Г.Занданшатар: Чуулганы үеэр идэвхтэй ажилласан Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын гишүүдэд талархлаа

Туршлагатай парламентчдыг бүтээхэд парламент 20-30 жилийг зарцуулдаг. Үүнд бид УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг онцлон дурдаж байна гэлээ.

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа. Хаврын чуулганыг хааж УИХ-ын гишүүн Г.Занданшатар “УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган тавдугаар сарын 25-ны өдрөс эхлэн зургадугаар сарын 25-ны өдрийг хүртэл завсарлана.

УИХ-ын хаврын чуулган хуулийн хугацаандаа эхэлж коронавирусний халдвар дэлхий дахиныг түгшээсэн хүнд нөхцөл байдалд цахим технологи ашиглан хуралдлаа. Дэлхийн 215 орны 4.5 сая гаруй иргэн халдварлаж тахлаас иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр засаг онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна. УИХ-ын Тамгын газартай хамтран гишүүд Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийн бууруулах нэг удаагийн хууль болон Коронавирусний цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний хууль зэргийг баталсан. Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн 0-18 насны хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй болсон 1.1 сая гаруй хүүхэд хамрагдаж байна.

Мөн өнчин хүүхдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эх, хүүхдийг энэрэн хамгаалах арга хэмжээнд талархсан эх, хүүхдийн талархал УИХ-ын нэр дээр ирсээр байна. Түүнчлэн нийгмийн халамж,  үйлчилгээ зайлшгүй шаардлагатай бага орлоготой иргэдийн талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Малчдын орлого болон ноолуурын сангийн худалдан авалт, үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор малчин өрхийн ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Эдгээр арга хэмжээ болон НДШ-ээс чөлөөлөх, ХАОАТ-ын тэглэх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөгийн дэмжлэг, зээл зээлийн хүүг бууруулах зэрэг хойшлуулашгүй шийдвэр нь иргэдээ дээдлэх төр оршин байгааг харуулсан сайн жишиг юм. Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудлыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээх дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийн амьжиргаа, айл өрхийг хямралд өртүүлэхгүй байхаар авсан арга хэмжээг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал.

Хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон байнгын хороон худалдаан 71 удаа, Түр хороо хоёр удаа хуралдаж 124 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаж, богино хугацаанд өндөр хүртээмжтэй ажилласан гишүүддээ талархал илэрхийлье.

УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг сайжруулах, Засгийн газрыг эмхлэн байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтвортой байдлыг хангах, төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх зэрэг суурь өөрчлөлтүүд тусгалаа олсон. Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн эхний хэлэлцүүлгийг хийж дараагийн парламентад хүлээлгэн өгч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагавар хуулиудыг хоёр парламент дамжиж хэлэлцдэг олон улсын жишгийг ч харгалзан үзсэн болно.

Удахгүй болох УИХ-ын сонгуулиар байгуулагдах шинэ парламент эрх зүйн хувьсгал хийх эрхэм зорилтыг цаашид эрэмбэ дараатай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээ төлөөлж долоон гишүүнийг онцлон тодруулсан.

Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцдэг төрийн тулгуур болдог хүмүүс нь манай туршлагатай парламентчид юм. Туршлагатай парламентчдыг бүтээхэд парламент 20-30 жилийг зарцуулдаг. Үүнд бид УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг онцлон дурдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан. Үндсэн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч, зөвшилцөл, редакцийн комисст идэвхтэй ажилласан Ц.Нямдорж нар бол Монгол Төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, түшиг тулгуур болсон юм" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.