Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх агуулга бүхий уриалга гаргасан нь нийгмийн хамарсан томоохон цэц булаацалдах маргааны сэдэв болж эхэллээ. Анх удаагаа ингэж байгаа юм биш л дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх үеэр тэрбээр Ерөнхийлөгч засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна гэх саналыг дайж байв. Гэхдээ 1992 онд баталсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх гол багана нь парламентын засаглал гэдгийг УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон Х.Баттулга мэдэхгүйдээ ийм үйлдэл хийгээгүй юм.
Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд болсон үеэс сэдэрсэн улс төр, бизнесийн ашиг сонирхол нь өргөжин тэлсээр эцэстээ хэмжээлшгүй эрхт засаглал тогтоох чин хүслээ Ерөнхийлөгчийн байр сууриас илэрхийлэх болсон нь энэ. Уг нь эрхэлж байгаа албан тушаал, Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, ард түмэндээ өргөсөн тангаргаар Х.Баттулга бол эв нэгдлийн илэрхийлэгч. Айлаар тэр өрхийн тэргүүн. Гэвч цаг үеийн нөхцөл шаардлагад тулгуурлан ард түмнээ хагаралдуулж, талцуулдаг, парламентын засаглалаа хүчгүйдүүлдэг хамгийн бодит жишээ нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө байх болов.
Тухайн үед ШХАБ-д жинхэлсэн тохиолдолд хоёр хөршөөсөө бүр их хамааралтай, барьцаанд орох магадлал нь өндөр. НҮБ-д ОХУ-аас оруулах АНУ-ын эсрэг тогтоолд дэмжлэг хүсдэг, дэмжээгүй тохиолдолд Монгол-Оросын харилцаа, худалдаанд оросууд эл гишүүнчлэлийг нь зэвсэг болгон ашиглавал яах вэ?. АНУ-ын эсрэг Оросын талд зогсоогүйнх нь төлөө бензин шатахууны худалдааг хэдэн өдрөөр саатуулахад Монголын дотоод байдал орвонгоороо эргэнэ. Энэ тухай Монголд төсөөлсөн хүн байхгүй гэдгийг туршлагатай дипломатчид, судлаачид анхааруулж байсан юм.
Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх тухай хоёр дахиа санал гаргасан нь зүгээр ч нэг давхцал биш байв. Эсрэгээрээ уриалга нэрийн үүссэн нөхцөл байдалд дөрөөлөн дангаараа засаглах сонирхлоо гүйцэлдүүлэх явуургүй арга гэдгийг хуульчид хэлж байна. Цаашлаад Х.Баттулга Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, хэмжээлшгүй эрхтэйгээр засаглах гэж улаан цайм зүтгэдэг болсны бодит жишээ түүний уриалга гэдгийг түрүүчээсээ онцолж буй. Тэр нь ч үнэний ортой.
Учир нь, коронавирусийн цар тархалттай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын төвшинд холбогдох арга хэмжээг цаг тухай бүрт нь шуурхай авч буй. Сайн ч ажиллаж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр Засгийн газрын ажлыг “Надад төвлөрүүлэх шаардлагатай байна” хэмээн тулгах болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгыг хэрэгжүүлэх бодит шалтгаан өнөөдөр алга. Тийм шаардлага ч гарахгүй болов уу.
Тэгэхээр сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалга ердөө мөсөн уулын орой нь байсан бололтой. Харин түүгээр дамжуулан “Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх” гэх өгүүлбэр нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хуулиар олгосон бүрэн, түүгээр хүлээсэн үүргээ хараахан ухамсарлаагүйг харууллаа. Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг шиг Ерөнхийлөгчийн албан тушаалаар дамжуулан төрийн эрх мэдлийг өөртөө авахаар санаархах бүрт нь түүнийг том гэхээсээ жижигхэн сумын улстөрчийн төвшинд харагдуулж байгааг энд сануулах хэрэгтэй.