Т.Бадрал: Тусгай үүргийн хоёр нислэг Сөүл рүү, нэг нислэг Токио руу явна

ГХЯ-аас өгсөн мэдээллээр 4805 хүн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ.

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Нөхцөл байдал амаргүй болоод байна. Гэсэн хэдий ч УОК-ын шуурхай штаб асуудалыг шийдвэрлэхээр ажиллаж байна. ГХЯ-аас өгсөн мэдээллээр 4805 хүн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ.

Дэлхийн 100 гаруй улс иргэдээ гадаад улсаас татаж авч байгаа юм билээ. Өнөөдөр Австралийн Засгийн газраас хүсэлт ирүүлж зургаан иргэнээ татаж авсан. Мөн 200 орчим Солонгос иргэнээ татан авах ажил хийгдэнэ. Манай улсын хувьд таван удаа иргэнээ татаж авсан. Энэ сарын 28-ны өглөө 06.00 цагт ОХУ-аас иргэдээ авах ажиллагаа зогсоно.

Мөн ойрын хугацаанд гурван нислэгээр иргэдээ авах шийдвэр гаргалаа. Нэгдүгээр нислэг БНСУ, хоёрдугаар нислэг Токио, гуравдугаар нислэг эргээд Сөүл рүү явна. Эдгээр нислэгээр нийт 750 гаруй иргэн ирнэ гэсэн тооцоо гаргасан. Нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлаж, долоо хоногийн хугацаанд гэртээ тусгаарлалтад орно. Энэ ажил зайлшгүй үргэлжилнэ. Дараагийн нислэгээр ирэх иргэд хамгийн багадаа 21 хоног тусгаарлагдана. Улмаар тусгаарлалтын төлбөрөө төлөх, тухайн улсдаа шинжилгээ өгсөн байх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж онгоцонд суулгахгүй бол болохгүй байна. Хоёрдугаарт, 21 хоног тусгаарлалтад байх учраас хувийн ажил төрлөө зохицуулах шаардлагатай” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.