“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Долоон жил гаруй хугацаанд шалгагдахдаа уг хэрэг хоёр удаа хэрэгсэхгүй болсон байдаг. Мөн дээрх хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хаахаас гадна өнгөрсөн жил мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь хүртэл дуусч байлаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатан хэмээн нэрлэгдээд байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэрэг шалгагдаж дуусчээ. Өнгөрсөн жил дээрх хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байсан. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дээрх хэргийг шалгаж дуусаад, өнгөрсөн нэгдүгээр сард прокурорт шилжүүлсэн байна. Улмаар Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэнэ. Удахгүй уг хэргийг шүүх хурлын тов гарах бололтой. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас зээл авсан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг 2013 оноос хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа билээ.  

Ш.БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ИЛЭРСЭН ТҮҮХ

Монголын “Саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү 2009 онд  барьцаанд тавьж, “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийг нь манай улсын төр засаг огт мэдээгүй байсан гэдэг. “Анх 2013 онд энэ асуудал олон нийтэд  ил болж, дуулиан шуугиан дэгдэж байв. Өмнөд Африкийн “Стандарт” банк манай Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн юм. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд, эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан билээ. Албан тоотод “Монгол Улсын Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандана” хэмээн “Стандарт” банкнаас мэдэгдсэн аж. Ингээд дээрх хэрэг мандаж эхэлсэн билээ. Төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Засгийн газар хуралдаж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн Ажлын хэсэг гаргасан. 
Олон нийтийн дунд “Яахаараа “Эрдэнэт” үйлдвэрийг Ш.Батхүү барьцаанд тавьчихдаг юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавих эрх мэдлийг хэн олгосон юм бэ” гээд хариулт нэхсэн олон асуулт ар араасаа урган гарч ирсэн юм. Удалгүй бүх зүйл тодорхой болж асуултын хариулт олон нийтэд ил болсон. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү МАН төр барьж байхад буюу С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2009 онд зээл авсан байдаг. Ш.Батхүү нь Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын хамгийн ойр дотнын хүн гэдгийг мэдэхгүй хүн ховор. Эндээс эхлэн Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар батламж бүхий баталгаа гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. Ш.Батхүүг “Стандарт банкнаас зээл авахад батламж гаргаж өгсөн гэгдээд байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарыг УМБГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН, ЗУРААГҮЙ”

Хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж, Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахын тулд бүрдүүлсэн материалтай нь танилцсан. Баталгаа гаргаж өгсөн гарын үсэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарынх мөн эсэхийг шинжлүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн “Гарын үсэг төстэй байна” гэхээс өөр тодорхой хариу ирүүлээгүй байдаг юм. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, олон овоотын ордын нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийсэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар “Бид гарын үсэг зураагүй. Бидний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэж хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хуурамч гарын үсэг, жинхэнэ гарын үсэг гэсэн хоёр зөрүүтэй мэдээллээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал ганцаанд орсон. Ш.Батхүү нарт холбогдох хэргийг тухайн үеийн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгасан. Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтанг хорьж байсан. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВЬСАН Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАР ҮЙЛДСЭН ХЭРГЭЭ “СЭГСЭРЧ” УСНААС ХУУРАЙ ГАРСАН НЬ

Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Монгол Улсыг онц их хэмжээний өрөнд оруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг ингэж л юу ч болоогүй мэт “замхарсан” байдаг. Өршөөлийн хууль гарсан даруйд Ш.Батхүү “Би “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн” хэмээн хэргээ хүлээчихсэн. Ш.Батхүү дээрх хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн өөрөө гол буруутан болсон шалтгаан нь Өршөөлийн хууль гарсан даруйд холбогдох хэргээ хурдан шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой байсан нь тодорхой юм. Ш.Батхүү гол буруутан болох шалтгаан нь шоронд суухгүйгээр уснаас хуурай гарах боломж нь Өршөөлийн хууль байсан аж. Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурж “Стандарт” банкнаас мөнгө зээлсэн гээд хэргээ хүлээчихсэн учир “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарт холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон түүхтэй. 

Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН үсэг МӨН ГЭДГИЙГ АРБИТРЫН ШҮҮХ ТОГТООСОН УЧИР ДАХИН ШАЛГАГДАВ

Монголын хууль хяналтын байгууллага “Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар энэ хэрэгт огт хамааралгүй. Тэд буруугүй юм байна” гэж үзээд хэргийг шийдчихсэн. Гэтэл олон улсын шинжээчид тэдний гарын үсэг мөн байна гээд баталчихсан билээ. Мөн Лондон хот дахь Арбитрын шүүх ч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахыг Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар зөвшөөрч, албан ёсны тамга дарж өөрсдийнхөө гарын үсгийг зурсан байна хэмээн үзсэн байдаг. Ингээд манай улсын Засгийн газрыг 51 сая ам.доллар өгөх шийдвэрийг гаргасан юм. Энэ талаар Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зуу гаруй сая долларын өр төлнө гэж яригдаж байсан. Энэ асуудал явсаар 51 сая ам.доллар дээр тулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, арбитрын анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газар 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудлыг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүхэд хандсан” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Лондон хот дахь олон улсын арбитрын шүүхэд манай улсын газар ялагдсан шалтгаан нь Ш.Батхүүд зээл авахад баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон явдал юм. Үүнийг үндэслэн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкинд Монгол Улсын засгийн газар 51 сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан байдаг.  
Ингээд “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатан хэмээн нэрлэгдээд байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат УБТЗ-ын дарга Т.Очирхүү  тэргүүтэй албан тушаалтнуудын хэргийг Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр дахин сэргээн шалгаж байгаа юм. Долоон жил сунжирсэн хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч, Засгийн газар тэднээс хохирлоо нөхөн төлүүлэх үү үгүй юу гэдэг нь тодорхой болно. Олон жил хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ээдрээт хэрэг энэ ондоо багтаж нэг тийшээ шийдэгдэх биз ээ. 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.236.126.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
монгол иргэн (202.55.188.87) 2020-02-15 15:55:39
зүгээр л урвагчдыг бүгдийг нь буудчихаа..
Иргэн (202.55.188.91) 2020-02-14 19:28:57
Бүх хөрөнгий хурааж 25 жил хорь новшнуудийг өрөвдөх хэрэгүй