Авлига, албан тушаалын хэргээр ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй

Өчигдрийн/ 2020.01.30/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр орон нутгийн сонгууль бие даасан хуультай болов.

Өчигдрийн /2020.01.30/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр орон нутгийн сонгууль бие даасан хуультай болов. Тодруулбал, 2016 онд гурван шатны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан юм. Үүнээс үүдэж сонгуультай холбоотой маргаан гаргах, нэр дэвшигчид хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлах зөрчил гарч байсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос хэлдэг. Тиймээс УИХ-аас гурван шатны сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулахаар тус тусад нь хуулийн төсөл боловсруулсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэ оны өмнө баталсан бол орон нутгийн сонгуулийн хуулийг өчигдөр баталлаа.

ИТХ-ын сонгуулийг аравдугаар сард зохион байгуулах бөгөөд авлига, албан тушаалын хэргээр ялсонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй, нэр дэвших төрийн албан хаагчид наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх юм. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас хязгаарлахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн орон нутгийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч тухайн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах заалтыг наймдугаар сарын 1 гэж өөрчилснийг хуучнаар нь үлдээх санал гаргав. Энэ саналд

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Нэр дэвшигч наймдугаар сарын 15 гэхэд нэр дэвших хүсэлтээ илэрхийлнэ. Тэгэхээр сонгуульт жилийн наймдугаар сарын 1 гэхэд ажлаа өгөх шаардлагатай болж байна. Алтан дунджийг олж наймдугаар сарын 1 гэсэн тоог гаргасан. Нэр дэвших хүсэлт гаргаж буй иргэдийн дийлэнх нь хориглосон ажил, албан тушаал хашдаг. Тэгэхээр зургаан сарын өмнө ажлаа өгнө гэхээр ард нь ар гэр байгаа учраас ахуй амьдралд нь сөргөөр нөлөөлнө гэсэн бичиг ирж байсан учраас бид ингэж тогтоосон. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 7000 орчим хүн нэр дэвшдэг. Тэдгээрийн дийлэнх нь төрийн албан хаагч байдаг.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Орон нутгийн иргэдийн хувь заяаг шийдэх гэж байгаа Сонгуулийн хуулийг ингэж олонхоороо хүч түрэн шийдэж болохгүй. Ярьж байгаад аятайхан хууль хийчихмээр байна. Хамгийн үнэ цэнтэй боловсон хүчин бол төрийн албан хаагчид. Энэ хүмүүсийг “Ажлаа өг" гэж хуулиар шаардах ёсгүй. Чи “Төрийн албаны хуулийн мерит зарчмаар явах уу, эсвэл улс төрд орох уу" гэдэг сонголт хий гэсэн үг. Хууль нь тийм. Ажил, амьдралыг нь сүйтгэж байгаа асуудал огт биш. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөнө
гэснийг наймдугаар сарын 1 болгож оруулж байгаа нь асар том алдаа. Та нар бусдын үгийг сонсохгүй. Эрүүл ухаантай нь овоо гайгүй үг хэлж байснаа сүүлдээ бусадтайгаа адилхан согтуу хүн шиг болчих юм. Сонгуулийн хуулийг өөрчилсөн болгон нь унадаг юм шүү, та нарт сануулчихъя. Манайд ч тохиолдож байсан, удахгүй та нарт тохиолдоно. Хууль чинь гууль боллоо. Санааны зоргоор ханддаг боллоо. Тийм учраас дараагийн санал хураалтуудад манай зөвлөл оролцохгүй. Та нар бусдадаа ярилцах орон зайг олгохгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг зургаан сарын өмнө ажлаас нь чөлөөлчихлөө. Ид Монгол Улсын бүтээн байгуулалтын ажил эхэлдэг үе. Энэ хооронд төрийн ажил назгайрна. Хэн авч явах юм бэ. Чөлөөлчихлөө гэхэд дараагийн хүн орж ирэх гэсээр байтал аравдугаар сарын 1 болно. Тийм болохоор наймдугаар сарын 1 гэж оруулах нь оновчтой хугацаа. Ялангуяа ард иргэд амралт гээд алга болчихдог. Энэ үед төрийн албаныхан ажлаа хийгээд үлддэг.

Ингээд гишүүд үг хэлж дуус-сан учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.

Дараа нь уг хуулийг дагалдаж оруулж ирсэн Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ингээдхолбогдох байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр бүхэлд нь баталсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.