Э.Номин: Бүжиг гоо сайханыг түгээж, залуу харагдахад тусалдаг

БНСУ-ын 14 дэх Seoul international dance competition, БНХАУ-ын Монгол бүжгийн олон улсын хоёрдугаар уралдааны мөнгөн цомын шагналт ҮУИТ-н гоцлол бүжигчин МУСТА Э.Номинг энэ удагийн "Залуусын дуу хоолой" буландаа урьж оролцууллаа.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны ажил, амьдралын сонин сайхнаас яриагаа эхэлье?

Сайн байцгаана уу. Уншигч түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ойрын үед ажлын ачаалал харьцангуй бага байна. Улс даяар карантин тавигдсан байгаа учраас тоглолтууд цуцлагдаад, манай театр ээлжийн амралтаа өгөөд одооноос л буцаж цугалж эхэлж байна.

-Таны хувьд яагаад бүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ. Бүжигтэй амьдралаа холбосон түүхээ хуваалцахгүй юу?

-Би өөрт яг тохирсон мэргэжлээ олоод хийж байна гэж боддог. Учир нь бүжигчин хүнд байх ёстой бүх өгөгдөл надад байдаг байх. Бүжигчин хүнд өгөгдлүүд байдаг л даа. Техник, бие бялдрын хувьд хуруу гар хөл урт, өндөр нуруутай, бие жац сайтай гэх мэт. Би өөрийгөө бүжигчин болох гэж төрсөн гээд итгүүлчхээд яваад байгаа /инээв/. Бүжгийн урлагт хөл тавьсан түүх минь гэвэл, хүүхэд болгон багаасаа бүжиглэдэг. Би ч гэсэн багаасаа урлагийн үзлэгт орж, шинэ жилээр цасан охин болж байсан. Бага байхдаа урлагийн сайхныг тийм ч их мэддэггүй байсан. Харин “Хөгжим бүжгийн коллеж”-д сурч байхдаа л урлагийн гайхамшгийг таньж, ойлгож, мэдэрч эхэлсэн. Дээд курсийн мундаг ах эгч нараа харж бахархана. Ангиараа очиж чуулгын тоглолт үзнэ. Манай ангид их мундаг бүжиглэдэг хүүхдүүд байсан. Ангийнхаа хүүхдүүдийг дагаад л бүжиглэж сурсан. Мөн олон сайн багш нарын минь ач тус их бий. Ардын багш, Гавьяат жүжигчин Долгорсүрэн  багшаараа анхныхаа тавилтыг заалгасан. Догоо багш дээрээ хоёр жил суралцаж байгаад үлдсэн жилүүдээ Оюун багш дээрээ суралцаж төгссөн.

-Бүжигчин хүн бүр мэргэжлийнхээ онцлог сайхныг хэлэх байх. Харин таны хувьд?

-Бүжиг гоо сайхныг түгээж, сайхан бүхнийг биеэрээ үзүүлж хүний нүдийг баясгадаг гайхамшигт урлаг. Уран зураг, уран яруу хөгжим шиг хамгийн тансаг эмэгтэй хүний сонгож болох мэргэжил бол бүжигчин юм байна даа л гэж боддог. Тухайн бүжгээсээ шалтгаалаад бүхий л мэдрэмжүүд төрнө. Сүүлд оролцсон тэмцээнд манай нөхөр хамт явсан. Тэгээд бүжгийн урлагийн сайхныг маш их биширсэн юм шиг байна лээ. Хүүхдээ бүжигчин болгоно гээд байгаа /инээв/. Өмнө нь огт тэгж ярьдаггүй байсан хүн тус тэмцээний үеэр бүжгийн урлагийн сайхныг мэдэрсэн байх.

-Ойрын үед томоохон тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ жил дөрвөн жилд нэг удаа болдог Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаан болно. Тэр уралдаанд оролцоно гэсэн бодолтой байна. Одоогоор  телевизийн бичлэг, рекламны зураг авалт зэрэг цөөн ажлууд гарч ирж байна. Бусад цагуудаа гэр бүлдээ зориулж байна даа. Яваандаа докторт сууна гэсэн бодол байна.

-Бүжгийн урлаг хүнийг залуухан үзэсгэлэнтэй харагдахад нэлээн нөлөөлдөг юм шиг. Таныг харахад тэгж санагдлаа?

-Тийм. Бүжиг ер нь хүнийг овор багатай, наснаасаа залуухан харагдахад тусалдаг. Манай ажлынхан бүгд наснаасаа залуу харагддаг. Энэ бол мэргэжлийн буян, гавьяа гэж боддог. Миний туршлагаас үзэхэд хөдөлгөөн сайн хийж, хөлсөө гаргах нь хүнийг залуухан байлгадаг. Мөн жил бүр 17, 18 настай шинэ бүжигчид сургуулиа төгсөөд хамт ажиллахаар ирдэг. Залуухан хүмүүстэй хамт ажилладаг болохоор тэдэнтэйгээ адилхан сэтгэж, адилхан ярих нь залуу байхад минь улам илүү нөлөөлдөг байх.

-Таны хувьд суралцахынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?

- Залуу нас богинохон дээр нь эмэгтэй хүн гэр бүл зохиож үр хүүхэдтэй болсон үед хүссэн хүсээгүй өөртөө зарцуулах цаг зав бага болдог юм билээ. Тийм учраас зав зайтай, цаг нартай байгаа бол сургуульд сурж, өөрийгөө хөгжүүлж, хүссэн курс дамжаандаа суралцаж амьдралыг идэвхитэй өнгөрөөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Энэ талаар хүүхэд гаргасан хойно ойлгож мэдэрдэг юм байна. Гэр бүлтэй болохоосоо өмнө би хоёр их сургуульд сурж мастераа хамгаалсан. Мөн бусад хүсэл сонирхлоо хөгжүүлэх зорилгоор чөлөөт цагаараа хэлний курс, нүүр будагчийн курс зэрэг дамжаанд явж уралдаан тэмцээнд оролцдог байсан юм. Тиймээс бодож явсан зүйлсээ өөрийнхөө хэмжээнд биелүүлсэн гэж бодож байна. Одоогоор ажлын бус цагаа 100 хувь гэр бүлдээ зориулахыг хичээж байгаа

-Хийх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ. Цагийн менежментээсээ сонирхуулахгүй юу?

- Цаг төлөвлөлт хийхэд их төвөгтэй байдаг. Гэхдээ завгүй байх тусам ажил амжаад байх шиг санагддаг.

-Та хэр мөрөөдөмтгий хүн бэ. Мөрөөдөлдөө хүрч чадсан гэж бодож байна уу?

-Мөрөөдөлгүй амьдарна гэдэг утгагүй шүү дээ. Ер нь мөрөөдөмтгий төрлийн хүн гэж боддог. Мөрөөдөхөөр биелээд байх шиг санагддаг юм. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эрмэлзэж тэмүүлэх нь амьдралыг илүү сонирхолтой амттай болгодог юм. Хэрэв мөрөөдлөө уултай зүйрлэ гэвэл бэлд нь явж байна гэж хэлнэ.

-Та бол амжилттай яваа залуу үеийн төлөөлөл. Ер нь амжилт гэж юу юм бэ. Бусдадаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн бүр амжилт гэх зүйлийг өөр өөрөөр л дүгнэх байх. Миний хувьд хүрсэн зорисондоо сэтгэл ханамж үүсгэж, өөртөө бахархах мэдрэмж гэж боддог. Хөндлөнгөөс хэн нэгний хүрсэн амжилтыг хараад дүгнэх хүн ч бий. Эсвэл энэ хүн их амжилттай гэж хүмүүс харж байхад өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байдаг хүмүүс ч байдаг шүү дээ. Тиймээс хийсэн зүйлдээ өөрөө сэтгэл хангалуун байх нь амжилт гэж боддог юм. Гэхдээ амжилтандаа хэзээ ч ханаж болохгүй.

-Амьдралын үнэ цэнийг юу гэж боддог вэ?

-Амьдралд хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл юм байна. Үр хүүхэд нь эрүүл саруул, хань ижилтэйгээ халуун дотно байж эцэг эх, ах дүү нар бүгд асуудалгүй эрүүл энх жаргалтай байхаас өөр сайхан зүйл үгүй. Ямар ч ажлын ололт амжилт гэр бүлийн аз жаргалын дэргэд өчүүхэн зүйл. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд аль болох цаг заваа гэр бүлдээ зарцуулж байгаарай гэж хэлье. Бүх хүмүүсд гэр бүлийн аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
fan (192.82.69.15) 2020-03-11 22:26:50
mongoliin hamgiin shildeg bujigchin gj boddog ulam ih amjilt az jargal husey