БНХАУ-аас 105 ажилчин авч асуудлыг Эрүүл мэндийн яам эсэргүүцжээ

БНХАУ-аас 105 хятад ажилчин авчрах асуудалд Эрүүл мэндийн яам эсрэг байр суурьтай байгаа бололтой.

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, ирэх сарын 30-нийг хүртэл олон улсын нислэг, зорчигч хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Уг шийдвэрийг танилцуулах үеэр Энэ сарын 22-нд буюу маргааш БНХАУ-аас 105 хятад ажилтан Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллахаар Монголд ирнэ” гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ярьсан юм.

Тэрбээр “Нийтдээ шаардлагатай төсөл хөтөлбөр дээр  6000 гаруй гадаад ажилтан ажиллах ёстой гэсэн тооцоо бий. Үүнээс хугацаатай, гэрээтэй ажилд гаднын ажилчдыг авна. Энэ хүрээнд БНХАУ-ын 105 иргэн энэ сарын 22-д Монголд ирнэ. Хятдад байхдаа халдварын шинжилгээнд хамрагдана. Виз, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлөө хуулийн дагуу авна. Монголд ирсэн даруйд нь Төв аймгийн нутаг дэвсгэрт 14 хоног каринтилна. Энэ хугацаа дууссны дараа шинжилгээний хариуг харж байгаад ажилд нь оруулна” гэсэн байдаг.

Тэгвэл БНХАУ-аас 105 хятад ажилчин авчрах асуудалд Эрүүл мэндийн яам эсрэг байр суурьтай байгаа бололтой. Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Халдвар гарсан орнуудаас тусгай нислэгээр авчирсан иргэдээс халдвар илэрч байна. Ингэж вирус зөөвөрлөгдөн ирж байгаа нөхцөлд БНХАУ-аас хятад иргэдийг авчрах асуудалд Эрүүл мэндийн яам эсэргүүцсэн байр суурьтай байгаа" гэжээ. Өдгөө Монгол Улсад коронавирусийн халдвар хүний тоо 10-д хүрээд байгаа юм.