Ж.Батзандан дахиад л хэрэгт орооцолдов

Ж.Батзандангийн яриа ноцтой. Генерал Б.Хурцын үйлдэл бүр ч ноцтой

Тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс БНХАУ-ын 800 иргэн Монгол Улсад цахим мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлыг илрүүлэхэд тэрбээр нэр холбогдож байлаа. Учир нь, тэдгээр иргэдийн дийлэнх нь Хонгконг, Хөх хотоор дамжин Монгол Улсад аяллын визээр орж ирсэн нь Консулаар ажилладаг Ж.Батзандангийн ахыг хардахад хүргэж байсан юм. Хэдийгээр Ж.Батзандан гишүүн уг асуудлаар тоймтой тайлбар өгөөгүй ч Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Шударга Ж.Батзандан маань ах Ж.Баатарчулууныгаа Хөх хотын дэд консулаар томилуулсан. Ж.Баатарчулуун гэж хэл мэдэхгүй, компьютер дээр ажиллаж мэдэхгүй нэг нөхөр ирсэн. Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байхдаа Замын-Үүдээс Монгол руу будаа нууцаар ачиж ордог байсан. Буцаж Монголоос Эрээн рүү гарахдаа мах ачиж ордог. “Махны” Баатарчулуун гээд алдартай нөхөр” хэмээн ярьсан Ж.Батзандан гишүүнийг чиглэсэн хардлагыг улам лавшруулсан удаатай.

Харин энэ удаад түүний орооцолдсон асуудал нь мөн л хятадуудтай холбогдов. Уул уурхай тойрсон сэжмээр холбогдсон түүний яриа бүхий утасны бичлэг олон нийтэд ил болсон ШИНЭ намыг үүсгэн байгуулаад удаагүй байгаа Ж.Батзанданг яагаад хятадуудтай сүлбэлдэх болов гэсэн эргэлзээг хэдийнэ төрүүлж эхлээд байна.

Учир нь, “Солонгос рестораны вип өрөөнд орчихсон. Газрын тосны газрын дарга ирнэ. 4-5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан нь дээр байх....”, “...Зочид хүрээд ирсэн та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Түүнээс өмнө Энхбат, та нар уулзалтаа хий. Дараа нь Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нартай юу ярих вэ гэдэгт зөвлөөрэй” хэмээн бичлэгт үлдсэн түүний яриа энэ өдрүүдийн гол шуугианы сэдэв болж байна.

Сонирхолтой нь, өөрийнх яриа ил болсонтой холбогдуулж Ж.Батзандан гишүүн “Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ. ШИНЭ намын дэд дарга руу яриад намаасаа гарахгүй бол Б.Хурц генерал бүгдийг нь чагнасан, удахгүй бүх бичлэгийг задална гэж ярьж байна билээ” хэмээх тайлбарыг өгсөн нь хэд хэдэн асуулт дагуулж байна.

Эхнийх нь Ж.Батзандан гишүүн яагаад хятадуудтай уулзав. Тэрхүү уулзалтад нь Уул уурхайн сайд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга тэргүүтэй албан тушаалтнууд ямар шалтгаанаар оролцов. УИХ-ын гишүүн, салбарын сайд, агентлагийн дарга тэргүүтэй албан тушаалтнууд хятадуудтай хөшигний ард ямар тохироо хийв гэдэг нь өөрөө асуулт. Хоёрдугаарт, О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн Ж.Батзандан нарын 16 цагийн ярианы бичлэгт юу үлдэв. Хятадын хөрөнгө оруулагчидтай холбоотой гишүүн Ж.Батзандантай ямар сэмжээр холбогдов, тэгэхдээ бүр нууцын зэрэглэлд уулзалт болов гэдэг нь өөрөө ноцтой асуудал.

Нөгөөтэйгүүр, Ж.Батзандан нарын хятадуудтай уул уурхай, ашигт малтмалтай холбоотой сэдвээр уулзсаныг нь баталгаажуулсан 16 цагийн бичлэг байгаа, тэрийг нь тагнаж чагнах процессыг генерал Б.Хурц зохион байгуулсан нь үнэн бол бүр ч ноцтой асуудал дэгдэх нь дамжиггүй. Учир нь, прокурорын зөвшөөрөлгүйгээр жирийн иргэн, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудад гүйцэтгэх ажиллагаа явуулах, тагнаж, чагнах нь хуулиар хориотой. Тэгээд ч генерал Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын даргын албан тушаалаа хэдийнэ өгсөн нэгэн. Хэн нэгнийг тагнаж, чагнах боломжгүй, хуулиар боломжгүй гэсэн үг. Хэрвээ өмнө нь ажиллаж байсан албаныхаа эрх үүргийг ашиглаж бусдыг тагнаж чагнасан бол генерал Б.Хурцад эргээд хуулийн хариуцлага яригдаж таарна. Ямартай ч, гишүүн Ж.Батзандан, генерал Б.Хурцтай холбоотой шуугианы учгийн үнэн мөн нь тодорхой болох эсэх нь цаг хугацааны асуудал. Ил гарсан ганц үнэн нь гэвэл Ж.Батзандангийн яриа ноцтой. Генерал Б.Хурцын үйлдэл бүр ч ноцтой байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Bataa (66.181.161.16) 2020-02-15 13:20:53
Batzandan hudlaa gar shdee