Халдварт өвчний тохиолдол буурсан ч тэмбүүгийн өвчлөл 38.8 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.

Улсын хэмжээнд 2020 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 29.4 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрсөн нь нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 22, төрсөн хүүхэд 40-өөр нэмэгдсэн байна.

Эхийн эндэгдэл 13 болж, өмнөх оны мөн үеэс найм буюу  2.6 дахин нэмэгджээ. Нийт нас баралтын долоон хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.5 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 60.9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин оны эхний дөрөвдүгээр сард 15 болж, өмнөх оны мөн үеэс нэг, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж хоёр, нярайн эндэгдлийн түвшин долоо болж нэгээр тус тус буурсан байна.

Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид 12 мянга  болж, өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 60.6 хувиар, цусан суулгаар өвчлөгчид 57.7 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 67.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 38.8 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 14.2 хувиар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1613 болж өмнөх сараас 2.6 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж, 12.3 хувиар  буурч, харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж 20 хувь, гэдэсний халдварт өвчин 141 болж, 46.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.