Прокуроруудын булай

Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.БАТБОЛД, мөн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан, одоо Улсын ерөнхий прокурорт  ажиллаж байгаа Ж.САНДАГСҮРЭН, нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор байсан П.ХАЛИУН , ерөнхий прокурор асан Д.ДОРЛИГЖАВ, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.ТАМИР, Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ, прокурор асан Ё.САГСАЙ нарын гээд прокуроруудтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон гэх дурьдаад байвал барагдахааргүй урт жагсаалт бий болжээ

 

Луйвар, авлига, хээл хахууль, залилан, хар тамхи, албан тушаалын гэх мэт гэмт хэргийн үнэн худлыг дэнсэлж, нийгэмд шударга үнэнийг тогтоох ёстой шүүгч, прокурорууд өөрсдөө бүх төрлийн гэмт хэрэгт холбогдож, үүнийгээ ч юман чинээнд тоохоо байгаад уджээ. Энэ удаад төр хэмээн ард түмний итгэж, сүсэглэдэг прокурорын байгууллагын “болдоггүй алба хаагчид” буюу өөрийнхөө нэр төрөөс гадна прокурорын байгууллагын үнэ цэнийг шавартай хутгаж буй прокуроруудын заримыг танилцуулъя. 

Г.БУЯНДОРЖИЙН ИЛЧИЛСЭН ПРОКУРОРУУДЫН АСУУДАЛ ХЭРХЭХ БОЛ

Өнгөрч буй долоо хоногийн нэгэн дуулиан бол “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж өөрөөс нь 100 мянган ам.доллар нэхэж, есөн жилийн хугацаанд 409 хоног хорьж, 16 удаа шүүж, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн хууль хяналтын байгууллагын 22 хүний талаарх гомдлоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгсөн явдал байлаа. 
Тэрбээр Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, мөн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан, одоо Улсын ерөнхий прокурорт  ажиллаж байгаа Ж.Сандагсүрэн, нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор байсан П.Халиун нарын нэрийг дурдсан юм. 

Тодруулбал, “Би 1996 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байна. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокурорын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. НПГ-ын хяналтын прокуророор ажиллаж байсан П.Халиун, прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нар надаас 100 мянган ам.доллар нэхэж, хэргийг тань ашигтайгаар шийдэж өгнө гэж тулгасан.  Мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Гэтэл намайг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар таван удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж байна” гэсэн билээ. Тэгвэл бусдыг дарамталж, их хэмжээний ам.доллар нэхсэн хэмээгдээд байгаа прокурорууд хэн бэ. 

ТАВАН КОМПАНИАС ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ Ц.БАТБОЛД ГЭЖ ХЭН БЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цоодолын Батболд нь 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн боловсролтой. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, НПГ-ын хяналтын прокурор, УЕПГ-ын хяналтын прокурор, Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга, Нийслэлийн прокурорын орлогч, Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний жилийн орлого 36.2 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 34 сая төгрөг гэнэ. Түүнчлэн 210 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий, Lexus, RX 350, Тоёота, Land Cruiser 200 маркийн автомашинтай, 17 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 17.8 сая төгрөгийн хадгаламжтай аж. “БТМГ” ХХК-ийг 100 хувь, “Сиавард” ХХК-ийн 33 хувь, “Городок-Оч” ХХК-ийн 50 хувь, “Эрдэнэтолгой” төв ХК зургаан хувь, “Эрдэнэтолгой төв” ХК-ийн 5.49 хувийг эзэмшдэг гэнэ.  

С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР БАРИМТ ДЭЛГЭГЧ Ж.САНДАГСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаа Жамсранжавын Сандагсүрэн нь НПГ-ын орлогч прокуророор ажиллаж байсан. Тэрбээр 2017 онд МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга байхдаа оролцож, дуулиан дэгдээж байжээ. Тодруулбал, тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож, олон нийтэд мэдээлж байв. Мөн тэрбээр 60 тэрбумын гэгдэх хэрэгт авлигын хэрэг байхгүй гэх дүгнэлт гаргаж, тогтоол үйлдсэн байдаг. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв, ахлах прокурор, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нар 2017 оны есдүгээр сарын 4-нд 25 дугаар тогтоол гаргасан. Тогтоолд гэрч Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд хэргийг хаах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд жилийн орлого 36.1 сая төгрөг, 161 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, тээврийн хэрэгсэлгүй, 10 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, нэг сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 4.3 сая төгрөгийн хадгаламжтай, 110 сая төгрөгийн зээлтэй нэгэн аж. 

ГОМДОЛ ГАРГАНГУУТ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГСӨН Б.ХАЛИУН ГЭГЧ ХЭН БЭ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржоос Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан гэдгийг тодорхой зарласан. Тухайн үед хэрэг нь шалгагдаж байсан учраас Г.Буяндорж прокурорын санал болгосон мөнгийг өгөхөөр тохиролцож, өмгөөлөгч эхнэртэй нь гэрээ байгуулж байсан гэдэг. Ингэхдээ 10 мянган ам. долларыг урьдчилгаа болгож өгөөд 90 мянган ам.долларыг хэрэг ашигтай шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн байдаг аж. Эх сурвалжууд тухайн үед Г.Буяндорж тэргүүтэй хүмүүсийн гомдол хууль, хяналтын байгууллагад очсон даруйд түүнийг ажлаа өгөх хүсэлтээ өөрөө өгөөд явсан хэмээн онцолж буй. Харин УЕП-ын газраас Г.Буяндоржийн мэдээлэлтэй холбоотойгоор П.Халиуныг 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болохыг мэдэгдээд байгаа юм.

ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ БУСДЫГ ДАРАМТАЛЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг 2018 оны арванхоёрдугаар сард Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Учир нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд телевизийн ярилцлагад орох үеэрээ  “Тухайн үед их хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдын суудлаас буух үедээ гаргасан баримт. Тухайн үед сөрөг хүчин байсан С.Бямбацогт над дээр ирээд үнэн юм уу, баримтуудаа надад өгчих гээд аваад явсан. Тэгээд л алга болсон. Мөн л тухайн үед МАН-ын генсек ирээд үүнтэй тэмцэнэ, жагсана гээд л байсан. Бас л алга болсон” хэмээн ярьсан юм.
Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Д.Дорлигжавын гэрийг битүүмжлэн прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, маргааш өглөө нь түүнийг төрсөн дүү Д.Баатарын хамтаар цагдан хорих тухай шүүхийн захирамж гарсан байдаг. Ингээд Д.Дорлигжав, Д.Баатар нар нэг сарын хугацаанд хоригдсоны эцэст батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар тэдний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Жил орчмын хугацаанд шалгагдаж буй энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шинээр нотлох баримтууд гарч ирж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” компанийн дансаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын авлига авч, түүнийг үл хөдлөх хөрөнгө хэлбэрт шилжүүлсэн болох нь тогтоогдсон бололтой. Түүнчлэн өгч, авалцсан авлигын хэмжээ дөрвөн сая ам.доллараар тогтохгүй гэх ба 10 сая ам.долларын асуудал яригдаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Энэ талаар Т.Ганболд “Энэ чинь дээрэм. Албан тушаалаараа сүрдүүлж авсан дээрэм байхгүй юу. Би өөрсдийнх нь төсөөлж, бодож, төлөвлөж авах гэж байсан зүйлийг нь авсан болохоор намайг такс төл гэсэн зарчмаар явсан” хэмээн дээрх мэдэгдлээ бататгаж байлаа.  

ХИЛЭЭР ХАР ТАМХИ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРЭХЭЭС ГАДНА АВЛИГА АВСАН НЬ ТОГТООГДСОН ПРОКУРОР

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад дамлан худалдсан гэх хэргээр удаа дараа хууль, хяналтын байгууллагынханд баригдаж, хэд хэдэн удаа хэргээ хаалгасан ч хорт зуршлаа хаяж чадахгүй машиндаа мансуурч байхдаа үйлдэл дээрээ баригдаж, улмаар таван жилийн ял сонссон Х.Тамир прокурорын хэргийг олон нийт мартаагүй биз ээ. Хэргийг эргэн сануулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи, авлигын хэргийг хэлэлцэн шийдвэрлэж байлаа. 
Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутгасан. Дээрх хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Говьсүмбэр аймагт саатуулах үед прокурор Х.Тамирын машины тээшнээс олон хавтаст хэрэг гарсан нь хахуулийн хэргийн нотлох баримт болсон билээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Тамирыг хахууль авсан буруутайд тооцож, таван жил нээлттэй хорих ангид, Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутай гэж мөн хугацаагаар хаалттай дэглэмд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих ял ногдуулсан. 

САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВЧ, ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХЫГ ЗАВДСАН ПРОКУРОР

Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ 2009 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас нэг сая төгрөгийн хахууль авсан эрүүгийн хэрэг гарч байв. Тодруулбал, Ш.Болд-Эрдэнэ нь Ерөө сумын иргэн Р.Батбаярын бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт хяналт тавьж байхдаа нэг сая төгрөгийн хахууль авч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс үүнийг илрүүлэн шалгаж, тогтоосон юм. Шүүх хэргийг хэлэлцээд Ш.Болд-Эрдэнэд 10 сая төгрөгийн торгуулийн ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч байлаа. Харин хахууль өгсөн иргэн Р.Батбаярыг бусдын биед хүнд гэмтэл учруулсан, хулгай хийсэн, хахууль өгсөн гурван хэрэгт нь чанга дэглэмтэй хорих ангид 6.1 жил хорих ял оноож байлаа. Тэрбээр Ш.Болд-Эрдэнэ прокурорт хахууль өгөн бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгуулж байхдаа хулгайн хэрэгт бас холбогдсон байдаг. 
Энэ мэтээр прокуроруудын хууль бус үйлдэл, авлига, хээл хахуулийн хэргүүдийг дурдаад байвал нэлээд урт жагсаалт гарна. Эцэст нь, өнгөрсөн оны гуравдугаар сард МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяаны нэгэн мэдээллийг дурдъя. Тэрбээр “Ё.Сагсай улсын ерөнхий прокурорын орлогч хийдэг. Ё.Сагсай прокурор ажлын байрандаа нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байхад нь хэдэн залуус гаднаас дайрч орж ирсэн байгаа юм. Ингээд тус залуус “Та энэ эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн. Үнэн үү. Би бол шударга цагдаа” гэж Ё.Сагсай прокуророос асуухад “Тийм. Үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гарахын төлөө бүх зүйлийг хийхийн төлөө ажиллана” гэж хэлсэн байгаа юм. Бид таван минутын бичлэгээс хүмүүст үзүүлэх боломжтой, арай ёс зүйтэй, ойлголт өгч болохыг нь олон нийтэд үзүүлж байна. Уг бичлэгээс эмэгтэйн дүрсийг хассан. Энэ бичлэгээс харахад бичлэг хийсэн залуус Ё.Сагсайг сүрдүүлж байгаад хэн нэгнийг суллуулсан. Тэгэхээд тэдгээр залуус болон хоригдож байгаад гарсан хүн хэрэгт орж мэднэ. Гэхдээ хуулийнхан ёс бус үйлдэл хийдэг, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, хэн нэгний захиалгаар хүмүүсийг суллаж эсвэл хорьдог байж болохгүй. Барьцаанд оронгуутаа хэн нэгэнд хэрэг үүрүүлж эсвэл суллаж байна” хэмээн мэдээлж, Ё.Сагсай прокурорын нэгэн эмэгтэйтэй хагас нүцгэн, согтуу сууж байгаа бичлэгийг олонд нийтэд цацаж байлаа. 

Сэтгэгдэл: (7)
Таны IP: (3.236.52.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.9.46.68) 2020-02-14 13:32:54
НИИСЛЭЛИИН ОРЛОГЧ ПРОКУРОР Ж.САНДАГСҮРЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИИН ПРОКУРОРООР 2015 ОНД АЖИЛЛАЖ БАЙХДАА ХҮН АМИНЫ ОНЦ НОЦТОЙ ХЭРГИИГ НУУН ДАРАГДУУЛЖ ,СЭЖИГТЭН ЯЛЛАГДАГЧ НАРТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, АЛЛАГА БОЛСОН ГАЗРЫГ,БИТҮҮМЖИЛСЭН БАЙХ ҮЕД НЬ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИИН ПРОКУРОР ГАНЧАНГА,МӨРДӨН БАЙЧААГЧ ГАНХҮҮ НАР АЛУУРЧДАД УЛ МӨРӨӨ БАЛЛАН ЗАСВАР ХИИХ БОЛОМЖИИГ ОЛГОН,ХАА ХОЛ БАЙДАГ ТАЛИИГЧ ДҮҮГИИН МИНЬ АЖИЛЫН ӨРӨӨ РҮҮ НЬ ДАЙРАН ОРЖ СЕЙФЭНД БАЙСАН МАШ ИХ ХЭМЖЭЭНИИ МӨНГӨ ТӨГРӨГИИГ НЬ ДЭЭРЭМДЭН АВСАН..ДҮҮ МИНЬ ХООЛОЙГОО 3 Н УДАА ХЭРЧҮҮЛЖ,АРШИЛЭН ХҮЗҮҮНИИАРЬС НЬ 4СМ Л ҮЛДСЭН БА ,АНГИИН ХУТГААР ХЭВЛИИДЭЭ ДЭЭРСЭЭ ДООШОО 21 СМ ,ДООРООСОО ДЭЭШЭЭ ЧИГЛЭЛТЭЙ 19 СМ ХУТГАЛУУЛЖ,ХАМАР НЬ ЦӨМӨРЧ ,ЭРҮҮ НЬ ГҮН ЗҮСЭЛТТЭЙГЭЭР ОЛОН ГЭРЧИИН ДУНД АЛУУЛСАН,НАДАД ЭНЭ ХЭРГИИН БАРИМТ НОТОЛГОО ХАНГАЛТТАЙ БНАА.ЖСАНДАГСҮРЭН НИИСЛЭЛД ИРЭД ТОДОРХОЙ НЭР БҮХИИ ПРОКУРОРУУДАД ҮҮРЭГДЭН ОЛОН УДАА ХААСАН УЛСЫН ПРОКУРОРД ИРЭЭД МӨН НӨЛӨӨЛСӨӨР ЯВНА..ӨМГӨӨЛӨГЧ НЭРТЭЙ ЗҮСТЭЙ АВИЛГАЧИД ДҮҮГ МИНЬ ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХАД ДАРАМТАЛДАГ БАЙСАН САЛСАН ЭХНЭРТЭЙ НЬ НИИЛЖ СҮРДҮҮЛДЭГ БАЙСАН.ӨМГӨӨЛӨГЧ АЛТАНГАДАС АТГ Д АЖИЛЛАЖ БХДАА ДАРГАА ТАГНАЖ ЧАГНАЖ ШИИТГҮҮЛЖ ЯВСАН,ӨМГӨӨЛӨГЧ БОЛДБААТАР ТАГНУУЛЫН ЕРӨНХИИ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙСАН,ӨМГӨӨЛӨГЧ ШҮРЭНХҮҮ БАЯНЗҮРХИИН ЦАГДАА МӨРДӨН БАЙЦААГЧ ХИИЖ БАЙСАН,ӨМГӨӨЛӨГЧ ДЭЛГЭРНАСАН УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД АЖИЛЛАЖ БАЙСАН,ЭДГЭЭР ХҮМҮҮС ЭСРЭГ ТАЛЫН БАГ БҮЛЭГҮҮД..ИИМ ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ ТУЛААНД ҮНЭН ҮГ ҮЗЭГНЭЭС ӨӨР ЗҮЙЛГҮЙ БИД ҮНЭНД ИТГЭЖ НАЙДСААР ЯВНА.ЭРҮҮГИИН 2015250000015 ДУГААРТАЙ ХЭРЭГ 10 ДАХИА НЭЭГДЭН СЭРГЭЭГДЭН АЖИЛЛАЖ БГАА БОЛОВ НӨЛӨӨЛД АШИГ СОНИРХОЛД ОРСОН ХУУЛЬ.ХҮЧНИИХЭНТЭЙ ХЭЛ АМАА ОЛОЛЦОХ МАШ ХЭЦҮҮ БАЙДАГ.5 Н ЖИЛ 3 САР БОЛЖ БНА..ДЭЛГЭРНАСАНГИИН ХҮРГЭН ОДОО НИИСЛЭЛИИН ПРОКУРОРЫН ОРЛОГЧ БОЛСОН ТУЛ БАЙДАЛ УЛАМ.БҮР ЭЭДРЭЭТЭЙ Л БНА..ЭРҮҮГИИН ХЭРГИИН ШҮҮХ ХУРЛЫГ БАЙГАА БҮХИИЛ НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХИИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ БНА..БИДНИИГ ДЭМЖИН ШҮҮХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛЖ ӨГНҮҮ..
0 1 Хариулах
(66.181.187.185) 2020-02-14 13:32:54
Буудаач
зочин (108.61.213.115) 2020-02-14 13:01:25
дорлигжавын хэрэг яасан бэ яасан бэ
зочин (108.61.213.115) 2020-02-14 13:01:24
дорлигжавын хэрэг яасан бэ яасан бэ
Рад (66.181.161.59) 2020-02-10 15:44:35
Халиун гэдэг прокурор нь аль 2015 онд ажлаа өгсөн гээд байхад шал худлаа юм бичих юм тэнэг новшнууд
1 1 Хариулах
Zochin (73.50.191.49) 2020-02-10 15:44:35
Ajilaa uguh yamar hamaa bna. Hereg huleelgeh l heregtei. Esbel shantaaj hiij absan munguu abaad arilsan u? Tangarag urguchihuud iim baihdaa tahab de
Зоёин (117.111.24.194) 2020-02-08 08:51:50
Дорлигжавын хэрэг яасан бэ?