Э.Гэрэлт-Од: Намууд мөнгө амлаж буй нь сонгогчдыг өдөж, турхирч байгаа үйлдэл

Харамсалтай нь, намууд бодлогоороо ялгарахгүй байгаа учраас сонгогчид аль нь ч гарсан адилхан гэдэг бодол байна.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгуулийг энэ жил олон мандаттай томсгосон тойрог хувилбараар явуулахаар болсон. Энэ нь 1992, 2008 онд хэрэглэж байсан тогтолцоо. Харин энэ удаагийнх юугаар онцлог юм бэ?
-1992, 2008 онд 26 тойрог, 76 мандаттай сонгуулийг зохион байгуулж байсан бол 2020 онд тойргийн тоог гурваар нэмж, мандатын тоо хэвээр байгаа. 2008 онд нийслэлийн нэг тойрогт дунджаар 24 нэр дэвшигч өрсөлдөж байсан бол орон нутагт нэг тойрогт дунджаар 10 нэр дэвшигч өрсөлдөж байв. Үндэсний аудитын газрын урьдчилсан мэдээллээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нийт 27 нам оролцохоор болж, 15 нам, дөрвөн эвсэл 19 мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Сонгуулийн тогтолцоог сайжирсан гэж хэлж чадахгүй. Эрх баригч нам дараагийн парламентад яаж сонгогдох вэ гэдгээ харж сонгосон тогтолцоо. Харин эрх баригч, эсвэл нөлөө бүхий намуудыг халах сонгогчдын хүлээлт их болсон нь ажиглагдаж байна.

-Шинэ хүн, улс төрийн хүчин рейтинг өндөр байгаа гэсэн үг үү?
-
Иргэд хэдий шинэ улс төрийн хүчин гаргаж ирэх сонирхолтой байгаа ч энэ тогтолцоо хүссэн, хүсээгүй нөлөө бүхий хоёр хуучин намыг гаргаж ирнэ. Ийм тогтолцоонд эвслийн санал дотроо хуваадаг учраас гуравдагч хүчин гарч ирж чаддаггүй. Мөн бие даагчдын төлөөллийг нэмэх боломжгүй. 1992 онд Говь-Алтай аймгаас Г.Зуунай гуай бие даан УИХ-д сонгогдсон. 2008 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшигч З.Алтай хол илүү саналаар сонгогдож байсан. Тэгэхээр олны танил юм уу, тухайн тойрогтоо танигдсан улстөрч биш бол бие даагч гарах боломжгүй. 2008 онд сонгогчдын хүлээлт хангагдаагүй учраас ялалт байгуулсан намыг буруутгаж, долдугаар сарын 1-нд жагсаал хийсэн. Энэ хүлээлт өнөөдөр сонгогчдын дотор байсаар байна. Хүлээлтийг нь хангаж чадахгүй бол түүх давтагдах магадлалтай. Түүнчлэн тогтолцооноос шууд хамааралтай гэж хэлж болохгүй ч чухал нэг асуудал бий.

-Тэр нь ямар заалт юм бол?
-Өнгөрсөн долоон удаагийн парламентын сонгуульд олон мандаттай томсгосон тойрог гэх хувилбараар явуулах үед  эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа нь ажиглагдсан. Тодруулбал, 1992, 2008 онд тус бүр гурван эмэгтэй сонгогдсон. Хэдийгээр 2008 онтой харьцуулахад энэ удаа 20 хувийн квотыг ашиглаж байгаа ч энэ тогтолцоо популист нам, лидер улстөрчийг сонгодог учраас эмэгтэйчүүдийн төлөөлөл унах магадлалтай байна.

-Тойрог мандат хуваарилахдаа нийслэлийн мандатыг хасах нь зөв, буруу гэх маргаан гарч байсан. Сонгуульд орон нутгийнхан илүү оролцдог гэх судалгааг та хийжээ. Нийслэлийн мандатыг хассан нь үүнтэй холбоотой юу?
-1992 оноос хойш нийслэл рүү шилжих хүн амын тоо нэмэгдсэн. Эрх баригч нам тооцоо хийсэн байх. Дэлхийн улс орнуудын туршлагаар намууд зөвшилцөж, олон нийтээс санал авч сонгуулийн тогтолцоогоо сонгодог. Харин манайд эрх баригчид дангаараа шийдсэн. Ер нь сонгуулийн түүхээс харахад орон нутгийн сонгогчдын оролцоо хотынхноос илүү байдаг. Ялангуяа, томсгосон мажоритар тогтолцооноос энэ илүү тодорхой харагддаг. Гэхдээ өмнөх сонгуулиудаас сонгогчид туршлагажиж, боловсрол харьцангуй сайжирсан. Үүнийг цагаан сонголтоос харж болно. Хэдийгээр мандатын тоогоор сонголт хийнэ гэх хуулийн заалт байгаа ч сонголт хийхгүй саналаа уншуулах боломжтой. Энэ нь сонгуульд оролцохыг хүсэж байгаа ч нэр дэвшигч нь таалагдахгүй байна гэж эсэргүүцлээ үзүүлж буй хэлбэр. Нэг тойрог-нэг мандаттай жижиг тойрогт нэр дэвшигч шууд намаа төлөөлөөд явдаг бол олон мандаттай тойрогт намыг нэр дэвшигчид төлөөлдөг. Энэ нь нам доторх нэр дэвшигчдийн өрсөлдөөнийг идэвхжүүлж, сүүлдээ намын бодлогоос илүү хувь хүнийг сонгох боломж олгодог. Бид хэдийгээр намыг бодлогын байх ёстой гэж хүсэж байгаа ч сонгуулийн энэ тогтолцоо үүнийг саармагжуулдаг. Нөгөө талдаа намын нэр дэвшигчид сонгуулийн мандатын тоонд багтах гэж хоорондоо өрсөлдөнө.

-Сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитыг газарт хүргүүллээ. Намуудын мөрийн хөтөлбөрийг харахад их хэмжээний мөнгө амладаг байдал хэвээр байна. Тэгэхээр сонгогчдын боловсролыг илүү төлөвшүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?
-Сонгуульд их хэмжээний мөнгө амладаг байдал нь нам, улстөрчид сонгогчдыг өдөж, турхирч байгаа үйлдэл. 2008 онд АН нэг сая төгрөг амлахад тухайн үедээ мөрийн хөтөлбөрөө боловсруулаад өгчихсөн байсан МАН (МАХН)-ынхан энэ ямар ч боломжгүй, улсын төсөвт дарамт учруулна гэж байсан. Гэтэл долоо хоногийн дараа мөрийн хөтөлбөрөө өөрчилж, 1.5 сая төгрөг, бусад мөнгө амласан. Ингээд бид мөнгөний сонголт хийж байв. Одоо ч гэсэн ийм нөхцөл байдал руу шахаж магадгүй. Гэхдээ бидэнд үүнээс үүдэлтэй гашуун сургамж авсан. Нэгдүгээрт, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Тухайн намаас нэр дэвшигч зөвхөн намын мөрийн хөтөлбөрийг сурталчилна, хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраар хянуулдаг болсон. Ингэснээр хэт их хөөсөрсөн мөнгөний амлалтаас татгалзах боломжтой болсон. 

-Намууд мөрийн хөтөлбөрөө дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулсан гэж байгаа. Манайд олон улсын жишигт нийцсэн сонгуулийн систем бий болж чадсан уу?
-Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулах үйл явцад бага зэргийн ахиц гарч байгаа байх. Намын мөрийн хөтөлбөр бол хөгжлийн бодлого. Нам хөгжлийн бодлого боловсруулж, иргэдээсээ санал авах, экспертүүдээр шүүлгэж, эцсийн байдлаар батлуулах зэрэг олон талын оролцоотой боловсруулдаг. Харамсалтай нь, манай намууд сонгууль тулгаж байгаад мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. Хэзээ, хаана, хэн, хэрхэн боловсруулсан нь тодорхойгүй үлддэг. Одоогийн байдлаар МАН, АН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн боловсруулсан  нь  нууц байна. Харин МАХН-аас мөрийн хөтөлбөртөө санал авч байгаа талаар гуравдугаар сарын 24-нд утсаар ярьсан. Гэтэл энэ өдөр намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөх хуулийн сүүлийн өдөр. Өөрөөр хэлбэл, санал авч байгаа гэсэн “шоу” явж байна. Намууд мөрийн хөтөлбөрөөрөө нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдэх, улс орны хөгжлийг хааш нь залах вэ гэдэг дээрээ ялгарч уралдах ёстой. Түүнээс сонгогчдод хөтлөгдсөн биш хөтөлсөн бодлого тодорхойлох ёстой.  Асуудлыг шийдвэрлэх олон янзын арга замыг заах үүрэгтэй. Харамсалтай нь, намууд бодлогоороо ялгарахгүй байгаа учраас сонгогчид аль нь ч гарсан адилхан гэдэг бодол байна. Үндэсний Аудитын газар ч нууц байдлаар намын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, тэнцэх эсэхийг шийдэж байгаа нь ардчилсан зарчимд нийцэхгүй байна. Ардчилсан нийгэмд иргэд намуудын мөрийн хөтөлбөрийг шүүх эрхтэй, нээлттэй байх ёстой. Өнөөдөр бидэнд намуудын хэн нь хэн бэ гэдгийг шүүх боломж алга. 

-УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн үед онцгой нөхцөл байдал үүсэж, сонгууль хойшлох тухай асуудал ч яригдаж байна. Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах талаар уриалга гаргасан. Улс төр судлаач хүний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Ардчилсан сонгууль цаг хугацаандаа болох ёстой. Бид хараахан онцгой нөхцөл байдалд орчихоогүй байна. Би хувьдаа сонгууль битгий хойшлоосой гэж бодож байгаа. Сонгууль хойшилбол улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, сонгогчдын санаа бодол хувирна. Эцсийн дүндээ сонгуулийн үр дүнд өөрчлөлт орно. Хуулиараа үүнийг УИХ хэлэлцэж шийдэх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.