Н.Ууганбаяр: Англид маскны олдоц тааруу учир хүн бүрийг маск зүүхийг зөвлөхгүй байгаа

Монголынхоо маргаашийг илүү сайхан болгоё гэвэл хүүхэд, залуучууд маань сайн боловсролыг олж авахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Гадаад улсад тэтгэлгээр суралцъя гэвэл боломж их бий.  Олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байгаа. Эдгээр тэтгэлгүүдийн тод нэгэн жишээ бол Чевенингийн хөтөлбөр юм.

Дэлхий дахиныг түгшүүрт автуулаад байгаа “Ковид-19” халдварын улмаас дэлхий дахинд 3 сая хүн өвчилж, 207 мянган хүн нас бараад байна. Халдварын улмаас олон улсад хөл хорио тогтоогоод байгаа ба 35 орноос 9412 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад буй. Манай сайт энэ удаад Их Британийн Бристоль хотод Чевенингийн тэтгэлгээр суралцаж буй Н.Ууганбаяртай цахимаар холбогдож цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 -Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Бидний ярилцлагыг уншиж буй монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Н.Ууганбаяр гэдэг. Би Налайх дүүрэгт төрж, өссөн. Миний бие одоогоор Английн Бристолийн Их Сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг горилон суралцаж байна. Бристоль хотод ирээд гэр бүлийн хамт амьдарч эхлээд даруй долоон сарын хугацааг үджээ.

-Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусийн халдварын улмаас Их Британид ямар нөхцөл байдал үүсээд байна вэ? 

-Энэ цаг үед тус улсад сурч, амьдарч байгаа жирийн нэг оюутны хувьд өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцах боломж олдсонд талархаж байна. “Сovid-19 өвчний тухай мэдээллийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээс хангалттай авч байгаа. Он солигдох мөчтэй зэрэг шахуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад анхлан бүртгэгдсэн энэхүү вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо, өвчний улмаас нас барагсдын тоо хурдацтай нэмэгдэж байна. Энэ вирусийн учруулж буй аюулыг дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа хамгийн том гамшиг хэмээн судлаачид дүгнэж байна. 

Дэлхийн зургаа дахь том эдийн засагтай Их Британи улсад ч энэ тахал үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 153 мянгад хүрч, нас барсан хүний тоо 20 мянгыг давлаа. Харамсалтай нь бодит байдал дээр энэ тоо хэд дахин нэмэгдэх магадлалтай гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон. Энэ нь ч үндэслэлтэй юм. Учир нь коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хүн бүр шинжилгээ хийлгэх боломжгүй байгаа. Тухайлбал Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий хүмүүс коронавирусийн халдвар авсан нь үүний илрэл байж болох юм.

Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл хийж Их Британид коронавирусийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоож байгаагаа зарласан. Тэгвэл хөл хориог ахиад гурван долоо хоногоор тавдугаар сарын 8 хүртэл сунгах болсноо Засгийн газар мэдэгдлээ. Хөл хорио тогтоосноор хүмүүсийг гэртээ байхыг шаардаж байгаа. Онц шаардлагатайгаас бусад бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн олон нийтийн газар хоёроос дээш хүн цуглахыг хориглоод байна. Цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулиудын үйл ажиллагаа зогссон. Хүнсний дэлгүүр, эмийн сан, банкнаас бусад бүх үйлчилгээний газрууд хаагдлаа. Тухайлбал бар, ресторан, үсчин, гоо сайхан, кино театр, фитнес гэх мэт үйлчилгээний газруудын үйл ажиллагаа зогссон.

Хөл хорионы хугацаанд иргэдийг гэртээ байх, хэрэв гадуур гарах бол Засгийн газраас гаргасан журмыг дагаж мөрдөхийг шаардаж байгаа. Зөрчсөн тохиолдолд £60 буюу 200 гаруй мянган төгрөгөөр торгохоор журамд заасан. Дараах тохиолдолд гэрээсээ гарч болох юм билээ.

-Хоол хүнс, зайлшгүй шаардлагатай эм тариа зэргийг худалдаж авах,

-Ганцаараа эсвэл гэр бүлийнхээ гишүүдтэй өдөрт нэг удаа дасгал хөдөлгөөн хийх,

-Төрөл бүрийн эрүүл мэндийн зайлшгүй үйлчилгээ авах, цус хандивлах, эмзэг бүлгийн хүмүүст туслалцаа үзүүлэх зорилгоор гарах,

-Хэрэв гэрээсээ ажиллах боломжгүй бол ажилдаа явах зорилгоор гарах

Дээрх зорилгоор гэрээс гарах тохиолдолд хоорондоо 2 метрийн зай барих ёстой. Миний амьдарч байгаа хотод иргэд дээрх журмыг боломжоороо дагаж байгаа нь ажиглагдаж байна. Хөрш айлд ирсэн зочид гэрт нь оролгүйгээр хоёроос дээш метрийн зай барин хэсэг ярилцаж байгаад буцах жишээтэй.

-Британичууд вирустэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Би халдварт өвчин судлаач хүн биш учраас буруу дүгнэж байж магадгүй. Их Британид нөхцөл байдал ингэж хүндэрсэн нь коронавирусийн аюул заналыг бүрэн тооцоогүйгээс гадна энэ вирустэй хэрхэн тэмцэх тактикаа боловсруулахдаа хугацаа алдсан байх магадлалтай гэж би бодож байна. Учир нь Засгийн газрын дэргэд орон тооны эрдэмтэд ажиллаж Засгийн газрынхаа шийдвэрт шинжлэх ухаанч зөвлөгөө өгдөг юм байна. Зарим эрдэмтэн зөвлөхүүд нь Засгийн газартаа коронавирусийн халдварыг хяналтад байлгах замаар аль болох олон хүнд хөнгөн хэлбэрийн халдварыг тарааж сүргийн дархлааг нийт хүн амдаа бий болгох нь зүйтэй гэж зөвлөж байсан. Гэвч сүргийн дархлааг бий болгох замыг сонговол улмаар хагас сая гаруй хүний аминд хүрэх эрсдэлтэй гэдгийг Империал коллежийн профессор Нейл Фергюсон тооцож, Засгийн газартаа анхааруулснаар Их Британи улс энэ өвчинтэй тэмцэх тактикаа өөрчилж, хөл хорио тогтоосон. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс коронавирусийн шинжилгээг шинж тэмдэг илэрсэн олон хүнд их хэмжээгээр хийх чиглэл өгч байгаа. Их Британийн Засгийн газрын мэдэгдэж байгаагаар хоногт хийх коронавирусийн шинжилгээг 100.000 хүргэнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар өдөрт 20.000 гаруй хүнд шинжилгээ хийж байгаа ба шинжилгээг зөвхөн өвчин нь хүндэрсэн болон тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүст л хийж байна. Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүн бүрт шинжилгээ хийх боломжгүй байгаа нь нөхцөл байдлыг дордуулж улмаар иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна.

Хэрэв коронавирусийн хөнгөн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүйгээр өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ 7-14 хоногоор гэртээ тусгаарлахыг зөвлөж байгаа. Зөвхөн биеийн байдал дордож өндөр халуурах эсвэл тасралтгүй ханиалгах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусгай дугаарт холбогдож эмчийн зөвлөгөө ав гэсэн чиглэл өгч байна. Түүнээс гадна тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгслийн хүртээмж тун тааруу байгаа нь энэ вирустэй тэмцэх бэлтгэл ажил муу хангагдсаныг харууллаа хэмээн хэвлэлээр шүүмжилж байна.

Сайн мэдээ гэвэл дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Оксфордын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ. Хэрэв бүх туршилт амжилттай болбол энэ оны наймдугаар сарын сүүл гэхэд вакцины үйлдвэрлэл эхлэх боломжтой гэж мэдэгдээд байна.  

-Их Британийн Засгийн газрын зүгээс эдийн засаг, иргэдийнхээ санхүүгийн байдлыг дэмжих үүднээс ямар төрлийн арга хэмжээ авч байгаа вэ? 

-Миний ажиглаж байгаагаар цар тахлын үед учирч болох эдийн засгийн хохирлыг буруулах тал дээр ихээхэн анхаарч шат дараатай бодлого боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, цар тахлын үед эдийн засгийг дэмжих үүднээс төсөвтөө тодотгол хийж 30 тэрбум фунтийг нэмж суулгасан гэдгээ Засгийн газраас гуравдугаар сарын 20 өдөр мэдэгдсэн. Түүнчлэн цар тахлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон ажил олгогчид ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж үлдвэл тухайн ажилтны цалингийн дунджийн 80 хувьтай дүйцэх буюу дээд тал нь £2500 хүртэлх хэмжээний мөнгийг Засгийн газраас гурван сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн. Мөн энэ хөтөлбөрт татвар төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчид ч хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Жилийн 45 сая фунтаас бага орлоготой ЖДҮ эрхлэгчид зургаан жилийн хугацаатай 5 сая фунт хүртэлх зээлийг банкнаас авах бол Засгийн газраас 80 хүртэл хувийн зээлийн баталгааг гаргаж эхний нэг жилийн хүүг нь төлөхөөр шийдвэрлэсэн. 

-Коронавирус цар тахал таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Түрүүн дурдсанчлан хөл хорио тогтоосноор миний суралцаж буй Бристолийн их сургуулийн үйл ажиллагаа хаагдаж танхимын хэлбэрээр хичээллэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч хөтөлбөрт тусгагдсан хичээлүүд цахим хэлбэрт шилжиж онлайнаар хичээлээ үзэж, даалгавраа хураалгаж байна. Эхнэрийн маань ажиллаж байгаа компанийн оффис хаагдсан учраас гэрээсээ ажиллаж байгаа. Бас охины маань суралцаж байсан бага сургууль түр хаагдсан.  

Манай гэр бүлийн хувьд Засгийн газрын зүгээс өгч байгаа зөвлөмж, шаардлагыг дагаж гэрээсээ гарахгүй байхад анхаарч байна. Хааяа агаар салхинд гарах мөн хүнсээ цуглуулах зорилгоор гэрээсээ гардаг.

-Их Британид хэчнээн монголчууд ажиллаж, амьдардаг вэ. Монголчуудын нөхцөл байдал ямар байгаа бол?

-5000 гаруй монголчууд энэ улсад амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг. Үйлчилгээний газрууд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаагаа зогссоноос үүдэн ажил хөдөлмөр эрхэлдэг монголчуудын орлого тасалдах нөхцөл үүслээ. Амьдралын өртөг, байрны түрээс энд маш өндөр учраас хөл хорио удаан үргэлжилбэл байдал улам л хүндэрнэ. Адаглаад энэ улсад түр хугацаагаар ирсэн гаднын иргэдэд визний хугацаа дуусах асуудал үүсэж байна. Энэ асуудал дээр Их Британи улсын зүгээс хоёр сараар визний хугацааг сунгах болсноо албан ёсны цахим хуудсан дээрээ мэдэгдсэн байсан.

Гэсэн ч Монгол Улс хилээ хаасан учраас энэ улсад түр хугацаагаар ирсэн болон буцах хүсэлтэй монголчууд нутаг буцаж чадахгүй хүлээлтийн байдалтай байна. Монгол Улсын Элчин сайдын яамнаас энд оршин сууж байгаа болон нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг цахим хаягаараа цуглуулж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр тавдугаар сарын 2-ны өдөр Германы Франкфурт хотоос тусгай үүргийн нислэг үйлдэх мэдээлэл байна. Тус нислэгээр 250 гаруй хүн тээвэрлэх боломжтой гэсэн. Онцгой байдлын ерөнхий газрын дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн мэдээллээр нийт 2335 иргэн Европоос нутаг буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Тэгэхээр тус нислэгт Европ тивд амьдарч байгаа нийт монголчуудаас сонгох байдлаар хүүхэд, хөгшид, эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг эхний ээлжид явуулна гэж би ойлгосон.

Дээр нь нэмж хэлэхэд, гадаад улсаас эх орондоо буцаж байгаа монголчуудыгаа вирус импортлогчид гэж битгий авч үзээсэй гэж хүсэх байна. Амьдрал ахуйгаа, мэргэжил боловсролоо дээшлүүлье, хэлний мэдлэгээ сайжруулъя, арай дөнгүүр эрүүл мэндийн үйлчилгээ авъя гээд төрөл бүрийн зорилгоор гадаад улсыг зорьсон л хүмүүс шүү дээ.

-Таныг Монгол дахь нөхцөл байдлын тухай мэдээллийг цаг тухайд нь авч байгаа гэж найдаж байна. Таны бодлоор Монгол Улсын Засгийн газар цаашид юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?

-Тийм ээ. Миний хувьд гадаадад амьдарч байгаа монголчуудтай л адил мэдээлэлтэй байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс боломжит бүхий л арга хэмжээг авч, түргэн шуурхай ажиллаж байна. БНХАУ-тай хамгийн урт хилээр хиллэдэг хөрш улсын хувьд коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байсан. Манай Засгийн газраас цаг алдалгүй шийдвэр гаргаж хилээ хааж, хөл хорио тогтоосны дүнд халдварын тархалтыг хязгаарлаж чадаж байна гэж бодож байна.

Монголд бүртгэлтэй 83 мянга гаруй аж ахуйн нэгжийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэсэн ангилалд багтаж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт манай улсын ажиллах хүчний бараг тал хувь болох 900 мянга гаруй хүн ажилладаг гэж 2018 оны Монголбанкны судалгаанд дурдсан байсан. Эдийн засгийн нөхцөл байдал дордож хямрал болох нь нэгэнт тодорхой боллоо. Энэ хүнд цаг үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн, ажилчдын ажлын байрыг хадгалах, хамгаалахад чиглэсэн дорвитой алхмыг Засгийн газрын зүгээс хийгээсэй гэж хүсэж байна. Ажлын байрууд хаагдаад эхэлбэл олон сөрөг үр дагавар үүсэх нь тодорхой.  

Энэ ташрамд, зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байгаа нэгэн зүйл бол монголчууд маань хариуцлагатай байж, маскаа тогтмол зүүж, нэгэндээ шаардлага тавьж байгаа нь үнэхээр сайшаалтай байна. Их Британид бол маск зүүе ч гэсэн маскны олдоц тааруу байгаа ба үнийн хувьд харьцангуй өндөр буюу нэг ширхэг нь ойролцоогоор 3000 төгрөг гэж байна. Нөгөө талаас энд хүн бүрийг маск зүүхийг зөвлөхгүй байгаа учир нь тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад маскны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж байгаа болов уу. 

-Та бид хоёр коронавирусийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мэдээж хүн төрөлхтөн вирусийг ялах нь дамжиггүй. Харин та хэзээ эх орондоо ирэхээр төлөвлөж байна вэ?

-Өөрийнхөө мэдэх хэмжээнд дэлгэрэнгүй хариулах гэж хичээлээ. Болдог бол маргааш ч гэсэн эх орондоо буцмаар л байна. Гэсэн хэдий ч төлөвлөгдсөн нислэгийн хүрэлцээ тааруу байгаа учраас надаас илүү буцах шаардлагатай байгаа хүмүүст боломж олгох үүднээс нутаг буцах сонирхлоо Элчин сайдын яамандаа хараахан илэрхийлээгүй байгаа. Нөгөө талаас өмнөө зорилго тавиад ирсэн хүн чинь магистрын дипломын ажлаа есдүгээр сард амжилттай хамгаалаад дараа нь нутаг буцах төлөвлөгөөтэй байна даа.

-Таныг Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлгээр суралцаж байгаа гэж дуулсан. Цаашид тантай ижил нөхцөлөөр тэтгэлэгт хамрагдахаар судалж байгаа залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

-“Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчирхэг зэвсэг юм” хэмээн Нельсон Мандела хэлсэн байдаг. Яг үүн шиг Монголынхоо маргаашийг илүү сайхан болгоё гэвэл хүүхэд, залуучууд маань сайн боловсролыг олж авахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Гадаад улсад тэтгэлгээр суралцъя гэвэл боломж их бий.  Олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байгаа. Эдгээр тэтгэлгүүдийн тод нэгэн жишээ бол Чевенингийн хөтөлбөр юм л даа. Анх 1983 оноос эхэлсэн Чевенингийн тэтгэлэгт хөтөлбөрт дэлхий дахины 50.000 гаруй залуус хамрагдаад байна гэсэн тоо баримт байдаг юм билээ. 2019-2020 оны тэтгэлэгт хөтөлбөрт 160 гаруй улсын төлөөлөл болсон 1750 гаруй залуус хамрагдан суралцаж байна. Харин манай улсаас энэ жил нийт долоон оюутан суралцаж байгаа. Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд явагддаг. Тиймээс тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй залуус www.chevening.org цахим хуудсанд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Б.Ардак (202.179.26.255) 2020-04-30 21:36:16
Шавиараа бахархаж байна ! Миний шавь сурагч байхын ийм мундаг л байсан ! Багш нь улс төр эдийн засгийн анхны цагаан толгойн суурийг тавьж өгснөөр тууштай сурч боловсорч мундаг Эдийн засагч , бизнесмен , сайн аав сайн өрхийн тэргүүн
(31.53.65.129) 2020-04-28 04:34:03
20700 hun bolohoos 207 myanga joohon anduursan bishuu
unshigch (122.201.24.71) 2020-04-28 01:21:22
yasan ch mundag bodoltoi yasan ch svrhii zaluuw de amjilt hvsie . sursan medsen bvhnee eh orondoo heregjverei
Тунгалаг (192.82.77.186) 2020-04-27 22:03:22
Эрдэм мэдлэгийг чамгүй өвөрлөн эх орондоо шинэлэг сэтгэлгээгээр ажиллах манай шилдэг залуучуудын нэгдээ амжилт хүсье
Уншигч (202.179.27.220) 2020-04-27 19:45:31
Монгол улсаа хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулаарай. Амжилт хүсье. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе