МАНАН, будан бүрэлдэх цагаар...

Нэгэн цагт МАНАН-гаас салгана гэж зарлаж байсан хүмүүс өдгөө хэлсэн амандаа хүрч, шинэ төрлийн МАНАН-г байгуулж байгаа бололтой. Үүнийг нь одоо БУДАН гэж нэрлэх үү, аль эсвэл шинэ МАНАН гэх үү. 

Монголчууд бид МАНАН-гаас хэзээ ч салахгүй нь. Харин ч бүр ирэх сонгуулиар дүрээ хувиргасан, бүр аюултай, айдас хүйдэс дагуулсан шинэ МАНАН бүрэлдэхээр болчихлоо. Энэ нь Монголын хамгийн том гэх тодотголтой хоёр намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон хүмүүсээс илт байна. Уг нь бол биеэ засаад гэрээ засчихсан, одоо төрөө засаж, улс орныг удирдах, чиглүүлэх, ард иргэдийг төрд төлөөлөх хэмжээний боловсрол, мэдлэг, чадвартай, тэгээд хамгийн гол нь сэтгэлтэй хүмүүс УИХ-д суух учиртай.

Бид ч ийм байгаасай гэж хүсэж 30 орчим жилийг үдэж, УИХ-ын долоон ч удаагийн сонгуульд оролцжээ. Сонгууль бүрийн өмнө “Одоо л энэ хүн ард түмний өмнөөс ажиллаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар цагт туйлдаж байгаа иргэдийнхээ зовлонг нимгэлнэ” гэж итгэдэг. Гэвч иргэдийн энэ итгэл, найдварыг даасан нь цөөхөн, даагаагүй нь тэднээс хэд дахин олон. Тэгвэл ирэх шинэ парламентад суух хүмүүс өмнөх парламентыг бүрдүүлж байсан муу түүхтэй, намтар нимгэн гишүүдээс дордоно уу гэхээс дээрдэхгүй нь. 

МАН, АН-ын удирдлагууд ч ирэх сонгуульд өрсөлдөх эрхийг өөрийн эргэн тойрны хүрээллийн, аль нэг бүлэгт хамаардаг, хөрөнгө чинээ, бэл бэнчинтэй, далласан газар ил гарч, далайсан газар далд орох хүмүүст өгч, арай дөнгүүр сэтгэдэг, бүлэглэлд хамаардаггүй гишүүдээ шахан хавчих бодлого баримталж байна. АН л гэхэд сонгуульд нэр дэвших эрх авахын тулд дэнчингийн мөнгө буюу 100 сая төгрөг гэгчийг бий болгож, Үндсэн хуулиар олгогдсон монгол хүний сонгох, сонгогдох эрхэнд халдсан. АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорсны дараа цахим орчинд намдаа гомдсон, тунирхсан, басхүү халагласан хүмүүсийн сэтгэгдэл дүүрсэн. Энэ бүхний гол шалтгаан нь нэр дэвшигчид нүдээ олоогүйд байсан юм. Өөрөөр хэлбэл, АН мөнгөтэй л бол хэнийг ч дэвшүүлэхэд бэлэн байгааг үүнээс харж болно. 

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн гишүүн, “Хишиг Арвин Индустриал” компанийн дэд захирал, М.Тулгат Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан. Тэрбээр энэ сонгуульд дөрвөн жилийн өмнөөс бэлтгэж, дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгөө өгсөн ч сонгуульд өрсөлдөх эрх авч чадаагүй юм. Тэрбээр цахим хуудастаа бухимдлаа илэрхийлж “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ. “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ.

Тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг, тойрог дамжсан янханг лидер гэх үү. Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либериал ардчилал-баруун төвийн үзэл санаа хаана байна вэ. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч. Гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч” хэмээн бичсэн юм.  Түүний араас “Арай ч дээ, ийм хүмүүс дэвшүүлэх гэж дээ” гэж халаглах хүмүүс цөөнгүй байлаа.

Намуудын нэр дэвшүүлсэн байдлыг харвал МАН харьцангуй нэр цэвэр, боловсрол, туршлагатай хүмүүсээ тойрог бүрт дэвшүүлжээ гэж нэг талаас харж болох ч нөгөө талаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон ч, хийж бүтээсэн дорвитой зүйлгүй, иргэд залхаж эхэлсэн гишүүдээ дахин нэр дэвшүүлсэн нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын хүмүүс байв. Ямар сайндаа л иргэд “Эднийг дахин сонгохгүй ээ, улс төрийн өвгөчүүл” хэмээн халаглаж байх вэ.

Мөн тус намынхан ЖДҮ-чин, авлигачин, ард түмний итгэлийг алдсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хэмээн зарлаж байсан ч ЖДҮ-чин Н.Учралыг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлчихсэн явж байх жишээтэй. Энэ байдлаар МАН-д олигтой гэх хүн хуруу дарам цөөн байна.

МАН-ын удирдлагууд  намаа цэвэрлэнэ гэж амлаж байсан амлалтдаа хүрч чадсангүй.  Харин АН-ын хувьд авилга, албан тушаалын хэргээс гадна танхайн хэрэг өдүүлж байсан ёс зүйгүй хүмүүсээ түлхэх биш, харин ч дэмжээд гаргаад ирж. Энэ намд 100 сая төгрөг өгсөн л  бол чөтгөр байсан ч хамаагүй бололтой. Тухайлбал, Архангайд нэр дэвшиж байгаа Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс завшсан  байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаагаар мултраад амжсан. Сэлэнгэд Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа Сангийн сайд асан С.Баярцогт, Сонгинохайрханд бусдад 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй Кекүшюзан Д.Батбаяр, Дундговьд ЖДҮ-чин Б.Наранхүү,зэрэг дандаа авлига, албан тушаалын хэрэгтнүүд нэр дэвшихээр болжээ.

Нам нь боломж олгоогүй учраас З.Энхболдын дэвшсэн газарт өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан Хотын дарга Э.Бат-Үүл ч намаасаа нэр дэвших эрхээ олж авсан. Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан,  хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүгдэж байгаа. АН-ын хувьд намынхаа шинэчлэлийн төлөө явдаг, дарга нараа шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь нүүрэн дээр нь ил хэлчихдэг  шударга, нэр цэвэр хүмүүсээсээ зайгаа барьж, 100 саяын барьцаагаар нэр дэвшилтээ хийчихлээ.

Ирэх сонгуульд Худалдаа хөгжлийн банкнаас л гэхэд  дөрвөн хүн нэр дэвшиж байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны өмчийг хариуцаж, өндөр цалинтай алба хашдаг байсан Да.Ганболд, мөн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион нар. АН мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг уландаа гишгэж, мөнгө цагаан нүд улаан гэгчээр нэр төртэй гишүүдээ бус олон хүний амны бай, зугаа болсон О.Баасанхүү, С.Жавхлан гэх мэт хүмүүсийг мөн намдаа элсүүлсэн нь бүр инээд, ханиад болж байна. Өнөөх нь ядаж байхад “Хувь тавилан” гэх үгээр халхавч хийгээд сууж байх жишээтэй. Мөн энэ намын лидерүүд гэгддэг хүмүүс чимээгүйхэн суудлаа тавьж өгсөн нь цаагуураа хийсэн албан тушаалын том тохироо ч байж магадгүй. Өнгөн дээрээ тэд ялагдсан дүртэй ч цаанаа тамга өвөртөлчихсөн сууж байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Нэгэн цагт МАНАН-гаас салгана гэж зарлаж байсан хүмүүс өдгөө хэлсэн амандаа хүрч, шинэ төрлийн МАНАН-г байгуулж байгаа бололтой. Үүнийг нь одоо БУДАН гэж нэрлэх үү, аль эсвэл шинэ МАНАН гэх үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.