О.Магнай “мөрөөдөл”-өө биелүүлж эхэллээ

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай иргэн бүрт 1.2 сая төгрөг тараахыг шаардав.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай иргэн бүрт 1.2 сая төгрөг тараахыг шаардав. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтааж олгох шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэх юм гэнэ. Түүний хэлснээр “Нэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоож, өнөөдрийн байдлаар тавдугаар сар хүртэл сунгаад байна. Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах аюулд хүрсэн. Онцгой байдал үүссэн үед Засгийн газар онцгой нөхцөлөөр ажиллах ёстой ч өнөөдрийг хүртэл бодитой бодлого танилцуулсангүй. Иймд Үндсэн хуулийн 5.4, 16 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардлагыг хүргүүлж байна. Дэлхийн бүх орон эдийн засгаа аврахын тулд иргэдээ мөнгө тарааж байна. Энэ бол онцгой байдал. Иргэн бүрт мөнгө тараах гэсэн сонгуулийн популизм биш” гэжээ.

О.Магнайгийн хэлснээр Засгийн газраас иргэн бүрт 1.2 сая төгрөг тараах боломжтой юу гэвэл үгүй. Эсрэгээрээ коронавирустэй холбогдуулж, авч байгаа арга хэмжээнээс үүдэж улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсч буйг эдийн засагчид түрүүчээсээ анхааруулах болсон. Ийм байхад бэлэн мөнгө тараах нь иргэдээ дэмжих гэхээсээ эдийн засгаа, улсаа нураах эрсдэлтэй. Нэг үгээр коронавирусээр далимдуулан бэлэн мөнгө тараах тухай ярьсан О.Магнайгийн шаардлага биелэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр О.Магнайгийн Ерөнхий сайдад хүргүүлэх шаардлагыг сонгуулийн өмнөх популизм, оноо цуглуулах гэсэн улс төр гэж харахаас өөр аргагүй юм. Цаашлаад О.Магнай гишүүний суудал “зүүдэлж” эхэлсэн нь энэ удаагийн үйлдлээс тодорхой харагдаж байх шиг. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш ямар.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.