Т.Хонгорзул: Хүн хэт их айж сандрах үед тархинаас стрессын даавар ялгарч, дархлаа мууддаг

Дасгал хөдөлгөөн нь тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг учраас тайван, өөдрөг, өөртөө итгэлтэй байхад нөлөөлдөг.

Шинэ төрлийн коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас иргэдийг тайван байж, гэрээсээ гарахгүй байх, халдвар ариутгалыг тогтмол хийхийг уриалж буй. Үүнтэй холбогдуулан клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай зарим зүйлийг тодрууллаа.

-Коронавирусний халдварын үед иргэдийг сэтгэл санаагаа хямраахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны байдлаа хямраахгүй байхад юунд анхаарах хэрэгтэй юм бэ?

-Гамшиг тохиолдох үед хүмүүсийн сэтгэл хөдлөл маш их нэмэгддэг. Улмаар сэтгэн бодох чадвар алдагддаг юм. Айдас, түгшүүрт автаж, сандар байна, уур бухимдалд автаж байна. Энэ үед харуусал, уй гашуу зэрэг мэдрэмж их давамгайлаад бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг юм. Сүүлийн үед цахим сүлжээнд хэн нэгэнд уур бахимдлаа илэрхийлэх, дайрч давшлах, доромжилж, хэн нэгнийн энэ нөхцөл байдалд буруутгаж байна. Дэлгүүрээс их хэмжээний эд зүйлс худалдан авч, машиныхаа бензинийг дүүргэж, худал мэдээлэл тарааж бодлогогүй үйлдэл гаргаж байгаа шалтгаан нь маш их сэтгэл хөдлөлтэй холбоотой. Сэтгэл хөдлөлд автаад ирэхээр дийлэнх хүмүүс бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг.

Тиймээс юун түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа авах буюу амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Энэ нь тархины хүчилтөрөгчийг нэмэгдүүлэхээс гадна айж сандрахгүй байхад тусалдаг юм. Мөн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх шардлагатай. Ингэхдээ би айж сандарч, бухимдаж байна уу, итгэл найдвараа алдаж байгаа эсэх гэм мэтээр сэтгэл хөдлөлөө таньж мэдэх хэрэгтэй. Гуравдугаарт, сэтгэл хөдлөлөө удирдах, зөвөөр илэрхийлэн гаргах нь чухал. Үүний тулд ойр дотнынхоо хэн нэгэнтэй тухайн мэдрэмжээ хуваалцах эсвэл цаасан дээр бичих хэрэгтэй. Учир нь хүн өөрийнхөө мэдрэмжийг байгаагаар нь хүлээн авч илэрхийлснээр тайвширдаг. Түүнээс биш мэдрэмжээ гаргаж байна гээд цахим сүлжээнд хэн нэгнийг буруутгах нь сөрөг үр дагаварт хүргэж байдаг.

-Сэтгэл санаа нь хямарсанд янз янзаар зөвлөгөө өгдөг. Энэ нь тухайн хүний сэтгэл санааг ойлгож байгаа хэлбэр мөн үү?

-Гамшиг эсвэл ямар нэгэн зүйл тулгамдсан үед уур бухимдлаар илэрхийлж гаргах мэдрэмж давамгайлж улмаар хэн нэгэн рүү дайрч давшлаад байдаг. Гэтэл уур бухимдал тухайн хүнд төрж байгаа гол мэдрэмж нь биш. Үүний цаана уй гашуу, гуниг гутрал гэсэн мэдрэмж бий. Тиймээс үндсэн мэдрэмжээ олж илэрхийлэх нь чухал. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нь нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдэг. Энэ үед биднийг хамгийн их дэмжих хүн нь гэр бүл. Гэр бүлийн гишүүд бие биенийхээ сэтгэл санааны байдлыг сонсож байх хэрэгтэй. Анзаараад байхад ихэнх хүн бие биедээ зөвлөгөө өгөөд байдаг. Тиймээс энэ нь тухайн хүний сэтгэл санааг сонсож байгаа хэлбэр биш.

-Сэтгэл гутралд орсон үед юу хийх хэрэгтэй вэ?

-Сэтгэл санаа хямрах, таагүй болох үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Тиймээс өөртөө итгэх итгэл найдварыг төрүүлэх нь хамгийн чухал. Хүн хэт их айж сандрах үед тархинаас стрессын даавар ялгарч улмаар дархлаа мууддаг юм. Тиймээс стрессээ гаргаж байх нь маш чухал. Сэтгэл гутралыг гаргадаг гол зүйл нь дасгал хөдөлгөөн гэж үздэг. Учир нь тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг учраас тайван, өөдрөг, өөртөө итгэлтэй байхад нөлөөлдөг юм. Фитнесс хаагдчихсан гэртээ яаж дасгал хийх юм зэргээр ярьж байна. Гэтэл энэ нь зүгээр л шалтаг. Уг нь өндөр давхарт байдаг бол шатаар дээш доош алхах, иогийн дасгал хийх зэргээр ямар нэгэн байдлаар байнгын хөдөлгөөнтэй байх нь сэтгэл тайван байлгахад тусалдаг. Мөн витамин D-ийн дутагдал нь сэтгэл санааг хямраах гол зүйл гэж үздэг учраас эмчийн заавраар витамин уух, өрөөгөө гэрэлтэй байлгах, агаарт гарах нь чухал. Хэрэв үнэхээр тайвширч чадахгүй бол витамины комплекс хэрэглэж болно.

-Хүн аливаа мэдээлэлд сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

-Тархи мэдээллийг хүлээн авахдаа харах, сонсох зэргээр мэдрэхүйн эрхтэнээр дамжуулан хүлээн авдаг. Харсан, сонссон мэдээ мэдээлэл нь тархинд шууд очиж байгаа учраас сэтгэл хөдлөл дагуулах улмаар өөрийгөө хянаж чадахаа больж бодлогогүй үйлдэл хийхэд хүргэж байна. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй байна. Мөн аль болох дэлгэцийн хэрэглээг багасгах шаардлагатай байна. Хэт их мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүй байхад нөлөөлж байна.

-Бага насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгож эхэлсэн. Гэртээ байгаа ээжүүдэд гэр бүлээ эрсдэлээс урьдчлан сэргийлэхийн тулд юуг зөвлөх вэ?

-Дээр дурдсанчлан сэтгэл санааныхаа байдлаа бусдадаа сайн хуваалцах хэрэгтэй. Сэтгэл санаагаа хуваалцаж чадахгүй болон чадаагүйн улмаас хүн маш их ганцаарддаг. Мөн ээжүүд хүүхдээ гээд өөрийгөө умартдаг учраас өөртөө анхаарал хандуулах нь чухал байдаг. Тиймээс эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэртээ ямар дадал хэвшүүлэх талаар ханьтайгаа сайн ярилцах хэрэгтэй.

-Улирлын эмгэг гэж байдаг гэсэн. Эмгэг нь хөдөлсөн эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Тодорхой хэмжээгээр удамшиж болно. Мөн орчны нөлөө хамгийн чухал гэж үздэг. Хэдий ген байсан ч хүний тархины 70 орчим хувь нь төрсний дараа хөгждөг гэж үздэг учраас орчин чухал. Учир нь гэр бүлийн харилцаанд тухайн хүний тархи хөгжиж байдаг. Энэ үед авсан сэтгэлзүйн хямрал, цочрол нь сэтгэцийн эрүүл мэндэд чухал нөлөөлдөг хүчин зүйл юм.    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.