Импичмент тооцуулах аюулаас мултарсан Трампын сонгуулийн цаашдын хувь заяа

2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй цуврал анализ нийтлэлээс та бүхэнд толилуулж байна.

Конгресс дахь БНН-ынхаа олонхийн хүчинд импичментийн аюулаас мултарсан ч Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчийн 11 сард болох сонгуульд дахин ялалт байгуулах нь ихээхэн бэрхшээлтэй зүйл юм. Ядаж байхад АН доторх ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаа энэ жил их дуулиантай, олон нэр дэвшигчтэйгээр явагдаж олон нийтийн хамаг анхаарал тийшээ татагдчихаад байгаа юм.

Хэдий тийм боловч Трампыг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох найдвар байна. Улиран сонгогдохоор хичээж сөрөг намын дотоод сунгаа ид явж байх энэ цаг үед буюу 2020 оны 2 сарын эхний судалгаануудаар Трампын рейтинг 49% байгаа нь сүүлийн гурван ерөнхийлөгч болох Б.Обама, Ж.Буш, Б.Клинтон нарынхтай харьцуулахад дунджаас өндөр байгаа юм. Олон нийтийн санаа бодлын Гэллап хүрээлэнгийн судалгаагаар 1996 оны 2 сард Б.Клинтоны рейтинг 42%, 2004 оны 2 сард Ж.Бушийн рейтинг  49 , Б.Обамагийн рейтинг 2012 оны 2 сард 47 хувь байсан юм.

“Хөвөгч мужууд”-ыг татах Трампын стратеги

Тэрээр сонгуульд ялахын тулд юуны өмнө Пенсильвани, Мичиган зэрэг 2018 оны Конгрессийн завсрын сонгуульд АН-ынхан ялалт байгуулсан “Хөвөгч мужууд”-ын сонгогчдыг өөртөө татах хэрэгтэй. Мөн Нью Хэмпшир, Миннесота зэрэг аядуу байр суурьтай сонгогчид бүхий мужийн сонгогчдоор дэмжигчдээ өргөжүүлэх ёстой гэж зөвлөхүүд нь үзэж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бусад улсаас ялгарах гол онцлог бол нэр дэвшигчдийн ялалт байгуулах боломжтой муж улсууд урьдаас тодорхой байдаг явдал юм. Тухайлбал Техас, Индиана, Миссиппи, Алабама, Өмнөд Каролина зэрэг Өмнөдийнхөн давамгайлсан 20 мужид БНН-ынхан ямагт ялалт байгуулж ирсэн бөгөөд эдгээрийг “Улаан мужууд” гэж нэрлэдэг бол Калифорни, Нью Йорк, Иллинойс, Массачусетс, Минесота, Вермонт зэрэг 14 мужид АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсаар ирсэн тул “Хөх муж” гэж нэрлэдэг байна.

Харин ерөнхийлөгчийн сонгуулиудад зарим жил БНН-д, зарим жилд АН-д саналаа өгч ирсэн, аль нэг намыг тогтвортой дэмждэггүй хөвөгч сонгогч ихтэй Аризона, Охойя, Колорадо, Флорида, Мичиган, Миннесота, Невада, Нью Хэмпшир, Хойд Каролина зэрэг 16 мужийг “Хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг бөгөөд чухамхүү эдгээр мужид хоёр намын нэр дэвшигчийн аль олонх санал авсан нь ерөнхийлөгчөөр сонгогдож ирсэн байдаг. Тийм учраас жил жилийн сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн гол сурталчилгаа, тэмцэл эдгээр мужийн сонгогчид руу чиглэдэг, энэ мужуудыг “Тулалдааны талбар” гэж бас нэрлэдэг.

Тэгвэл 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп хоёр дахь удаагаа ялалт байгуулахын тулд “Хөвөгч мужууд”-ыг татахын тулд зөвлөхүүд нь хамаг байдгаа шавхаж байгаа юм.

Мексик болон Канадтай хийсэн худалдааны гэрээнүүд болон төрийн албан хаагч эцэг эхчүүдэд олгох цалинтай чөлөөний хууль нь хөвөгчдийг татахад нөлөөлнө гэж зөвлөхүүд нь тооцоолж байгаа юм.
Мөн Трампын олны дундах дэмжлэг авч буй гол зүйл бол АНУ-ын эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж буй явдал юм. Доорх бүдүүвчид Трампын тангаргаа өргөснөөс хойшхи хугацаанд бий болгосон бүтэн цагийн болон хагас цагийн ажлын байрны тоог харуулав.

Трамп ерөнхийлөгч болсноосоо хойшхи гурван жилийн дотор нийтдээ 4 сая гаруй ажлын байр бий болгосон. Үүнийг задлан харвал 3.386 сая бүтэн цагийн ажлын байр, 491,000 хагас цагийн ажлын байрыг бий болгож чадсан байна. Энэ нь Обамаг ерөнхийлөгч байх үеийнхээс ажлын байрыг 3.1 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг юм.

Трампын сурталчилгааны сувгууд

Трампын багаас сонгогчдыг татах акцуудыг сурталчлах, эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа тухай зар сурталчилгаанд ихээхэн мөнгө зарж байгаа юм. Тухайлбал, 2019 оны сүүлийн гурван сард гэхэд л 6 сая долларыг зар сурталчилгаанд зарцуулсан байна.

Хар арьст сонгогчид, хотын захын иргэд болон өндөр орлоготой цагаан арьст сонгогчдыг татахын тулд гэмт хэрэгтэнд шударга шийтгэл оногдуулах талаарх шүүхийн шинэчлэлийн талаарх сурталчилгааг үндэсний хөл бөмбөгийн шувтаргын тоглолтын дундуур гаргаж байв. Мөн энэхүү сурталчилгааг Bravo and Lifetime зэрэг цэнгээнт хөтөлбөр ихтэй, эмэгтэйчүүд их үздэг телевизүүдээр явуулж байгаа юм.

Хэдий тийм боловч Трампын улс төрийн бодлого болон олон нийтэд түгээж буй мессежүүд ихэд зөрчилтэй байсаар. Түүний сонгуулийн кампани аль ч намыг хатуу дэмждэггүй хөвөгч сонгогчид руу чиглэдэг гэх боловч түүний Фейсбүүкийн сурталчилгаа нь “АНУ-ын дайснууд, халдлага, цагаачдын аюул” гэх мэт экстремист өнгө аястай хэвээр байна.

АН-аас хэн өрсөлдвөл Трампт эрсдэл авчрах вэ?

Дональд Трампын сонгогчдыг татах гэсэн тактик ийм байгаа ч чухамдаа түүний сонгуулийн стратегийг тодорхойлох гол зүйл бол АН-аас нэр дэвших өрсөлдөгч юм. Трамптай өрсөлдөх АН-ын нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаа түүхэнд байгаагүй олон өрсөлдөгчтэй бас дуулиантай болж байгааг дурьдах нь зүйтэй. Сунгаа эхэлж байх үед 28 нэр дэвшигч өрсөлдөж байсан боловч рейтинг багатай нөхдүүд замын дундаас гарсаар 2 сарын 10-ны буюу өнөөдрийн байдлаар 11 хүн үлдээд байна.

Эд нар дотроос АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, 77 настай Жо Байден хамгийн олон дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа бол түүний араас 2016 оны сонгуульд Хиллари Клинтонтой АН-аас өрсөлдөж ялагдаж байсан сенатч Берни Сандерс, Харвард, Пенсильванийн их сургуулиудад багшилж байсан профессор 70 настай Элизабет Воррен явж байна. 1 сарын сүүлч, 2 сарын эхний 7 хоногийн судалгааны дүнгээр  энэ гурвын араас Нью Үорк хотын захирагч, тэрбумтан Майкл Блумберг, нэр дэвшигчдийн хамгийн залуу нь болох ижил хүйстэн, Индиана мужийн нэгэн жижиг хотын захирагч 37 настай Пит  Бутижеж нар орж байгаа юм.

Тэгвэл АН-ын эдгээр нэр дэвшигчдээс хэн нь Трамптай өрсөлдөх бол, хэн нь өрсөлдвөл Трампт эрсдэл авчрах бол?

Wall Street Journal  болон NBC News ТВ-ийн судалгааны дүнг доорх бүдүүвчээр харууллаа. Жо Баден АН-аас нэр дэвших тохиолдолд Трампын ялах магадлал буурахаар байгаа юм.

Дээрх бүдүүвчнээс харахад хэрэв Жо Байден, Дональд Трамп хоёр нэр дэвшихээр бол Байденг сонгоно гэж судалгаанд оролцогчдын 49%, Трампыг сонгоно гэж 44 хувь нь хариулжээ. Мөн Берни Сандерс, Дональд Трамп хоёр нэр дэвшихээр бол Сандерсыг  сонгоно гэж судалгаанд оролцогчдын 49%, Трампыг сонгоно гэж 46 хувь нь хариулжээ.

Үүнээс харахад Трампын хувьд одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Жо Байден байгаа юм. Гэхдээ 11 сарын 3 болтол дахин есөн сарын хугацаа байгаа тул сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц олон хүчин зүйл гарах нь ойлгомжтой.

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.11.192.34) 2020-02-11 12:07:51
Обама бол дэмий л олон нийтийг хөөргөөд, хар арьст анхны ерөнхийлөгч гээд байснаас өөр нааштай дорвитой эдийн засгийн дэвшил авчраагүй. Тэгээд хүмүүсийн урам хугарсан үед Трамп гарч ирсэн нь их зөв шийдэл болсон юм шиг. Бас эдийн засгийн таатай үе, мөчлөг таараад
Зочин (202.9.46.245) 2020-02-10 13:50:11
Жон Байден Трампын хаана ч хүрэхгүй