Хар тамхи ба нийгмийн зэрлэгшил

Хар тамхинаас хамааралтай хүмүүс нуугдаж, нийгмийн амьдралд оролцож явна. Хар тамхины нөлөөгөөр уцаартай, тэвчээргүй болж хяналтаа алдсан хүн хаана ч таарч ямар ч ааш зан гаргаж мэдэхээр байна.

Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг нийтээрээ жигшиж байгаа нь зүйн хэрэг. Гэтэл хар тамхи хэмээх бодисоос нэг хүнийг биш нийгмээр нь хамгаалах шаардлагатайг саяхны жишээ харууллаа. Өнөөдөр бид төрсөн эхийгээ заамдан зодож буй залууг харааж байгаа ч маргааш та ч тийм эрсдэлд өртөж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Саруул ухаантай хүн төрүүлсэн эхээ зодохгүй нь лав. Харин хар тамхинд тархиа урхидуулж өөрийгөө удирдаж чадахгүй, зан араншин нь зэрлэг араатан мэт болж хувирч буй юм. Товчхондоо хар тамхины нөлөөгөөр хүнд зөвхөн амьтанлаг шинж чанар үлдэж, нийгэмшсэн зан чанар алга болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн мансууруулах бодист донтсон хүн  уцаартай болох, ой санамж буурах, биед зовиуртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нийгмийн талаасаа хүний үг сонсохгүй, тэвчээр алдагдаж цаашлаад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, хяналтаа алддагийг шинжлэх ухаан нотолсон. Энэ бүх хэв шинж бүрдвэл ухамсраа бүрэн алдаж, хүн байтугай араатнаас дор араншинтай болж хувирах нь. Түүнийхээ нөлөөгөөр өөрт ойр байгаа хэнд ч хор хүргэх бүрэн магадлалтай юм.

Манай улс хар тамхичдаа тоолоогүй. Албан бус мэдээллээр 70-100 мянган хүн хэрэглэдэг гэх тоо бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хар тамхины нэг хэрэглэгчийн цаана 5-8 хүн байх боломжтой гэж үзвэл гурван сая иргэнтэй Монголд нөхцөл байдал хэр байгаа бол. Хар тамхинаас хамааралтай хүмүүс нуугдаж, нийгмийн амьдралд оролцож явна. Хар тамхины нөлөөгөөр уцаартай, тэвчээргүй болж хяналтаа алдсан хүн хаана ч таарч ямар ч ааш зан гаргаж мэдэхээр байна.

 

 

Муугаар бодоход, хар тамхинд донтож уураг тархиа удирдаж чадахаа больсон хүмүүс гудамжинд чөлөөтэй яваа үед өөрт нь ойртсон, үг, үйлдэл зөрсөн хэнийг ч гэмтээж мэдэх юм. Мөн сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хар тамхи их хэрэглэж байгаа нь ноцтой аюул дагуулж байна. Хар тамхины аюулаас болж үр удмаа үлдээж чадахгүйд хүрэх, цаашилбал ургийн гаж хөгжил үүсч, ураг генийн өөрчлөлтөд орох эрсдэл нүүрлэжээ.

 

Хар тамхины аюулыг зөвхөн хуулийн байгууллага  илрүүлэн шалгаж байгаа тоон мэдээллээр хэмжвэл өөрсдийгөө дэндүү хуурч,  өнгөц хандсан хэрэг болно. Манай улс хар тамхины хэргээр 2014 онд  53 хүнийг холбогдуулан шалгаж байсан бол 2019 оны эхний есөн сарын байдлаар 169  хэрэгт 300 хүнийг шалгасан. Үүний тал хувь нь 19-25 насны залуус байна. Арван жилийн өмнө донтох эмгэгийн клиникт  жилд 3-5 хүн ханддаг байсан бол сүүлийн гурван жилд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо жилд 60-70-аас буухаа больжээ. Энэ хүмүүс бол хүлээн зөвшөөрсөн буюу сайн дураараа донтох эмгэгээ эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Өөр нэг баримтаар өнгөрсөн жил 730 гаруй хүнийг шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжлүүлсэн бол энэ оны эхний арван сарын байдлаар 1350 хүн болж нэг дахин өсчээ. Зөвхөн эндээс л хар тамхинд донтогсод хэрхэн хүрээгээ тэлж, нийгэмд хорт хавдар шиг томорч буйг харж болно. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хянах чадваргүй болж төрсөн эх, төрүүлсэн үрдээ хүртэл хор хүргэх хэмжээнд хүртлээ мансуурсан хүмүүсийн тоо улам хүрээгээ тэлж нийгмийн зэрлэгшил бий боллоо. Мөн хар тамхи татсан этгээдийг илрүүлж шийтгэсэн тоо жил ирэх тусам өсдөг. Гэвч эцсийн дүндээ нөхцөл байдал улам бүр дордож, цар хүрээ нь томорч байна. Хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон нь тодорхой болсон учраас урхинд орсон залуусаас илүү ашиг олж байгаа, гол зохион байгуулагч эздийг олж илрүүлэх нь л хууль хяналтын байгууллагын үүрэг болчихоод байна. Төр засаг болоод нийгмийн шат давхарга бүр анхаарлаа өчүүхэн ч сулруулахгүйгээр ард түмнээ мансуурлын аюулаас хамгаалахгүй бол хатуухан хэлэхэд нийгэм тэр чигээрээ хүн дүрст “зомби”-нуудаар дүүрэх нь.

Хар тамхины хараат болсон хүн ямар байдаг талаар Сэтгэцийн эмгэг судлалын Үндэсний төвийн Донтолтын тасгийн сэтгэл засалч, эмч О.Буянхишиг “Донтсон гэдгээ мэдэхгүй яваа хүмүүс нийгэмд их байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан сэтгэцэд олон шинж тэмдэг үзүүлдэг. Уураг тархинаас авахуулаад бүх дотоод эрхтнийг гэмтээдэг. Өөрт нь төгсгөлийн шатанд орсон хойноо л мэдэгддэг. Харин гэр бүлийн гишүүд, бусад хүмүүст илт мэдэгдэнэ. Учир нь, биеэ авч яваа байдал, зан төрх, сонирхол өөрчлөгдөөд ирдэг. Энэ юу харуулж байна вэ гэхээр дотор талд нь эдгэшгүй гэмтэл явагдаж байна. Нөгөө талаас ухамсраа захирч чадахгүй юу хэлж байгаагаа мэдэхгүй больдог. Энэ бодисыг хэрэглэснээр тархины хэдэн мянган эд эсүүд нэг дор үхдэг. Олон давтамжтай хэрэглэвэл мэдрэлийн эсүүдийн тоо цөөрч орон зайн баримжаа хяналтгүй болдог аюултай” гэсэн юм.

СЭМҮТ–ийн ахлах мэргэжилтэн К.Елена “Хүний тархинд донтох эмгэг үүссэн тохиолдолд буцалтгүй өөрчлөлтүүд бий болдог. Тэр хүн бухимдах таагүй байдалд орсон үед бэлэн хадгалсан файл шиг  мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг хэрэглэх хүсэл шууд төрдөг. Донтох эмгэгийн үед сэтгэцийн хараат байдал эхлээд үүсдэг. Дараа нь хэрэглэж байгаа мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис хэрэглэгчийн бодисын солилцоонд байнга нөлөөлсний дараа биеийн хараат байдал үүсдэг. ДЭМБ-аас тодорхойлсноор нэг донтох эмгэгтэй хүнийг эмчлэх нь  уушгины хатгалгаа оноштой 60 хүнийг эмчлэх хэмжээний  ур чадвар, хүчин чармайлт, мэдлэг зарцуулдаг гэсэн байдаг. Тэгэхээр эмчилгээ удаан хугацаатай, үйлчлүүлэгч болон гэр бүл, эмчээс их тэвчээр шаардана. Эдгэрдэг гэж хэлж чадахгүй ч насан туршдаа сайжирлын байдалтай байх боломжтой. Сайжирсны дараа мансууруулах бодисыг дахин бага хэмжээгээр хэрэглэхэд эргээд л анхныхаа хэвэнд оччихдог” гэсэн юм. Гэвч сэтгэцэд нөлөөт бодисонд донтсон хүмүүсийг эмчлэх нь дэлхийн хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байна.

Дэлхий нийтээр донтох эмгэгтэй хүмүүст хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Бүрэн эдгэрэхгүй, насан туршид нь бүх зүйлээс хараат болгодог энэ аюулыг нийгмээрээ жигших хандлага суулгаж, үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж буйд анхаарахаас эхлээд зөв хайр, халуун дулаан уур амьсгалаар мансууралд хөтлөгдөхөөс үр хүүхдээ аварч чадна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.