Н.Баттулга: Монголынхоо талд дэлхийн шилдэг суффолк үүлдрийн хонийг 5000-аар нь бэлчээхийг мөрөөддөг

Дэлхийн хэмжээний шилмэл хонины үүлдэр болох Английн суффолк хонь үржүүлэн Монгол Улсын хонины аж ахуйд нийлүүлж, хонины аж ахуйн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж буй “Монгол женетик сервис” ХХК-ийн захирал Н.Баттулгатай ярилцлаа. Бидний ярилцлага мал аж ахуй эрхлэгчдэд шинэ мэдлэг олгохын зэрэгцээ, Монгол Улсын хонины аж ахуйн зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэм болно гэдэгт гүнээ итгэнэм.

 

Дэлхийн хэмжээний шилмэл хонины үүлдэр болох Английн суффолк хонь үржүүлэн Монгол Улсын хонины аж ахуйд нийлүүлж, хонины аж ахуйн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж буй “Монгол женетик сервис” ХХК-ийн захирал Н.Баттулгатай ярилцлаа. Бидний ярилцлага мал аж ахуй эрхлэгчдэд шинэ мэдлэг олгохын зэрэгцээ, Монгол Улсын хонины аж ахуйн зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэм болно гэдэгт гүнээ итгэнэм.

-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу?

-Сайн, сайн байна уу. Сайхан хаваржиж байна. Энэ жил цаг сайхан байна. Мал төллөөд ерөнхийдөө дууслаа. Би 2006 оноос компани байгуулан цэвэр үржлийн хонь өсгөж байгаа. Эрчимжсэн мал аж ахуй, түүний дотор өндөр ашиг шимт үржлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж ажилладаг. Одоогоор дэлхийн номер нэг брэнд болох махны үүлдрийн суффолк хонийг дагнан үржүүлж байна. Их сүргийн аж ахуйг Сэлэнгэ аймгийн Ерөө сумандаа байгуулан амжилттай ажиллаж байна даа.

-Суффолк үүлдрийн хонь яагаад дэлхийн брэнд хэмээн нэрлэгдэх болтлоо алдаршсан тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ хонины ашиг тус бусад хониноос илүү гэдэг нь 200 гаруй жил батлагдсан юм. Суффолк хонины давуу тал нь өсвөр насандаа мах их үйлдвэрлэдэг. Өсөлт бойжилт нь түргэн явагддаг. Өсвөр насандаа эрчимтэй торнино гэдэг олон талын давуу талтай. Нэгдүгээрт, бага залуу хонины мах уургаар баялаг. Хоёрдугаарт, зөөлөн. Гуравдугаарт, суффолк хонины мах хүний биед ашигтай элемент ихээр агуулдаг. Шүд цооролтын эсрэг фторын агууламж өндөр. Чихрийн шижин өвчнийг бууруулж, нойр булчирхайг дэмждэг бодисууд энэ хонины маханд их хэмжээтэй байдаг.

-Монголчуудад суффолк хонины амьдын жин сонин байгаа болов уу?

-Дэлхий нийтийн практикт нас гүйцсэн суффолк хуцны амьдын жин 110-160 кг хүрнэ. Эм хонь 81-110 кг. Энэ нь дундаж стандарт хэмжээнүүд юм шүү. Үүнээс давсан үзүүлэлтүүд ч бий. Зургаан сартай хурга нь 60 кг жинтэй байдаг. Гэтэл монгол нас гүйцсэн эр хонины намрын жин л 60 кг шүү дээ.

-Суффолк хонь хэр хурдан өсдөг вэ?

-Суффолк хонины хургалалт хоорондын зай нь 360-365 хоног байдаг. Төлөрхөг чанар нь 140-190 хувь. 200 гаруй хувьтай үзүүлэлтүүд ч их тохиолддог. Тэгэхээр ихэрлэлтийн хувь өндөр гэсэн үг. Нэг хониноос хоёр ихэр хурга гаргаад. Зургаан сарын дараа 60 кг жинтэй болно гэж үзвэл 120 кг амьдын жинтэй хоньтой болно. Түүний 50 хувь нь махны гарц байна гэж үзвэл 60 кг махыг нэг хониноос жилдээ үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ дээд зэргийн сайн чанартай мах байх болно.

-Суффолк хонь ийм сайн үзүүлэлттэй болохоор Та Монголд оруулж ирэв үү?

-Би амьдралынхаа 20 жилийг суффолк хонинд зориулжээ. Анх 1999 онд Монголд АНУ-ын хонь үржүүлэгчдийн холбоо, Монголын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран “Махны хонь- төсөл хэрэгжүүлсэн юм. АНУ-аас хөлдөөсөн үр хөврөл оруулж ирээд монгол хонинд шилжүүлэн суулгаад анхны төлөө 2000 онд авсан. Үүнийг Монгол талаас хариуцаж байсан биотехнологийн ганц мэргэжилтэн нь миний төрсөн ах Н.Алтанхуяг гэж Монгол Улсын төрийн шагналт, доктор, профессор хүн байсан. Энэ төслийн багт би ажиллаж байхдаа суффолк хонины гайхамшгийг олж харсан хэрэг. Бид чинь монгол хонь сайн гээд л магтаад байдаг. Сайн боловч суффолкын хурганы хэмжээнд хүрэхгүй байна. 28 кг гулууз авахын тулд бүтэн зургаан жилийн ган зуд, байгалийн бэрхшээл, бэлчээрээр явуулах хэрэг гардаг. Тэгээд махаа идэх гэхээр орчин цагийнхан өөхтэй гээд голно. Өөхийг нь ялгаад идэх гэхээр булчин суучихсан хатуу мах. Монгол Улс ийм бүтээгдэхүүнтэй л явж ирсэн байна. Тэгэхээр монгол малын ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх гарц нь дэлхийн брэнд болсон суффолк хонь гэдгийг ойлгосон юм. 1999 оноос эхлээд суффолк хонийг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж ирсэн болохоор хийж байгаа ажилдаа улам дурлаж, илүү хялбар аргаар Монголд түгээх аргыг сүвэгчилсэн хэрэг. Ингэж үржлийн мал өсгөх болсон.

-Уучлаарай, таны яриаг таслахад үржлийн малаас илүү үр хөврөлөөр суффолк хонь нийлүүлбэл хялбар биш үү?

-Ашиг шим, өгөөжөөсөө шалтгаалаад үр хөврөл өндөр үнэтэй байдаг. АНУ-аас нэг тун үрийг 37 ам.доллараар авна. Нэг хонийг хоёр тун үрээр хээлтүүлдэг юм. Ингэхээр 74 ам.доллар болно. Байгалийн ороог нь хүлээгээд байх цаг хугацаа байхгүй нөхцөлд ороо идэвхжүүлэгч даавар 10 ам.доллараар худалдан авч тарина. Ингээд 84 ам.доллараар худалдан аваад Монгол руу тээвэрлэж ирэхэд зардал гарна. Татвар төлнө. Буянт-Ухаагаас Сэлэнгэ хүргэлээ гэхэд мөн зардал гарна. Үр хөврөлөө хадгалахын тулд азот нэмнэ. Ингээд бодоход нэг хурга 100-аас илүү ам.доллараар бий болох нь байна. Гэтэл жирийн иргэд байтугай томхон компани өнөөдөр 100 ам.доллараар хургатай болохыг хүсэхгүй. Тэгсэн мөртөө суффолк хоньтой болох хүсэлтэй байдаг. Тиймээс л би үржлийн малыг дотооддоо өсгөн Монголын малыг богино хугацаанд таваарлаг болгох зорилго тавин ажиллаж байна.

-Та суффолк хонийг Монголд хэрхэн оруулж ирсэн бэ?

-Суффолк хонь оруулж ирэх судалгааг 17 жил хийсэн. Ази, Европ, Америкгүй явсан. Ингээд хамгийн зардал багатай нь Францаас оруулж ирэх явдал болохыг тогтоогоод ажил хэрэг болгосон юм. Уг нь Америкт суффолк хонийг сайжруулаад илүү том биетэй, илүү төлөрхөг чанартай болгосон байдаг. Америкийн төл нь 140 кг хүрдэг. Нас гүйцсэн хуц нь 240 кг болно. Монгол үхэр шиг байгаа биз. Гэхдээ Америкаас зөөх гэхээр өртөг өндөртэй байсан. Хамгийн хямд онгоцыг түрээслэхэд 800 мянган ам.доллар. Ийм мөнгө надад байсангүй. Харин Францын суффолк нь яг Английн цэвэр цусны хонинууд байсан.

-Суффолк нь Монголд хэр нутагшдаг хонь вэ?

-Суффолк хонь ямар ч улирал, орчинд дасан зохицох чадвараар дээд зэргийн сайн. Би Монгол оронд 1999 оноос хойш нутагших боломжтой гэдгийг нь тогтоосон болохоор эрсдэл байгаагүй. Гол нь оруулж ирэх л хэрэгтэй байсан. Нөгөөтээгүүр би өдөр тутамдаа гардан маллаж байгаа болохоор сайн нутагшиж байгаа.

-Та хонин сүргээ хэрхэн маллаж байна вэ?

-Зун нь бэлчээр ашиглаж, намар хашаалаад суурин маллагаанд шилждэг. Хавар нь төлөө авдаг. Ингэж маллахад зардал өсдөг. Учир нь манайд шаардлага хангасан тэжээл алга. Тэжээл тариалж байгаа компаниуд байгаа боловч чанарын шаардлага хангах бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Өнгөрсөн жил би дөрвөн нэр төрлийн 16 боодол тэжээл худалдаж авлаа. Хурааж, боохоос-Тэжээлээс гадна танд ямар бэрхшээл тулгарч байна вэ? нь өмнө газар дээр нь очиж үзээд, таалагдсан. Тэгээд "Тэжээлээ чанга, нягт боогоорой, битүүмжээ сайн хийгээрэй" гэж захисан. Ингэсэн тохиолдолд тэжээл нь муудахгүй, исэлт нь зөв явагдаад жинхэнэ дарш болно. Хоёр жил ч хадгалах боломжтой болдог. Гэтэл монголчууд олон боодол болгож зарахын тулд хөвсгөр боогоод түүгээр нь агаар нэвчиж урвалд ороод ялзарчихсан. 80 хувийн тэжээлээ хаясан. Ийм хүмүүсээс дараа жил нь хэн тэжээл авах вэ дээ.

-Малчны бэрхшээл тулгарч байна. Өвөлжин ганцаараа ажилласан. Одоо ч ганцаараа төл авч байна. Сайн малчин олно гэдэг үнэхээр хүнд. Бид чинь малчин монголчууд гээд цээжээ дэлдээд байдаг. Гэтэл үнэндээ мал маллах сонирхолтой хүн алга. Ялангуяа Сэлэнгэ аймгийн Ерөө суманд тийм хүн олдсонгүй. Би олон малчин солилоо. Уг нь Монголд байхгүй цалин хөлс өгдөг байсан. Маллаж чадахгүйдээ биш маллах сонирхолгүйдээ байна. Надаас хэдэн төгрөг салгаж авчхаад алга болж байна. Уг нь дэлхийн брэнд болсон энэ хонины маллах арга ухааныг сураад авбал ирээдүйд нь хэрэгтэй юм. Би чинь баяндаа биш Монголд хэрэгтэй гэж үзээд энэ хонийг өсгөх гээд үзээд байгаа хүн шүү дээ.

-Монголын эрчимжсэн мал аж ахуйн сонгодог жишээ бол таны ажил гэж бодож байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд нэн тэргүүнд юу хэрэгтэй байна вэ?

-Эрчимжсэн мал аж ахуй гэдэг бол нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх буюу хугацааг богиносгоход чиглэдэг. Үүний тулд тэжээлийн тариалалт, бэлчээр хэрэгтэй. Эдгээрийг нь шийдээд өгчихвөл эрчимжсэн мал аж ахуй Монголд хөгжих боломжтой. Өнөөдөр тэжээл өндөр үнэтэй, буруу технологиор бэлтгэж байна. Өөрсдөө тариалах гэхээр газар олдохгүй. Үржлийн материал авъя гэхээр хэн дуртай нь оруулж ирэх боломж нь алга. Хэдий их зардал гарсан ч оруулаад ирлээ гэхэд түүнийг арчлах, өсгөх мэргэжилтэн хэрэгтэй. Харин би өөрийн амьдралаараа туршаад, оруулж ирээд, үр дүнг нь үзүүлж байгаа болохоор хүмүүс сонирхож эхэлж байгаа хэрэг.

-Өнөөдөр уул уурхайгаас татгалзахыг нийгэм шаардаж байна. Ийм нөхцөлд монголчууд эрчимжсэн мал аж ахуйг сонирхох нь нэмэгдэж байгаа болов уу?

-Мал аж ахуйд эхний хөрөнгө оруулалт л шаардлагатай. Дараа нь мөнгө шаардахгүйгээр өөрийгөө аваад явчихдаг дуусашгүй булаг. Манай компани өнгөрсөн жилээс хуц худалдаж эхэлсэн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Ховд, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв гээд аймгуудад тараасан. Манай хуцыг худалдаж авсан газруудад энэ жил эхний төл нь гарч, шуугиулж байна. Хоёрхон сартай хурга 30 кг татаж байна. Нас гүйцсэн монгол эм хонь ийм жинтэй байдаг. Ажлын маань үр дүн гарч байгаа болохоор баяртай байна. Зөв зүйлд зөв сэтгэлээр зүтгэнэ гэдэг ийм амжилт үзүүлдэг хэмээн сэтгэж сэтгэл өег явна даа. Би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр улс орондоо хэрэгтэй зүйл хийж яваа хүн.

-Монгол мал, махыг дэлхийд экспортлохын тулд зайлшгүй шилмэл үүлдрийн хониор сайжруулах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Одоо Монголын махыг дэлхий хүлээж байна. Манай хонь жилийн дөрвөн улиралд өөрөө бэлчээр дээрээс сонголттойгоор өвсөө олж иддэг болохоор жинхэнэ эко мах. Нөгөөтээгүүр дэлхий дахин хурганы махыг авах сонирхолтой. Гэтэл манай Монголд бэлчээрийн мал аж ахуйгаараа дэлхийн шаардлагыг гүйцээж чаддаггүй. Манай хурга 22 кг хүрэхгүй. Төлөгнийхөө махыг гадагшаа гаргалаа гэхэд өөх ихтэй. Дэлхий нийтээрээ өөхнөөс татгалзаж байгаа нөхцөлд монгол мах үнэгүйдээд байгаа юм. Харин суффолк зэрэг шилдэг үүлдрийн хонины мах тураг мах ихтэй. Тиймээс сайжруулж дэлхийн чанарын стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжтой.

-Таны зорилго юу вэ?

-Монголынхоо хээр талд дэлхийн шилдэг суффолк үүлдрийн хонийг 5000-аар нь бэлчээхийг мөрөөдөж явна. Монголын жирийн нэгэн малчны мал таваарлаг, чанартай, малчид маань орлоготой, төрдөө хандив өргөдөг тансаг хэрэглээтэй болохыг харахыг зорьж явна.

-Монголын мал аж ахуйн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-10 жилийн дараа гэхэд байдал өөр болно. Үүнийг би мэдэрч байна. Өдөрт таван хүн над руу залгаж зөвлөгөө авч байна. 3000 хоньтой малчин, 10 мянган хоньтой аж ахуйн нэгж надтай хамтарч ажиллахаар тохиролцоод байна. Харамсалтай нь өнөөдөр надад тэдэнд өгчих үр хөврөл, хуц нь алга. Энэ хүлээлтийг урагшлуулахын тулд хичээн ажиллаж байна. Хэрэв та малчин байлаа гэхэд надаас хуц аваад монгол хоньтой хээлтүүлээд нэгдүгээр үеийн эрлийз хурга гаргаж авна. Суффолк хонь эх тал, эцэг талынхаа хамгийн сайн гэсэн талуудыг аваад төрдөг. Ингээд гарсан хурганыхаа охиныг нь үржилд авч үлдээд эрийг нь зургаан сартайд нь мах болгоод зах зээлд гаргахад өндөр үнээр худалдана. Зургаан жилийн дараа олох ёстой байсан эр хонины махны үнийг хамаагүй бага зардлаар зургаан сарын дотор түүнээс илүү жинтэй гулууз болох боломжтой. Зургаан жилийн тэжээл, малчны цалин, байгалийн ган зуд гээд олон асуудлыг арилгана.

-Таны ажлыг төр засгаас дэмжиж байна уу?

-Банк хэзээ ч мал аж ахуйд зээл өгдөггүй. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлт тавьдаг. Надтай нүүр тулаад уулзахаараа “Танд зээл өгөхгүй бол өөр хэнд өгөх вэ” гэдэг. Ингээд 800 сая төгрөгийн гэрээ хийсэн. Гэтэл мөнгө байхгүй гээд замхарсан. Би дахиад 800 сая төгрөгийн зээл хүссэн төсөл бичээд л яаманд өгсөн. Энэ мөнгөөр Францаас хонь онгоцоор авчрах гээд байгаа юм биш. Нэгэнт аваад ирсэн сайн чанарын хониныхоо үр хөврөлийг авах жижиг лаборатори байгуулах гээд байгаа юм. Лабораторитой болчихвол жилд 10 мянган хонь хээлтүүлэх үржлийн материалыг зах зээлд гаргах боломжтой болно. Төрийн дэмжлэг үүнд л хэрэгтэй байна. Хэрэв энэ ажил маань биеллээ олбол Монголыг мал аж ахуй нь тэжээгээд явах боломжтой.

Дээр нь нэг зүйл хэлэхэд, Монголд хууль нь гараад байдаг. Харин орон нутагт хэрэгжихгүй юм. Алга дарам газраасаа хөөгдөж туугдаад л явж байна. Газрын тухай хуульд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ногоон тэжээл тариалахад 80 га газар, бэлчээрт зориулж 100 га хүртэлхийг хашаалж болохоор заасан. Тэр тусмаа Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүсийн төв, Ерөө сумын нэг, хоёр, гуравдугаар багийг эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйтай хослуулан хөгжүүлнэ гээд УИХ-аас тогтоол гарчхаад байхад орон нутгийнхан газраа өгөхгүй хэцүүхэн байна даа.

-Мал сүргээ сайжруулах бодолтой байгаа малчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эрлийз малаар эцэг мал тавьдаггүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Эрлийз адуу монгол адууг юу болгов. Хонь дээр харьцангуй гайгүй байгаа ч бодох л хэрэгтэй. Би хурга авч байгаа хүн болгонд үржлийн бүртгэл хийхийг хатуу сануулдаг. Эрлийз эр хургаа мах болгож зар, эхний ээлжинд цөм сүргээ бүрүүл гэдэг. Мэдээж малаа эрүүл байлгах хэрэгтэй. Залхуурахгүй бол амьдрал аяндаа шагнана. Гадаадад хэн баян фермерүүд баян. Дараа нь банкирууд зогсдог. Тэгэхээр Монголд боломж байгаа. Харин залхуурч л болохгүй. Өнөөдөр Өвөрмонгол Хятадын тэр их хүнийг тэжээж чадаад байна. Хятадууд монгол махыг дулааны аргаар боловсруулж авах болсон. Монголд дулааны аргаар боловсруулсан мах кг нь 1000 юань хүрч байна. Бид өөрсдөө ийм үнээр худалдах боломжтой шүү дээ. Мал аж ахуйгаараа дэлхийг эзлэх боломж бий. Тийм цаг ирнэ гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.