"Гэрээсээ гарвал 100 мянган төгрөгөөр торгоно"

Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хийх дадлага сургуулилтын үеэр онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх, зөрчил гаргасан этгээдийг 100 мянган төгрөгөөр торгохыг анхаарууллаа.

Өнөөдрөөс эхлэн ирэх баасан гараг хүртэл улсын хэмжээнд гамшгийн үеийн дадлага сургуулилт зохион байгуулна. Энэ үеэр хориои цээрийн дэглэм зөрчвөл иргэнийг 100 мянган төгрөгөөр торгохыг анхааруулсан юм. тухай хуулиар Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, дадлага сургуулилтын удирдагч Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Өнөөдрөөс улсын хэмжээнд дадлага сургуулилт эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрөөс эхлэн энэ сарын 8-ны оройн 23.00 цаг хүртэл улсын хэмжээнд Ковид-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний дадлага сургуулилт улсын хэмжээнд зохион байгуулагдана. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийг сонгон авч нутаг дэвсгэрийг энэ сарын 7-ны өглөөн 08.00-18.00 цаг хүртэл бүхэлд нь хөл хорио тогтооно. Чингэлтэйн нутаг дэвсгэрийг тойроод 63.9 км тойрог дээр цагаа, зэвсэгт хүчний алба хаагчид гарч хөл хорионд авна. Энэ үеэр дүүргийн 19 хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч, хороодын нийтийн эргүүлүүд иргэдийн хөл хорионд хяналт тавьж ажиллана. Иргэд оршин суугч зорчихгүй, автомашины хөдөлгөөн хязгаарлагдана. Мөн гамшиг осол тохиолдсон үед ямар арга хэмжээ авах чиглэлээр хэд хэдэн дадлага сургуулилт зохиогдоно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах бол ямар дараалал, зай баримтлах сургуулилт явна. Дүүргийн хэмжээнд 19 хорооны 13 хороо нь гэр хороолол байдаг. Хөл хорионы үед ундны усны хүртээмжийн асуудал гарна. Мэдээж айл бүрт ундны ус дөхүүлэх боломжгүй учраас иргэд худгаас усаа авч таарна. Энэ үед ямар дэглэм барьж ажиллах вэ гэдэг дадлага сургуулилт зохион байгуулагдана. УОК-ын Шуурхай штабаас 10 цагийн хөл хорио тогтоож байгаа биш 21 хоногийн асуудал тохиолдлоо гэдэг байдлаар ажилла гэсэн чиглэл өгсөн. Хөл хориог 21 хоногоор тогтоосон үед зайлшгүй хог тээврийн асуудлыг зохион байгуулах зэргээр ажиллаж байна. 

-Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй хэчнээн иргэн байна вэ?

-Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй нийт 151.139 иргэн бий. Түр оршин суугчаа оруулбал 160 орчим мянган иргэн хөл хорионы дэглэмд орно гэсэн үг.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг шаардлагатай тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-мэдээж амьдрал үргэлжилж байгаа учраас хүн нас барах, төрөх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, гэмт хэрэг зөрчил зэрэг тодорхой асуудал гарна. Энэ үед хариу арга хэмжэг хэрхэн авах зэргээр төлөвлөж байна. Энэ хүрээнд зайлшгүй шаардлагаар онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, эрүүл мэндийн байгууллагын техник хэрэгсэл орох шаардлага гарна. Тиймээс нийт долоон орц, гарц бий болгосон. Онцгой шаардлага бий болсон үед тодорхой автомашинуудыг оруулж гаргахаар төлөвлөсөн. Мөн нэмэлтмээр хоёр цэг нийт орж, гарах есөн цэг төлөвлөсөн. Эдгээр цэгүүдэд цагдаагийн алба хаагч, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, ариутгалын тусгай зөвшөөрөлтэй байгууллага ажиллаж, орж, гарч байгаа бүх хөдөлгөөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. 

-Дадлага сургуулилтын үеэр хэчнээн алба хаагч хяналт тавин ажиллах вэ?

-Дүүргийн хэмжээнд 2139 цагдаа хүчин болон хороо, олон нийтийн ажилтан, алба хаагч оролцоно. Дүүргийн шуурхай штабын зүгээс маргаашнаас эхлэн албан ёсоор ажиллаад эхэлнэ. УОК-той холбогдоно. УОК-оор дамжуулан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн онцгой комиссынхон холбогдоно. Чингэлтэй дүүрэгт явагдаж байгаа хөл хорионы бүх үйл явдлыг цаахим хэлбэрээр үзэх боломжтой. Ийм өргөн хүрээний дадлага сургуулилт зохион байгууллахаар ажиллаж байна. Ковид-19 цар тахлын улмаас хийгдэж байгаа анхны дадлага сургуулилт учраас олон асуудал гарах байх. Хэрэв Монгол Улсад болзошгүй аюул бий болбол улсын хэмжээнд ямар ямар арга хэмжээ авах шаардлагатай болох талаар зураглал гаргах нь энэ сургуулилтын хамгийн гол зорилго юм.

-Дадлага сургуулилтын үед ямар техник хэрэгсэл оролцоно гэсэн мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зайлшгүй шаардлагатай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Мөн Цахилгаан, онцгой байдлын гал унтраах техник хэрэгсэл бий. Түүнчлэн зэвсэгт хүчний 400 албан хаагч оролцоно. Яг зэр зэвсэг оролцоно гэдэг мэдээлэл өгөөгүй. Энэ асуудал УОК дээр яригдсан гэж ойлгож байгаа.

-Онцгой нөхцөлийн үед хөл хориог хэрхэн зохион байгуулах талаар дүр зургийг Чингэлтэй дүүргээр төлөөлөн гаргаж байгаа гэж ойлголоо?

-Тийм. Цаашид аул осол тохиолдсон үед нийслэлийн нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хааж хөл хорио тогтооно. Чингэлтэй дүүрэгт хийгдэж байгаа дадлага сургуулилтыг улсын хэмжээнд жишиг болгон зохион байгуулж байгаа юм.

-Чингэлтэй дүүргийн хэмжээнд төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсооно гэсэн. Харин тус дүүргээс Сүхбаатар дүүрэгт ч юм уу ажилладаг иргэдийн ажлыг хэрхэн зохицуулах вэ?

-Өглөө 08.00 цагаас хөл хорио тогтоохоос өмнө амжаад ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Орой 18.00 цагаас хөл хөдөлгөөн нээх учраас асуудал үүсэхгүй гэж бодож байна. Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуйн нэгжийн хувьд ихэнх нь ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Төрийн байгууллага, яам тамгын газар, цагдаа, шүүхийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага төвлөрсөн байдаг. Эдгээр байгууллагууд дотоод зохион байгуулалтаа хийгээд зайлшгүй ажиллах шаардлагатай ажилчдаа өглөөний 07.30 цагт татаад оруулчихна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Мөн зарим байгууллагууд аижлчдынхаа 20 хувийг ажиллуулна. Зарим ажилчдаа гэрээс нь ажиллуулна гэсэн. Байгууллагууд янз бүрийн л шийдэлтэй байна. Иргэн зөрчил гаргавал 150 мянган төгрөгөөр торгоно. 

-Нийтийн тээврийн хэрэгслийн хувьд хэрхэн ажиллах бол?

-Нийтийн тээврийн чиглэлийг өнөөдөр албан ёсоор зарлана гэсэн. Дурьдсан цагт нийтийн тээврийн хөдөлгөөн бүрэн хаагдана. Өглөө 08.00 цаг хүртэл нийтийн тээвэр үйлчлэх эсэхийг үгүйсгэхгүй.

-Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно. Харин өнөөдөр болон ирэх баасан гарагт ямар арга хэмжээ явуулах юм бэ?

-УОК-оос төлөвлөсөн танхимын сургалт зохион байгуулагдана.  УОК-оос цагийн байдал хэмээх тодорхой жишээ өгдөг. Тухайлбал, танай дүүргийн энэ газарт ийм асуудал тохиолджээ. Энэ үед ямар арга хэмжээ авч оролцох вэ. Төлөвлөгөө гарган нэгээс хоёр цагийн хугацаанд танилцуул гэдэг даалгавар өгнө гэсэн үг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.