Г.Тэмүүлэн: УИХ-ын сонгуулийг хойшлууллаа гээд Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл төвлөрнө гэсэн үг биш

Олон сонгууль явуулахгүйгээр УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай нэг дор явуулах боломж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-Ерөнхийлөгч өчигдөр иргэдэд хандаж УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ-аар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд онцгой нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаж болно гэж харж байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль, бусад холбогдох хуулиудад холбогдуулан тодорхой зохицуулалт хийсэн байдаг.

-Онцгой нөхцөл байдал гэж юуг хэлэх вэ?

-Үндсэн хуулийн 25.2 дээр онцгой нөхцөл байдал гэдгийг тодорхой заасан байдаг. Үүнд хүн амын эрүүл мэнд, байгалийн гамшгийн сөрөг нөлөөлөл зэрэг тусгагдсан байдаг. Эдгээр зүйл заалтад тулгуурлан тодорхой шийдвэр гаргаж болно. Өнөөдөр ганц манай улс биш дэлхийн 198 улсад аюулт өвчний дэгдэлт гарсан байна. нийт хагас сая гаруй иргэн халдварлаж, 40 мянга орчим иргэн анс барсан байна. Нөцөл байдал цаашид хэрхэхийг мэдэхгүй. Тиймээс нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хийж зохицуулалт хийх нь зөв.

-Зарим судлаачдын зүгээс сонгуулийг хугацаанд нь явуулах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байна?

-Нөхцөл байдлыг тааж мэдэхгүй байна. Магадгүй сарын дараа, хоёр сарын дараа ямар байхыг мэдэхгүй. Дэлхийн чиг хандлагыг харахад дэлхийн 76 оронд ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн сонгууль болох төлөвлөгөөтэй байсан. Гэвч АНглийн орон нутгийн сонгууль, АНУ ерөнхийлөгчийн болон сенатын сонгуультай. Эдгээр сонгууль хойшлуулах арга хэмжээг авч эхэлж байна. Тиймээс бид асуудлыг үнэлж дүгнэлж, нөхцөл байдалд ул суурьтай хандаж, хорио цээрийн байдлаас хамаарч шийдвэрлэх нь зөв гэж бодож байна.  

-Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол гурван сарын дараа гэхэд бүх эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт шилжинэ гэх болгоомжлол байна. Тийм зохицуулалт бий юу?

-Үндсэн хууль болон бусад хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж байгаа учраас тйим зүйл байхгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд УОК-ын эрхийг ҮАБЗ-д шилжүүлнэ. Зөвлөл УИХ-д оруулах зарим хуулийг оруулна зэрэг зохицуулалт бий. Энэ хууль 1995 онд хийгдсэн байдаг.

-УИХ-ын сонгуулийг хэдий хугацаанд хойшлуулах нь зөв бэ?

-Магадгүй өвчний гаралт цаашид нэмэгдээд байвал нөхцөл байдлыг дүгнэж УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамт хийж болох боломж байна. Хэрэв намар гэхэд өвчний дэгдэлт буурчихвал олон сонгуулийг тусад нь зохион байгуулахгүйгээр нэг дор хийх бүрэн боломжтой.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.