Сэжигтэй тохиолдлоор тусгаарлалтад орсон гурав

Тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлалтад орсон иргэдийн дунд УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ундраа нар багтжээ.

Коронавирусийн тархалттай холбогдуулж Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирсан билээ. Энэ хүрээнд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улс 231 иргэнээ хүлээн авахад МАХН-ын дарга Н.Энхбаяр багтсан байдаг. Тэрбээр энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирж, бусад иргэний хамт тусгаарлалтад ороод байгаа юм. Тэгвэл тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлалтад орсон иргэдийн дунд УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ундраа нар багтаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Тэдний хувьд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, 14 хоногийн тусгаарлалтад орсон байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байгаа есөн иргэнээс коронавирусийн халдвар илрээд байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан нийт сэжигтэй тохиолдлоос халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдэгдээд байна. Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ үндсэндээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Энэ онгоцонд ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч байсан. Өмнө нь ойрын хавьтал болох 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдээлсэн.

Бид ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотор байгаа эмнэлгүүдээ тандаж хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээ зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ өгье. Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр сайхан мэдээ өгч байгаадаа баяртай байна" гэсэн юм.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (50.68.117.98) 2020-03-22 20:22:35
2eregtei 2emegtei geed bsan