“Байр”-тай монгол уу, “цалин”-тай монгол уу!?

Сонгуулийн үйл ажиллагаа идэвхжиж, улс төрийн намуудын поп амлалтууд эхэллээ. Тэдний зүгээс сонгогчдод таалагдах хэд хэдэн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Сонгуулийн үйл ажиллагаа идэвхжиж, улс төрийн намуудын поп амлалтууд эхэллээ. Тэдний зүгээс сонгогчдод таалагдах хэд хэдэн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Тодруулбал, өчигдөр улс төрийн зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл улстөрийн томоохон нам буюу төрийн эрхийг ээлжилж барьдаг ч гэж хэлж болох МАН нийгмийн даатгал төлдөг нийт иргэдийг ирэх дөрвөн жил орон сууцанд хамруулахыг амлаж буй бол АН иргэдийн цалин гурван сая төгрөг болгох тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Харин МАХН, ИЗНН-аас иргэдийн цалин таван сая төгрөг болгоно гэсэн бол Ж.Батзандан тэргүүтэй Шинэ эвслээс иргэдийг өргүй болгохыг амлаж байна. Өөрөөр хэлбэл, манай улс 30 гаруй тэрбум ам.долларын гадаад өртэй. Уг өр ирэх оноос эхлэн төлөгдөж эхлэх бөгөөд өвчлөл гарахаас ч өмнө эдийн засагчид манай улс гадаад өрөө төлөхөд бэлэн биш гэдгийг хэдэнтээ онцолж байв. Тиймээс өрийг өрөөр дарахаас өөр боломж харагдахгүй байгаа бөгөөд хэрэв сонгууль угтсан поп амлалтууд үргэлжилбэл эдийн засаг элгээрээ хэвтэх магадлалтай гэсэн юм. Яг л энэ дүр зураг ажиглагдаад эхэллээ. Энэ байдлыг овжин ашиглаж Ж.Батзандан дараагийн “бай”-гаа монголын толгой “30 гэр бүл” рүү чиглүүлэхээр шийдсэн аж. Түүний хэлж байгаагаар монголын гадаад өрийг 30 гэр бүлээр төлүүлж, эдийн засгийг аварна гэнэ. Энэ мэтээр л иргэд сонгогчдод татгалзахын аргагүй санал тавьсаар байна.  

Улс төрийн намууд сонгогдох, олон суудал авахын тулд чихэнд чимэгтэй чамин амлалтууд өгч байгаа ч дээр дурдсанчлан ирэх оноос эдийн засаг хүнд байдалд орох төлөвтэй байгаа энэ үед биелэгдэх магадлал хэр байгааг бодох л хэрэгтэй. Тиймээс л поп амлалт гэж нэрлээд байгаа юм. Учир нь шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас манай улс ч гэлтгүй дэлхийн улс орнуудын эдийн засаг хүнд байдалд байна. Мэргэжлийн экспертүүдийн хэлж байгаагаар эдийн засаг тийм ч хурдан сэргэхгүй бөгөөд хамгийн багадаа 18 сар шаардлагатай гэсэн таамаг дэвшүүлж буй.

Тиймээс байр, цалин алийг нь сонголоо ч биелэгдэх магадлал бараг байхгүй учраас нам гэлтгүй тухайн хувь хүнийг нь харж сонгох нь чухал гэдгийг учир мэдэх хүмүүс анхааруулаад байна. Ямартай ч байртай монгол уу, цалинтай монгол уу гэдэг нь иргэдийн сонголтоос харагдах биз ээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.