Улс орнууд БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж, шууд нислэгээ цуцалж эхлэв

ОХУ-аас гадна Их Британийн агаарын тээврийн “British Airways” болон АНУ-ын авиа компаниуд БНХАУ чиглэлийн нислэгүүдээ зогсоогоод байгаа юм.

БНХАУ-д дэгдээд буй коронавирусээр халдварласан хүний тоо өчигдрийн байдлаар 7711, амиа алдсан хүн 170 болоод байна. Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс сэргийлэхийн тулд ОХУ өнөөдрөөс Хятадтай хиллэдэг Амурын бүс, Еврей автономит муж, Хабаровск, Приморский, Забайкаль мужийн хуурай замын хилийг хааж, төмөр замын хөдөлгөөнөө түр зогооохоо мэдэгджээ. ОХУ-аас гадна Их Британийн агаарын тээврийн “British Airways” болон АНУ-ын авиа компаниуд БНХАУ чиглэлийн нислэгүүдээ зогсоогоод байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Аризона мужийн их сургуулийн оюутнууд тус сургуульд коронавирусээр халдварласан байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох өргөдөл гаргажээ. Одоогоор 21 орчим мянган оюутан гарын үсэг зураад байгаа аж.

ӨВЧТӨНҮҮДИЙГ ХЭРХЭН ЭМЧИЛЖ БАЙНА ВЭ

"China daily”-гийн мэдээлснээр нийт халдвар авсан хүний 1370-ийнх нь биеийн байдал хүндхэн байгаа бол вирус тархаж эхэлснээс хойш 124 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргаад байгаа юм байна. Ноттинхемийн их сургуулийн вирус судлаач, профессорЖонатан Балл “China daily”-д өгсөн ярилцлагадаа “Вирусийн эсрэг вакцин байхгүй учир илэрч буй шинж буй тэмдгийг бууруулах болон дархлаа дэмжих эмчилгээ хийж байгаа. Халдвар авсан тохиолдолд уушгины үрэвсэл болох нь их байгаа учир амьсгал дэмжих, уушги хамгаалах эмчилгээ хийж байгаа. Гэхдээ вирусийн халдвар авсан дөрвөн хүн тутмын нэгийнх нь биеийн байдал хүндэрч байна. Цусны даралт нь тогтворгүй хүмүүст судсаар хүчилтөрөгч тарих арга хэмжээ ч авч байгаа” хэмээжээ. Уханийн Жиньинтан эмнэлгийн дарга Жан Дингю эдгэрээд эмнэлгээс гарсан. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа гэдгийг  онцолсон байна. 

ХДХВ-ИЙН ЭМ НӨЛӨӨТЭЙ ЮҮ

Коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор гаргаж аваагүй байгаа учраас ХДХВ-ийн вирусийн эсрэг эм болох лопинавир болон ритонавирыг үр дүнтэй эсэхийг туршиж байгаа аж. Учир нь, эдгээр эм нь SARS-ийн вирустэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлж байжээ.

ВАКЦИНЫ ТУХАЙД

Дэлхийн олон оронд вирусийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Хэдийгээр вакцин гаргаж авсан ч клиникийн туршилт хийж, хүнд хэрэглэх хүртэл нэлээд
хугацаа шаардахаар байгаа юм. 2003, 2012 онд дэгдсэн ЗАРЗ, МЕКЗ-ийн эсрэг вакциныг одоо хүртэл гаргаж аваагүй л байна. Профөссор Жонатан Баллын ярьснаар вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэсэн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгалтаар орж, хамгийн хурдандаа жилийн дараа л хүнд хэрэглэх боломжтой аж.

ВИРУСИЙН ТАРХАЛТ ХЭЗЭЭ БУУРАХ ВЭ

Хятадын Өвчлөлийн хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн тэргүүлэгч.тахал судлаач Жэн Гуаны өгүүлснээр вирусийн далд үеийг Ухань хотод хөл хорио тогтоосон нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцвол хоёрдугаар сарын дунд хүртэл тархалт оргилдоо хүрч, үүнээс цааш аажмаар буурах аж. Түүнчлэн ХБНГУ-ын Геттинхений их сургуулийн профессор Ю Сяохуа вирус дэгдсэнээсээ хойш 90 хоногийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрч эрчимжихээр байгааг анхааруулсан байна. Тэрбээр энэ таамгаа 2002-2003 онд дэгдсэн ЗАРЗ-ийн дэгдэлтэд үндэслэн гаргажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.