Иргэн Н.Номтойбаяр Ц.Нямдорж сайдыг амлалаа

Н.Номтойбаяр: Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тойрог дээр би өрсөлдөнө. Нямдоржийг зуусандаа биш, энэ хүнийг Монголын төрд хэрэггүй үзэж байгаа.

2016 оны УИХ төдийгүй нийслэл, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхи болж, “бярлахсан” МАН энэ удаад тогоон дотроо ана, мана үзэлцэх бололтой. Учир юу гэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг парламентаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд дөрвөн сарын нүүр үзэж буй Н.Номтойбаяр “амлав”. Амлав гэдэг нь түүний өрсөлдөх тойрогт очиж, нэр дэвшин өрсөлдөх гэнэ. Үүнийгээ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ мэдэгдэв.

Тэрбээр “2012, 2016 оны улс төрийн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж, Дорнодуудын итгэлийг хүлээж УИХ-д хоёр удаа гишүүнээр сонгогдсон нэгэн. Өөрийнх нь тайлбарласнаар  “Дорнодод эхлүүлсэн ажил надтай надгүй урагшлаад явна. Би нэр дэвшсэн, дэвшээгүй, гарсан, гараагүй ч бай Дорноддоо гурван ажлыг үргэлжлүүлээд явж байна. Биеийн амрыг бодож Дорнод руу явахгүй. Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ.

Тэрийг би шийдчихсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тойрог дээр би өрсөлдөнө. Нямдоржийг зуусандаа биш, энэ хүнийг Монголын төрд хэрэггүй үзэж байгаа. Энэ хүн улс төрийн цагдаа, улс төрийн хуулийн байгууллагыг бий болгож байна. Өөрөө тэтгэвэртээ гарахгүй юм шиг, дахиад Хан-Уулд дэвшинэ гээд явна. Нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө” гэсэн юм.

Эндээс харахад энэ удаагийн УИХ-ын сонгууль бодлогоор бус, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл гэхээсээ нэгэндээ гомдож, тунирхсан хүмүүсийн өрсөлдөөн байх бололтой, зөвхөн Хан-Уул болон бусад дүүргээр жишээ татахад. Хуулийн сайд Ц.Нямдорж нэр дэвшвэл Н.Номтойбаяр эсрэг талд нь зогсох нь. Эсрэгээрээ нэр дэвшихгүй тохиолдолд тэрбээр Дорнод аймгийг зорих бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.