Томуугийн вирусын халдвар илрэх эхний шинж нь бие тавгүйтэх

Ханиад хүрэхэд илэрдэг үндсэн шинж тэмдгүүд ямар учиртайг өнөөдрийн нийтлэлээр танилцуулж байна.

1. БИЕ ТАВГҮЙТЭХ 

Томуугийн вирусын халдвар биед анхлан хордуулж эхлэхэд илрэх эхний шинж нь бие тавгүйтэх байдаг. Ялангуяа хүүхэд уйлагнах, ээжээсээ салах дургүй, эхийн сүүгээр хооллодог бол хоол биш хөхөө байнга хөхөхийг хүснэ. Энэ үед заримдаа эцэг эхчүүд эрхэлж байна гэж бодох нь элбэг. Томчуудад толгой өвдөх, ажиллах эрч алдагдаж, бие хүндэрч байдаг.

2. ХАЛУУРАХ

Халуурах нь  биед өвчин үүсгэгч нян нэвтэрч хор ялгаруулахын эсрэг бие махбод өөрийгөө  хамгаалах зорилгоор  үзүүлж байгаа хариу юм. Халуурах  нь зөвхөн ханиадны ч бус  нянгаар үүсдэг бүхий л өвчний үед тохиолдоно.  Харин хир зэрэг өндөр хэмтэй байх нь тухайн нянгийн хор биед хир их байгаагаас хамаардаг. Хэт өндөр буюу 38 хэмээс дээш халуун нь биеийг дулааны цохилтод оруулж татах зэрэг сөрөг үр дагавар үзүүлж болдог тул буулгах хэрэгтэй. Эмчилгээ хийж эхэлсэн ч халуун буурахгүй байна гэдэг нь нян биеэс зайлуулагдаагүй байна гэсэн утгатай тул нэгэнт эхэлсэн эмчилгээг дутуу хаяж болохгүй.

3. НУС ГООЖИХ

Нус гоожих нь ханиад томууны  сонгомол шинж тэмдгийн нэг.  Ханиад хүрмэгц эхэн үед өнгөгүй, цэхэр шингэн нус гоожно. Энэ нь вирусын халдвар авсныг илтгэдэг. Энэ үед анаферон зэрэг вирусын эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэх нь үр дүнтэй. Цэхэр нус гоожиж байхад антибиотик ямар ч үр  дүнгүй. Учир нь   антибиотикууд зөвхөн нянгийн халдварын үед л үйлчилдэг. Манай зарим хүмүүс антибиотик зөндөө уусан ч нэмэр алга ханиад эдгэдэггүй гэдгийн учир энэ. Эм бүр зөв цагтаа, зөв байгаа л онох нь чухал байдаг.  Ханиад хүрснээс хойш хэд хоногийн дараа нус ногоорч, өтгөрөх нь гадаад орчноос нянгаар нэмж халдварласныг илтгэдэг.

4. ХАМАР БИТҮҮРЭХ

Томуугийн үүсгэгч нь амьсгалын замыг үрэвсүүлж гэмтээснээр салст хавагнаж, хамар битүүрнэ. Өөрөөр хэлбэл хамрын нүхний зай ердийнхөөс багасаж байна гэсэн үг.  Энэ үед хамаагүй хүчтэй нийх нь  хамрын салстыг гэмтээх аюултай бөгөөд  жижиг судас гэмтсэний улмаас хамраас цус гарах тохиолдол гардаг. Хамар битүүрэх үед дусаалга хэрэглэх нь зөв ихэнх дусаалга хамрын салстын хаванг бууруулах үйлчилгээтэй байдаг.

5. ХАНИАЛГАХ

 

Амьсгал дамжуулах зам үрэвссэнээр салст ялгаралт нэмэгдэх, хамар битүүрснээс агаар бүлээцэж, чийгшээгүй агаар гуурсан хоолойн салстыг цочроосноос ханиалгана.

6. ЦЭР ГАРАХ

Гуурсан хоолойн шүүрлийг цэр гэдэг бөгөөд томуугийн үүсгэгч гуурсан хоолойн ханыг гэмтээснээр шүүрэл ихсэж хуралдана. Хуримтлагдсан цэр нь ханиаснаар биеэс гадагшилна. Цэрний өнгө, үнэр, хэмжээ, ялгарч байгаа цаг хугацааг харгалзан өвчнийг оношилдог.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.228.11.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bsar (202.170.70.74) 2020-01-29 20:19:18
zow