Архи даах чадвар ихсэх нь донтолтын нэг илрэл

Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь архинд донтох эмгэг өвчнийг үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор бид сэтгэцийн эмч С.Золжаргалтай архинд донтох эмгэг өвчний талаар ярилцлаа

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтөний дунд олон зуун жилийн турш өргөн хэрэглэгдэж ирсэн, хүнийг донтуулах сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм. Өнөөдөр архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд гурван сая хүн нас бардаг. Нөгөөтэйгүүр нэг минут тутамд 6 хүн нас барж байгаа болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа. Үндэсний статистикийн хорооны 2018 онд гаргасан судалгаагаар монгол улсын нэг хүнд 9.1 литр архи ноогдож байгаа нь архины хэрэглээ хэт өндөр байгааг харуулж байна. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь архинд донтох эмгэг өвчнийг үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор бид сэтгэцийн эмч С.Золжаргалтай архинд донтох эмгэг өвчний талаар ярилцлаа.

Архинд донтох эмгэг гэж юу вэ?

Архи нь өөрөө сэтгэцэд нөлөөт бодис бөгөөд тухайн бодисыг удаан хугацаагаар давтамжтай хэрэглэсэн тохиолдолд хүний уураг тархинд нөлөөлж эмгэг дур бий болгодог. Ингэснээр тухайн бодисыг хэрэглэхгүй бол тайван байж чаддаггүй. Энэ бол донтолт юм. Монгол улсад 12 төрлийн сэтгэцийн эмгэг бүртгэлтэй байдгаас архины донтолт нь нийгэм, эдийн засаг, тухайн хүний гэр бүлд аюул заналхийллийг авчирдаг.

Сүүлийн үед архинд донтох эмгэгт залуучууд өртөх явдал ихэсчээ. Үүний шалтгаан юу вэ?

Эмчлүүлэхээр эмнэлэгт хандан ирж байгаа үйлчлүүлэгчид насны хувьд харьцангуй залуу буюу  30-50 насныхан байдаг. Архинд донтох эмгэг үүсэх гол шалтгаан нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Монгол улсад баяр ёслол маш их болдог. Үүнээс болж эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэх явдал цөөнгүй болсон. Энэ нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлж архи согтууруулах ундааг хэрэглэх шалтгаан болж байгаа талтай. Төрсөн өдөр, найз нөхдийн уулзалт, тэмдэглэлт баяр ёслолоор заавал архи согтууруулах ундааг хэрэглэж байгаа нь архинд донтуулах бас нэгэн шалтгаан болж байна. Мөн ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс шалтгаалж архи согтууруулах ундааг давтамжтайгаар хэтрүүлэн хэрэглэх нь донтолт үүсгэж байна.

Архинд донтох эмгэгтэй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

Архинд донтох эмгэг нь тодорхой үе шаттай. Эхний үед тухайн хүний архи даах чадвар ихэснэ. Ямар нэг шалтаг шалтгаан, баяр ёслолыг тохиолдуулан архийг хэт их хэрэглэх болно. Мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа буюу өдөр шарталт бага үүснэ. Өөрөөр хэлбэл тухайн хүн архи уусны дараа толгой өвдөх, элэг ходоод өвдөж бөөлжих зэрэг шинж тэмдгүүд бага илэрнэ. Харин дараагийн үед тухайн хүний архины даац хамгийн дээд цэгт хүрнэ. Орчноо сольж уудаг. Өөрт хяналтгүй архи согтууруулах ундааг хэрэглэж эхэлдэг. Үүнд. Өөрт байгаа мөнгө төгрөг, үнэт зүйлээ зарж борлуулан архинд зарцуулдаг болно. Энэ үеэс хүний ааш араншин өөрчлөгдөж уур уцаартай болохоос гадна асуудлыг сөргөөр харж өөнтөгч болдог. Мөн энэ үеэс нойргүйдэлд өртдөг. Сүүлийн шатандаа орсон хүмүүст хий үзэгдэл, дэмийрэл илэрдэг. Нэг үгээр солиорлын шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь тухайн хүн архиа зогсоогоод 24-с 48 цагийн дараагаар нүдэнд нь хий юм харагдах, чихэнд нь хий юм сонсогдох шинжүүд илэрэх ба архи уусан хүн түүндээ итгэдэг. Улмаар архи даах чадвар муудна. Нойргүйдэлт өртөж хар дарж зүүдэлнэ. Сэтгэл санаа тайван бус тогтворгүй болохоос гадна тухайн хүнд шалтгаангүйгээр айдас түгшүүр төрж эхэлдэг.

Архинд донтсон иргэдийг эмчлэхэд хэр хугацаа шаардагддаг вэ? Ямар эмчилгээ хийдэг вэ ? Хүмүүсийн дунд түгээмэл буруу ойлголт байдаг. Ямар нэг эм тариаг хэрэглэснээр архинаас гарна гэж боддог. Гэтэл архинд донтох эмгэг бол дан ганц эм тариагаар эмчлэгддэг өвчин биш. Тухайн хүний сэтгэл зүйн байдалтай тулж ажиллах шаардлага гардаг. Үүнд тодорхой хугацаа шаардагдана. Нэг сар ба түүнээс дээш хугацааг ч зарцуулж болно. Хамгийн гол нь тухайн хүнд өөрт нь архинаас гарах чин эрзэлзлэл байх ёстой. Архинд донтох эмгэг нь сэтгэцийн өвчин учраас Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв мөн НЭМГ-ын харъяа наркологийн төв эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж эмчилгээг хийдэг. Донтолтын зэргээс хамаараад хөнгөн байвал хоёрдугаар шатлалын эмнэлэг буюу аймаг орон нутаг дүүргийн эмнэлгийн сэтгэц наркологийн кабенэтэд хандаж зөвлөгөө үйлчилгээ авч болно. Харин донтолтын зэрэг нь хожуу шатанд байвал гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах ёстой. Эдгээр эмнэлгүүдийн ачаалал өндөр. Сүүлийн жилүүдэд архинд донтох эмгэг ихсэж байгаа учир ачаалал ихтэй тасгууд хүлээлт их байна. Тухайлбал хэвтэн эмчлүүлэх шаарлдагатай иргэн 14-21 хоног хүлээж байж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь ачаалал хэр их байгааг харуулж байгаа талтай юм.

Олон нийтийн сүлжээгээр архинаас гаргана, суулгац хийнэ, шашинаар дамжуулж архинаас гаргана гэх мэт зарууд түгээмэл явах болсон. Энэ үр дүнд хүргэж чадах уу ?

Архийг дахин давтан хэрэглэсэн тохиолдол сэтгэцийн хараат байдал үүсдэг. Иймээс тухай хүн ямар нэг шалтаг шалтгаан гарсан тохиолдолд түүнийг заавал архи ууж даван туулах гээд байдаг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа эм тариа суулгац зэрэг нь тодорхой хугацаанд хүний биед нөлөөлж архи уух дурыг дарж байдаг. Тэрнээс биш бүрэн эмчлэх арга биш. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа зар мэдээллүүдэд итгэлгүйгээр мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аван эмчилгээ хийлгэх нь  үр дүнтэй.

Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрүүгийн хэрэгт холбогдох явдлууд цөөнгүй гарч байна.  Энэ асуудлыг яавал зохистой вэ?

Архидалттай холбоотой хууль хөтөлбөр төслөөр олон ажил хэрэгжүүлж байгаа хэдий ч цөөн хүн амтай манай орны хувьд нас баралт, гэмт хэргийн гаралтад архи нь багагүй үүрэг гүйцэтгэж байгаа. Архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болж биеийг хордуулж сэтгэцэд нөлөөлж донтолт үүсгэснээр хүний сэтгэл зүй нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулж эцсийн дүндээ эрүүл мэнд амь насаар хохироход хүргэж байна. Дээр дурдсанчлан архи нь зан араншингийн өөрчлөлтөд оруулдаг. Айл гэрт нэг архины хамааралтай хүн байхад ойрын хүрээний дөрвөөс багагүй хүн хамааралд өртөж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр архи уусан хүний гэр бүл үр хүүхэд эргэн тойрны хүмүүс давхар сэтгэлийн хямралд өртөж байдаг. Архины хамааралтай хүний гэр бүл маш их айдас түгшүүртэй байхаас гадна сэтгэл санаа тогтворгүйтдэг. Тухайн хүн архиа хэрэглэхийн тулд ар гэрээ дарамтлан агсан согтуу тавьж гэр бүлээ хүчирхийлдэг.

Архины донтох эмгэг өвчлөлийг бууруулахын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Эхний ээлжинд иргэд ажил, амралт, баяр ёслолыг зөв зохистой тэмдэглэж занших хэрэгтэй байна. Учир нь архинд зохистой хэрэглээ гэж байдаггүй. Та тухайн бодисыг хэрэглэж л байгаа бол танд тодорхой хэмжээний сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монгол улсын хэмжээнд архинд донтох эмгэг газар авч эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа учраас энэ асуудалд бодлогийн хэмжээнд анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага бий. Сархад савнаасаа бусдыг дийлдэг учир архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь зохистой.

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.