүдийнхээ дагуу мэргэжлийн дадлага хийж төгсдөг.

МУИС нийтэд зориулсан сургалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг уу?

МУИС-д насан туршийн боловсролыг дэмжих зорилго бүхий “Иргэн” суралцуулах гэсэн ойлголт байдаг. Энэ нь МУИС-д явагдаж буй бүх төрлийн хичээлүүдээс хүссэн хүн хүссэн хичээлээ сонгон суралцах боломжийг олгосон хөтөлбөр юм.

“Иргэн”-ээр суралцахад ямар шаардлага тавих вэ?

-Иргэн статусаар суралцах суралцагч нь МУИС-д хэрэгжиж буй бүх төрлийн хичээлүүдээс хамгийн ихдээ 15 багц цаг хүртэл хичээлийг өөрөө сонгон судлах боломжтой бөгөөд хүсвэл гэрчилгээ авч болдог. МУИС-ийн үндсэн оюутантай яг адил зарчмаар, хичээл сонголтоо хийж, сонгосон хичээлийнхээ төлбөрийг төлж, тэдэнтэй хамт хичээллэнэ. Хүссэн хүн болгон МУИС-д иргэн статусаар элсэн суралцах боломж нээлттэй байна. Иргэн статусаар элсүүлэн хичээл судлуулахад бид ямар нэгэн өмнөх боловсролын гэрчилгээ эсвэл ЭЕШ өгсөн байх гэх мэт шаардлага тавихгүй.

“Иргэн”-ээр суралцахын давуу тал юу байж болох вэ?

-МУИС-д нэг хичээлийн жилд дунджаар 3000 гаруй хичээл заагддаг. Эдгээр хичээлүүд нь ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлүүдээс авахуулаад нарийн мэргэжлийн, ахисан түвшний хичээлүүд. Мэдлэгийн энэ их сангаас иргэн хүн сонгон суралцах нь өөрийн хуучирсан мэдлэгээ сэргээн баяжуулах, яг одоо ажлын байран дээр дутагдаж буй мэдлэгийг шинээр олж авах давуу талыг олгоно. Өөрөөр хэлбэл иргэд насан туршдаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг МУИС олгож байгаа. Монгол улсад гадаад хэлний эсвэл компьютерийн чиглэлээр мэдлэг олгох курс дамжаа ихээр хичээллэж байгаа ч төрөл бүрийн мэргэжлээр өөрийн мэдлэгийг дээшлүүлэх зэргийн бус сургалтын байгууллага хомс байгаа юм. Иргэнээр суралцахын давуу талыг илүү ойлгомжтой болгохын тулд жишээ дурьдах нь зүйтэй байх. Жишээлбэл мэдээлийн технологийн чиглэлээр 20 жилийн өмнөх төгсөгч байна гэж үзье. Техник, технологийн эрчимтэй хөгжлийн улмаас энэ салбар маш эрчимтэй хөгжиж шинэ арга, технологиуд, програмчлалын хэлүүд шинэчлэгдэн бий болж байна. Иймээс тухайн төгсөгч МУИС-д заагдаж буй эдгээр шинэ чиглэл, ололт амжилтуудыг тусгасан хичээлүүдээс сонгон суралцаж өөрийн мэдлэлийг шинэчлэх боломж байна гэсэн үг. Java, R хэл, паралелл тооцоолол, хиймэл оюун ухаан гэх мэт. Мөн тухайлбал дунд сургуулийн багш нар их сургуулийн түвшний нарийн мэргэжлийн хичээлүүдээс судалж өөрийн мэдлэгийг зузаатгах боломжтой. Бас нэг байж болох тохиолдол бол ажлын байран дээр одоо ямар мэдлэг шаардагдаж байна вэ гэдгээс хамааруулан түүнийхээ дагуу шинэ мэдлэг олж авах боломжтой. Хэдийгээр өөр мэргэжлээр мэргэшсэн хэдий ч зайлшгүй ажлын байран дээр төсөл бичих, санхүүгийн тооцоо хийхээс авахуулаад бизнесийн чиглэлийн мэдлэг шаардагдах эсвэл сэтгэл судлал ч юмуу хууль, эрхзүйн мэдлэг шаардагдаж байгаа тохиолдолд эдгээр чиглэлийн хичээлүүдээс сонгон судлах боломжийг олгож буй нь энэ хөтөлбөрийн давуу тал.

Бас нэг онцлог нь МУИС-д элсэн орох хүсэлтэй хүн “иргэн” статусаар хичээл судалж, журмын дагуу элсэн орсны дараа эргээд тооцуулах боломжтой.

Хичээл дүйцүүлэх гэснээс МУИС-д хичээл дүйцүүлэх өөр ямар тохиолдлууд байдаг вэ?

-МУИС өнгөрсөн намраас “МУИС-д хичээл дүйцүүлэх журам”-ыг шинээр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү журамд МУИС-д элсэн болон шилжин суралцах, МУИС-ийн оюутан хөтөлбөр хооронд шилжих, гадаадын их, дээд сургуульд солилцооны оюутнаар суралцаад ирэх, гадаад хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын сертификатаар хичээл дүйцүүлэх, мөн БСШУСЯ-ны харьяа олон улсын болон Кембриджийн хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг ахлах сургууль, МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей сургууль төгсөгч МУИС-д шинээр элсэн суралцах үеийн хичээл дүйцүүлэлттэй холбоотой бүх төрлийн харилцааг тодорхойлж өгсөн.

Монгол улсад албан ёсоор Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, “Олонлог” гэх мэт дунд сургуульд суралцаж олон улсын A түвшний шалгалтанд С ба түүнээс дээш үнэлгээ авсан эсвэл AS түвшний шалгалтанд A үнэлгээ авсан бол МУИС-ийн Ерөнхий суурийн харгалзах хичээлүүдтэй дүйцүүлэн тооцохоор болсон.

Мөн МУИС-д хэрэгжиж буй 14 төрлийн гадаад хэл, орон судлалын чиглэлийн хөтөлбөрт элсэн суралцах оюутнуудад тухайн хэлний олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын сертификатын оноогоор нь анхан шатны хэлний хичээлүүдээс дүйцүүлэх боломжийг олгосон. Үүнд англи хэлний IELTS, TOEFL-с авахуулаад орос хэлний ТРКИ, япон хэлний JLPT гэх мэт олон улсын шалгалтуудыг хамруулан ойлгоно. Гадаад хэлний чиглэлээр гүнзгийрсэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, өөрийн хүсэл сонирхлоор гадаад хэл гүнзгийрүүлэн судалсан элсэгчдэд энэ нь таатай боломж гэж үзэж байна.

Хичээл дүйцүүлнэ гэдэг нь хөтөлбөрт тусгагдсан тухайн хичээлийг судалсанд тооцож, нийт судлах ёстой багц цагаас хасагдах процесс бөгөөд хичээл дүйцүүлэлттэй холбоотойгоор багц цагийн болон ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүйгээрээ сургалтын төлбөр төдийгүй цаг хугацаа хэмнэх давуу талтай.

Гадаадын их, дээд сургуулиудаас МУИС-д шилжин суралцах, эсвэл МУИС-с гадаадын их, дээд сургуульд шилжин суралцах үед гардаг байсан гол хүндрэл нь кредитийн болон үнэлгээний ялгаатай систем хоорондох шилжүүлэлтийн асуудал байсан. Бид БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Европийн холбооны PAWER төслийн хүрээнд энэ чиглэлийн судалгааг хийсэн ба судалгааны үр дүнд Европийн холбооны багц цагийн ECTS систем, ОХУ, Япон, Канад, Сингапур зэрэг улсуудын ялгаатай кредитүүдийг МУИС хэрхэн хөрвүүлэн тооцох тухай, мөн Монголын их, дээд сургуулиуд болон гадаадын 35 төрлийн үнэлгээний системийг МУИС-д дүйцүүлэн тооцох тухай дээрх журамд тусгаж өгсөн. Европийн холбооны багц цаг (ECTS) ба МУИС-ийн багц цаг хоорондын харьцаа 2:1 байхаар болсон.

Дээд боловсролын хуулийн дагуу албан ёсоор байгуулагдсан коосен буюу технологийн коллежийг дипломын С зэрэгтэй төгсөгчийг МУИС-д элсүүлэн суралцуулах, мөн судалсан хичээлийг нь дүйцүүлэх асуудлыг тодорхойлсон журмыг бид боловсруулан мөрдөж байна. Коосен сургууль төгсөгч нь МУИС-д ижил чиглэлээрээ элсэх тохиолдолд заавал ЭЕШ өгсөн байхыг шаардахгүй, хөтөлбөрийн агуулгаас хамаарч 60 хүртэлх багц цагийг дүйцүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл Японы системтэй адилаар коосен сургууль төгсөгч нь МУИС-ийн 3-р түвшинд шууд элсэн суралцах боломжтой болсон гэсэн үг. Энэ хичээлийн жилд Шинэ Монгол Технологийн Коллежийн төгсөгчид МУИС-ийн бакалаврын 3-р түвшинд шууд элсэн суралцаж байна.

Гадаадын их дээд сургуулиудтай ямар ямар хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?

-МУИС-д үндсэн хөтөлбөрүүдээс гадна гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд мөн хэрэгжиж байгаа. Тухайлбал Хууль зүйн сургууль БНСУ-ын Күүкминий их сургуультай хамтарсан хөтөлбөр, Бизнесийн сургууль Их Британийн NCC консорциумтай хамтарсан Бизнесийн удирдлагын хөтөлбөр, Япон, Польшийн их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр гэх мэт. Мөн орос хэлний бэлтгэл хөтөлбөр бий. Нэг жил уг хөтөлбөрт суралцаад түвшин тогтоох шалгалт өгч ОХУ-ын их сургуульд шууд элсэж орох боломжтой.

Энэ хичээлийн жилд Турк улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжиж байна. Турк хэл, орон судлалын хөтөлбөрүүдэд суралцаж буй оюутнуудаас хоёр сургуулийн гэрээгээр тэтгэлэгтэйгээр суралцуулж байна.

МУИС оюутнууддаа олон төрлийн хамтарсан болон солилцооны хөтөлбөрүүдийг санал болгодог.

Мөн МУИС-д орохыг хүсч буй болон ороод суралцаж буй оюутнуудад сүүлийн жилүүдэд олон төрлийн тэтгэлэгүүдийг санал болгож байгаа. Улсын чанартай олимпиадад эхний байруудыг эзэлсэн оюутнуудад 1-2 жилийн тэтгэлэг олгодог. Мөн суралцаж байх явцдаа амжилтаараа манлайлсан, голч оноо өндөр, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнуудад зориулсан 30 гаруй төрлийн тэтгэлэг байдаг. Сүүлийн жилүүдэд манай сургууль байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлийг түлхүү анхаарч байгаа бөгөөд энэ чиглэлийн хөтөлбөрүүдэд элссэн оюутнуудад ЭЕШ-ын онооноос нь хамаараад төлбөрийн хөнгөлөлт олгож байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Munkhmanlai (202.21.97.154) 2020-01-20 19:04:55
Сайхан мэдээлэл байна, баярлалаа