Б.Дөлгөөн: Оны сүүлчээр дахин ОУВС-ийн хөтөлбөрт орж, иргэдийн нуруунд хүнд ачаа ирэхээр харагдаж байна

Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх хөшөө дурсгал, музей, дуурийн театрын зарлагыг түр хойшлуулахгүй байж, дахиад мөнгө авна гэхээр харамсалтай санагдаад байна. Энэ байдлаараа дараа жил ч гэдгүй, энэ жилийн эцсээр бараг л авах нь тодорхой болохоор харагдаж байна.

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. 

-Европын холбооноос манай улсын хар жагсаалтад оруулахаар төлөвлөсөн талаар мэдээлэл гараад эхэллээ. Хэрэв хар жагсаалтад орчихвол гаднын зээл тусламжаас эхлээд ямар үр дагавар гарч ирэх вэ?  

-Юун түрүүнд өмнө яригдаж байсан ФАТФ-н жагсаалт, Европын Холбооноос гаргасан хоёр жагсаалтыг өөр гэдгийг хэлэх ёстой байх. Энд би хүртэл анх сонсчихоод нэг юм болов уу гэж бодож байлаа. Европын Холбооны жагсаалт бол тусдаа жагсаалт. Одоогийн байдлаар хар жагсаалтад 11 улс аль хэдийн орчихсон байна. Энэ удаад Монголтой нийлээд 12 улсыг хар жагсаалт руу нэмж байгаа юм байна.

Харин ФАТФ-н хувьд саарал жагсаалт, хар жагсаалт гэж хоёр жагсаалт бий. Хар жагсаалтад өнөөдөр Хойд Солонгос, Иран гэсэн хоёр улс байна. Харин саарал жагсаалтад өнөөдөр 18 улс байна. Хар гэдэг нь “Хамгийн өндөр эрсдэлтэй” гэсэн ангилалаа хэлж байгаа юм. Хэрвээ тухайн улс орны мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хууль зүйн орчин сул, авч буй арга хэмжээ хангалттай биш гэж үзсэн тохиолдолд оруулдаг. Мөнгө угаана гэдэг нь хууль бус аргаар буюу хар тамхи зарах мэтээр, эсвэл огт татвараа төлөөгүй мөнгийг улс орон даяар дамжуулж, цэвэр аргаар олсон мэт харагдуулж, гаргаж ирэхийг хэлээд байгаа юм.

-Хар жагсаалтаас  буцаж гарах боломж хэр байдаг юм бэ. Хар жагсаалтад ороод гарч байсан улс орон бий юу?

-Байдаг юм байна лээ. Лаос, Этиоп зэрэг 6 улс гарч байсан түүх бий. Энэ жагсаалтнаас гарахын тулд тавьж буй шаардлагыг хангах хэрэгтэй. Үүний үндсэн дээр дахин хэлэлцээд, жагсаалтаас гаргадаг. Энэ жагсаалт руу орох эрсдэл нь анх ФАТФ-н саарал жагсаалт руу орсон өдрөөс л эхэлсэн. Бүр цаашилбал манай улс мөнгө угаах арга замуудыг нээлттэй хэвээр байлгаад байсантай шууд холбоотой гэж хэлж болно.

-ОУВС-ийн хөтөлбөрт дахин орох талаар яригдаад эхэллээ. Тийм шаардлага үүссэн үү. Хэрэв Хар жагсаалтад албан ёсоор багтчихвал ОУВС-ийн хөтөлбөрт дахин багтах боломжтой юу?

-Үүссэн эсэхийг төсвийн тоо, орлого зарлага гээд олон зүйлээс хамаарна даа. Бид өнөөдөр 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Тэгээд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх хөшөө дурсгал, музей, дуурийн театрын зарлагыг түр хойшлуулахгүй байж, дахиад мөнгө авна гэхээр харамсалтай санагдаад байна. Энэ байдлаараа дараа жил ч гэдгүй, энэ жилийн эцсээр бараг л авах нь тодорхой болох байх.

-Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлэх хоёр дахь арга хэмжээ авахаар боллоо. Энэ хүрээнд иргэдэд олгодог халамжийн мөнгөний тоог өсгөхөөр болоо. Халамж хавтгайрах нь буруу үр дагавар дагуулдаг гэдэг. Зарим эдийн засагчдын зүгээс сонгууль угтсан шийдвэр болсон гэж дүгнэж байна. Та энэ талаар юу гэж харж байна вэ?

-Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгоод зургаан сар өгөх хөрөнгийг ердөө 7 музей, барилга барих төсөвт өртгөөс гаргаад авчих боломж байсан. Тухайлбал, Үндэсний урлагийн их театрын барилга /152 тэрбум/, Байгалийн түүхийн музейн барилга /94 тэрбум/, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн /80 тэрбум/, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх /55 тэрбум/, Төв номын сангийн барилга /52 тэрбум/, Чингис хаан музейн барилга /53 тэрбум/, Улсын драмын эрдмийн театрын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх /52 тэрбум/ зэрэг нийт 540 орчим тэрбум төгрөгийн өртгөөр баригдах юм. Харин  Хүүхдийн мөнгөнд нэмж 547 тэрбум төгрөгийг гаргаж байгаа юм байна лээ. Уг нь уг мөнгийг зарим төсөвт өртөгөө танаж, гаргасан бол дээр байсан.

-Манай улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар. Ирэх онуудаас гадаад өр зээлээ төлж эхэлнэ. Манай улс үүнд бэлэн биш гэдэг асуудлыг мэргэжилтнүүд онцолж, төсвийн сахилга баттай байхыг анхааруулж байгаа. Сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдал ямар дүр зурагтай харагдаж байна вэ?

-Гадаад өр тийм түвшинд хүрсэн. Харин Засгийн газрын өр, хувийн хэвшил гэж хувааж харах хэрэгтэй. Хувийн хэвшлийн өрийг улс батлан даахгүй, тэгэхээр Засгийн газраас өөрийн тавьсан 8 тэрбумын ам.долларын өрийг л анхаарах ёстой. Үүнээс бараг 3 тэрбум ам.доллар орчмыг 2021-2024 онд төлж барагдуулахаар байгаа. Мэдээж Засгийн газар чадахгүй учир дахин санхүүжүүлэх замаар л төлж таарна. Харин ямар хүүгээр бид дахин зээлж, энэ өрийг дарах вэ гэдэг одоо тун тодорхойгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.