Амьдрал өөрчилсөн 10-хан хором

Гагцхүү “The Voice Mongolia” шоуны тайзан дээрх 10-хан хормоор хэмжигдсэн тэрхэн хугацаанд Д.Болд шүүгчийн гаргасан торгон мэдрэмж Г.Дөлгөөнийг хурцлаад зогсохгүй, амьдралыг нь өөрчилж, нэгэн шинэ хаалгыг нээж өгсөн ч байж мэднэ. Үүгээрээ тэр хайрлагдаж байна. Бас хүндлэгдэж байна.

“Монгол ТВ”-гээр ням гарагийн үдэш бүр гардаг “The Voice Mongolia” шоуны өчигдрийн дугаар хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж, нэгийг бодогдуулав. Учир нь, “Хурд” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Д.Отгонбаярын багийнхан хасагдах шатанд хоёр, хоёроороо өрсөлдөх үеэр Г.Дөлгөөн, Э.Үүрцайх нарын үзүүлбэр Д.Болд шүүгчийг суудлаас нь босгоод зогсохгүй, зүрх сэтгэлийнхээ гүнээс нулимс гаргахад хүргэсэн юм. Шоуны дүрэм ёсоор Г.Отгонбаяр шүүгч өөрийн багийн хоёр оролцогчоос хэн нэгнийг нь явуулах хүндхэн сонголттой тулгарч, улмаар Э.Үүрцайхыг үлдээсэн. Шоуг цааш үргэлжлүүлэх найдвар нь 10-хан хормын хугацаанд шийдэгдэх тэрхэн мөчид оролцогч Г.Дөлгөөнийг Д.Болд шүүгч шүүрэн авсан нь өчигдрийн дугаарын оргил хэсэг байв.

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн “The Voice Mongolia” шоунд оролцсон ч хоёрдугаар шатнаас орхих нь Г.Дөлгөөн шиг залуу үеийн төлөөлөлд дэндүү хайран байх нь мэдээж. Харин Д.Болд шүүгчийн хувьд өөрт олгосон эрхийн хүрээнд Г.Дөлгөөнийг үлдээж, цааш явуулахаар болсон нь энэ байв. Тэрбээр “Чиний цусашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа гал шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг аз жаргал зүрх сэтгэлийн нулимсаа гаргалаа ах нь. Чиний зүрх сэтгэлд би хөрөнгө оруулъя” хэмээсэн нь олон үзэгчдийг огшоож, уяраасан юм.

“Эр хүний нулимсыг бүү үз” гэж монголчууд ярьдаг. Гадагшлах нулимсгүй мэт дотогшоо мэгшдэг болохоор тэр. Гэхдээ Д.Болд шүүгчийн нулимс өөр, чин зүрхнийх байв. Хөдөлмөрийн үнэ цэнийг ямар их хичээл зүтгэл, уналт, босолтоор ирдгийг тэр мэднэ. 17 настайдаа “Камертон” хамтлагийг байгуулж, 2005 оноос бие даасан уран бүтээл хийж эхэлсэн түүнийг Монголын рок поп урлагийн хамгийн хөдөлмөрч нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Маргах ч шалтгаан гарахгүй. Тиймдээ ч зорилгынхоо төлөө цуцашгүй тэмцэж яваа Г.Дөлгөөнийг тэрбээр явуулахыг хүсээгүй байх. Хүний амьдралд хормоор хэмжигдэх үе цөөнгүй. Гагцхүү “The Voice Mongolia” шоуны тайзан дээрх 10-хан хормоор хэмжигдсэн тэрхэн хугацаанд Д.Болд шүүгчийн гаргасан торгон мэдрэмж Г.Дөлгөөнийг хурцлаад зогсохгүй, амьдралыг нь өөрчилж, нэгэн шинэ хаалгыг нээж өгсөн ч байж мэднэ. Үүгээрээ тэр хайрлагдаж байна. Бас хүндлэгдэж байна.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(139.5.219.33) 2020-03-30 23:51:49
Гое бсаан
(139.5.219.33) 2020-03-30 12:24:56
Үнэхээр хэлэх ч үг олдохгүй күүл байсан. Болд шүүгчийн торгон мэдрэмжд баярллала