Улс төрийн парадокс

“Засгийн газраас ард иргэддээ чадлынхаа хэрээр олгосон халамжийг үргэлжлүүлэх боломжгүй. Харин иргэд та бүхэн бүсээ чангалаарай, бас тэсээрэй” гэх вий дээ. Эдийн засгийн нөөц, чадамж, гол түшиц болсон уул уурхайн экспортын өнөөгийн байдал, ажилгүйдлийн түвшин зэргээс харахад сонгуулийн маргаашаас монголчууд хэрхэхийг төсөөлөхөд ч бэрх байна.


УИХ-ын сонгуулийн гарааны зурхай зурагдсан, уралдах “морьд” нь багтаж ядан байгаа энэ үед сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашилж байгаа дүр зураг хаа сайгүй өрнөж байна. Эдгээр дундаас “Дайснаа дарж, дархан цолоо мандуулагсад”-ын парадокс олны анхаарлыг илүүтэй татахын хэрээр энэ нь манай улстөрчдийн байгаа царай, явуургүй, хорон санааг илчлээд өгч байгаа нь өөрсдийнх ирээдүйд даажинтай ч, монголчуудад хэрэгтэй юм даа. Бодитой байж болох ч, логик зүйн үүднээс тайлбарлаж болохооргүй нөхцөл байдал, өгүүлэмж зэргийг шинжлэх ухаан парадокс гэж тодорхойлдог.

Парадокс 1

Хамгийн сүүлд буюу өчигдөр МАН, АН-ынхан хамгийн хүчтэй өрсөлдөгч байж мэдэх Э-ыгаа энэ удаагийн УИХ-д ямар ч байсан нэр дэвшүүлэхгүй “болгож” аваад санаа нь амарч, бүтэн нойртой хонохоор болов бололтой. Нэг талаар хуулиараа болчих юман дээр цөөнгүй улстөрч тараа таниулж, дагжин чичирч, өөрийнхөө хийж чадах бүхнийг хийх шиг боллоо. МАХН-аас УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшихээр зэхэж асан гэхдээ УИХ-д яг жинхнээсээ нэр дэвших гээгүй, хэсэг бусаг нөхдийгөө хэрхэн айхыг, айхдаа юу сэдэхийг, өөрийнхөө хэн бэ гэдгийг илчлэх нүүдлээ өөрөө хийж зогсохыг нь харахыг хүссэн гэх яриа байдаг.

Бүр эсрэгээрээ, “Тэр нөхөр УИХ-д сонгогдож, нэр бүхий улстөрчдөөс хариугаа авах, өөрийг нь “боомилж” асан бүлэглэлийг хүч алдан унах жорыг Төрийн ордны индэрээс өөрөө тааруулахыг хүсэж байгаа. Хамгийн түрүүнд хүсэж байгаа зүйл нь хууль, хүчнийхнийг гартаа оруулахуйц эрх мэдэлтэй болох” гэх яриа ч байдаг. Энэ мэтээр янз янзын л яриа өрнөдөг ч тэр өнгөрсөн хугацаанд хэнд ч, ямар ч муу зүйл хийгээгүйг санах хэрэгтэй. Заавал Саарал ордноос бус, зүгээр л сайхан “Ворошиловын мэргэн бууч” шиг амьдарвал амьдрах байсан ч тэр тэгээгүйг бодоход дээрх жишээний сүүлчийнх түүнээс айж явдаг нөхдийн гаргасан цуурхал байх магадлал өндөр.

Гэхдээ л МАН, АН төдийгүй эвсэл, жижиг намуудын тал талын оролцоотойгоор тэр энэ удаад УИХ-д сонгогдох магадлалтай хүчтэй өрсөлдөгчдийн жагсаалтаас хасагдсан ч улс төрийн гал тогоонд “ахлах тогооч”-оороо үлдэх нь дамжиггүй билээ. 

Парадокс 2

Дээр үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө нэр дэвшихээр горилогчдын дунд “Зэрэг нэмэхийн өмнө” Монголын уран сайхны киноных шиг үйл явдал болсон. Хувийн бизнестэй, сэргэлэн овсгоотой, хөдөлмөр, мөнчгөрөөрөө танилын хүрээгээ овоо зузаалаад амжсан, эсвэл төрийн албанд цөөнгүй жил зүтгэчихсэнээ улстөрч боллоо хэмээн төөрч асан залуучуудыг аль нэг намын удирдлагууд “Дэнчингийн мөнгө, намын татвар, хандиваа гялс өгчих.

Нэрийг чинь дэвшүүлнэ, УИХ-д сойно. Хамтдаа тэр нам, энэ эвслийг ялна” гэж хөөргөж байгаад хэдэн төгрөгийг нь авчихсан гэж байгаа. Тэр ч бүүхэл нэр бүхий хэд хэдэн улстөрчийг “Чи баараггүй ээ, татвар, хандив юм хумаа л гялс тушаа” гэсээр байж авах юмаа авчихаад УИХ-ын сонгуульд нэрээ яг дэвшүүлдгийн даваан дээр “Чиний нэр хүнд намын рейтингийг унагаж мэдэхээр болчихлоо. Тиймээс энэ удаад өнжсөн нь чамд ч, намд ч хэрэгтэй.

Дөрвөн жилийн дараа чиний янз бүрийн юмыг хүмүүс мартагнасан байна” гээд л өнөөх нь улс төр ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч байх жишээний. Нэг талаар улс төрийн сэнтийг мөнгөөр төсөөлж, зүүдлэгчдэд тохирсон сургамж боловч нөгөөтэйгүүр Монголын төр засгийг түшилцэж яваа намуудын бодит дүр төрх, бодлого нэг иймэрхүү зальжин, шантаажчин, панзчин болсныг илчилсэн явдал болсон нь сайн хэрэг. 

Парадокс 3

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлж, манай улс өндөржүүлсэн бэлэн байдал, хөл  хорио тогтоогоод буй. Гэхдээ УИХ-ын сонгууль орон даяар болно гэж байгаа. Намуудаас “УИХ-ын сонгуульд залуучуудын оролцоо, идэвх хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг. Өмнөх сонгуульд манай залуус идэвх муутай оролцсон. Энэ удаад илүү идэвхтэй, ирээдүйнхээ төлөө заавал сонголт хийх хэрэгтэй” гэсэн далд уриалгыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чимээгүйхэн цацсаар байгаа. Өөрөөр хэлбэл, хилээ хааж, дотооддоо өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч улстөрчид эрх мэдэл, албан тушаалд хүрэх, УИХ-д сонгогдохын тулд ард иргэдийг санал өгүүлэх, ирцээ бүрдүүлэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна.

Түүнчлэн өдөр ирэх тусам уруудаж буй эдийн засаг, бусад салбарын уналт, ажилгүйдэл, өрх гэрийн амьжиргааны түвшин доошилж байхад өөдрөг, гэгээлэг мэдээ, мэдээлэл “үйлдвэрлэж”, түүнийгээ төлбөр төлж, олон нийтэд мэдээлсээр байна. Зорилго нь сонгуулийн санал хураалт дуустал улстөрчид, тэдний пи арчид монголчуудын амьдралыг гоё өнгөөр “будах”-ыг хичээж байна. Монголчуудын оюун санааг сонгууль хүртэл өөрсдийн бүтээсэн гоё амлалт, өөдрөг төсөөллийн түвшинд “барьж” байгаад наадмын маргааш “Засгийн газраас ард иргэддээ чадлынхаа хэрээр олгосон халамжийг үргэлжлүүлэх боломжгүй.

Харин иргэд та бүхэн бүсээ чангалаарай, бас тэсээрэй” гэх вий дээ. Эдийн засгийн нөөц, чадамж, гол түшиц болсон уул уурхайн экспортын өнөөгийн байдал, ажилгүйдлийн түвшин зэргээс харахад сонгуулийн маргаашаас монголчууд хэрхэхийг төсөөлөхөд ч бэрх байна. Нэмээд муу ёрлоход, коронавирусийн халдвар сонгуулийн өмнө бус дараа нь дотоодод тархаж ч мэднэ. Энэ мэтээр улстөржсөн өдрүүдийн хошин хийгээд эмгэнэлтэй парадокс уртаас урт хөврөхөөр байгаа ч энд хүргээд дуусгая. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.