Б.Бурмаа: Бодибилдинг булчинг өв тэгш хөгжүүлж, галбиртай болгодог

Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн охин Б.Бурмаагийн бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн сонирхолтой түүхээс хүргэж байна.

-Бодибилдингоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-МУГТ Г.Угалзцэцэг анх “Хэвлийгээрээ инээмсэглэе” гэдэг анги нээсэн юм. Өөрөө сошиал орчинд их идэвхтэй хүн шүү дээ. Би фэн нь байлаа. Энэ спортоор хичээллэх юмсан гэж их бодож явтал энэ анги нээгдэж, ажил их байсан шууд л элссэн. Ингээд явсаар байгаад шавь нь болж улмаар 2016 оноос хойш тууштай хичээллэж байна. Явцын дунд багштэмцээнд орох санал ч тавьлаа. Ингэж л 2016 оны хавар клубуудынхаа тэмцээнд орсон доо.

-2018 онд анх тэмцээнд орж байсан санагдаж байна?

-Клубуудын тэмцээнд орсны дараа улсын аваргад орсон. Бодибилдинг ангилал ангиллаар өөр. Тухайлбал, бикини, фитнесс, атлет ангилал гэх зэргээр дотроо хуваагддаг.

Миний хувьд атлет төрөлд өрсөлдөж 2018 оны улсын аваргын хүрэл медаль авсан. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард болсон IFBB холбооны олон улсын тэмцээнд өндрийн ангилалд оролцож алтан медаль авсан.

-Таны өндөр, биеийн харьцаа хэд вэ. Бодибилдонгоор хичээллэхэд өндөр, жин хамаарах уу?

-Өндөр 173 см. Жин бол янз бүр байдаг. Ихэвчлэн 60-65 кг жинтэй тэмцээнд ордог. Энгийн үед 70 кг жинтэй байдаг. Өндөр, булчингийн хэр ялгаралтай байхаасаа хамаараад нэг ангилалд өрсөлдөнө. Сүүлийн үед эмэгтэйчүүд булчин нэмэх, галбиртай болох үүднээс хичээллэдэг болсон. Миний оролцдог ангилал нь булчингийн өв тэгш байдалтай болгодог.

-Дараагийн тэмцээний хуваарь гарсан уу?

-Өнгөрсөн оны сүүлчээр өвдөгний мэс засалд орсон учраас одоогоор тэмцээнд бэлдээгүй. Хэрэв оролцвол улсын аваргад орно. Тэмцээнд оролцож эхний байр эзэлсэн тамирчид олон улсад өрсөлдөх эрхтэй болдог.

-Танд бөхийн спортоор хичээллэх бодол төрж байгаагүй юу?

-Хүмүүс аавынхаа спортыг өвлөж авах ёстой гэж боддог. Тэдний хувьд манай аав Монгол Улсын бөхийн ноён оргилын нэг нь. Гэхдээ миний хувьд спортын хүн гэхээс илүү зүгээр аав минь юм шүү дээ. Хүмүүст аав нь ямар харагддаг надад ч ялгаагүй. Энэ утгаараа бөхөөр хичээллэнэ гэж бодож байгаагүй. Тухайн үед эмэгтэй бөхчүүд ч ховор байсан үе. Мэдэхгүй, яагаад ч юм бэ, бөх болно гэж бодож байгаагүй. 

Таны өвөө улсын заан цолтой хүн байдаг шүү дээ. Уг нь танд бөхийн ген их байна даа?

-Тийм. Хүүхэд байхад энэ тэрний хүүхэд гээд байхаар өөрийн гэсэн орон зайтай байхыг хүсдэг юм байна лээ. Тиймээс аль болох мэдээгдэхгүй байхыг боддог байсан. Сүүлд бодоход Монгол бөхийн ертөнцөд удам судраараа бахархахаар хүн байна шүү гэж бодсон. Миний аав бөхийн ноён оргилын нэг. Ээжийн аав буюу миний өвөө заан цолтой. Ээжийн ээж буюу эмээгийн том ах нь Хөвсгөл аймгийн арслан. Ингэж бодохоор ураг, төрөл садангаараа бахархдаг юм.

-Таны аав 12 жил дараалан улсын баяр наадамд түрүүлсэн. Наадмын бөхийн барилдааны өмнө та бүхэн их догдолдог байсан байх даа. Таны хувьд ямар байдаг вэ?

-Дотроо залбираад л суудаг. Том Сүхбат гарьдад унаж байхад би жаахан байсан. 1991 оны үед Францын нэвтрүүлгийнхэн ирсэн. Одоо тэр нэвтрүүлгийнх нь хуурцаг нь байдаг юм. Аавын ховор агшин энэ хуурцаганд хадгалагддаг юм. Сүүж уул дээр бэлтгэл хийж байгаа үе болон энэ жил хэн түрүүлэх вэ. Бөхийн өнгө ямар байна гээд л ярьж байгаа үе бий. Аавын том Сүхбат гарьдад өвдөг шороодож байгаа үе байдаг. Бөхчүүдийн хувцас өрөө байдаг. Тэнд ганцаараа суугаад юм бодож байгаа өөртөө дүн шинжилгээ хийгээд байж байх үед нь нэг хүү ирээд нуруун дээр нь цохиод хамт сууж байгаа мөч үлдсэн байдаг.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ. Гэр бүлийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч?

-Манай эгчийг Б.Баярмаа, дүүг Б.Сувдмаа гэдэг. Эгч аавыг заан цол хүртэж байхад нь төрсөн. Миний хувьд арслан цолтой байхад нь харин дүү аварга цолтой байхад нь мэндэлсэн. Цол дагуулж аавдаа ирсэн гэж хүмүүс ярьдаг юм. Эгч одоо Германд архитектурын чиглэлээр ажилладаг.

-Ярилцсанд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.236.52.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.9.46.6) 2020-03-12 14:19:42
Sain bna