Том оврын машины жолооч нарт тавих хяналтыг чангатгая

Том оврын машины жолоочийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс аймшигт хагацал, халуун амь, харуусал гунигийг бүр юугаар ч хэмжих аргагүй.

Том оврын машины осол сүүлийн үед хэд хэд гарав. Энгийн иргэд “Яасан юм бол” гэж сонирхохоос хэтрэхгүй энэ мэдээллийн ард хэчнээн амь тасарч, хэдэн хүүхэд өнчирч, бас хэдэн хүн эд хөрөнгөөрөө хохирч байгааг таашгүй. Аймшигт хагацал, халуун амь, харуусал гунигийг бүр юугаар ч хэмжих аргагүй. Он гарснаас хойш том оврын машин осол гаргасан зургаан хэрэг гарсан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоонд долоо хоногийн хугацаанд хоёр ч том осол гарав. Хамгийн сүүлд, энэ сарын 12-нд том оврын машин, жижиг тэрэгтэй мөргөлдсөн ноцтой ослын улмаас нэг жолооч амиа алдсан. Үүнээс зургаахан хоногийн өмнө буюу энэ сарын 6-нд цемент ачиж явсан том оврын машин Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны пост, мөн 11 машин мөргөн осол гаргаж, хоёр хүн гэмтэж, их хэмжээний эд хөрөнгөний хохирол учруулсан юм. Азаар эрдэнэт хүний амь эрсдээгүй. Осол гаргасан том оврын машины жолооч Г нь 30 настай бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдэг. Харин хөдөлгөөний эрчим, ачааны хэмжээ, замын нөхцөл байдалтай уялдуулан тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулах ёстой байтал энэ бүхнийг тооцоогүйгээс осол гарчээ.

Осол гарахаас цаг гаруйн өмнө түүнийг уг нь цагдаагийн алба хаагч зогсоож, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгааг нь илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ аваад өнгөрсөн байдаг. Хэрэв түүний жолооны үнэмлэхийг хурааж, цааш хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарласан бол энэ ослоос сэргийлж чадах байсан юм. Учир нь, осол гаргасан жолооч Г өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байжээ. Тодруулбал, торгуулиа цаг хугацаанд нь төлөөгүй, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, оношилгоонд оруулаагүй тээврийн хэрэгсэлтэй хоёр удаа, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй таван удаа хөдөлгөөнд оролцож байв. Үүгээр зогсохгүй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа утсаар ярьсан, бичиг баримтгүй, хамгаалах бүс зүүгээгүй, жолоочийн албан журмын даатгалгүй гээд уртаас урт дараалал үүснэ.

Бүхэл бүтэн 15 удаа зөрчил гаргачихаад байхад жолоо барих эрхийг нь хасаагүй нь ч бас нэгийг өгүүлнэ. Харин осол гаргасан жолооч лайв хийж, биеийн байдлынхаа талаар ярьж, ард түмнээсээ хандив хүссэн юм. Тэрбээр машин болоод машиныхаа чиргүүлийг зээлээр авсан гэнэ. Үүнээс гадна олон машин мөргөснийхөө хохирлыг барагдуулахын тулд тусламж хүсэж байгаагаа учирласан. Түүний энэ үгэнд уярч, зарим жолооч хохирол авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Болсон хэргийн талаар  тэрбээр “Уруудаж явахад машин тоормосгүй болсон. Постон дээр хэд хэдэн машин дугаарлаж зогссон байсан учир эсрэг урсгал руу орсон.

Гэвч өөдөөс нь дөрвөн машин гарч ирэн, замын зүүн тал руу шахсан. Тэр үед тоормос ажиллахаа больсон учир нэг бол шатахуун түгээх станц, эсвэл пост мөргөхөөс өөр аргагүй болсон учир постыг дайрсан" хэмээн ярьсан. Тэрбээр гаргасан зөрчлүүдийнхээ талаар харин “Жижиг машин барьж явахдаа гаргасан” хэмээв. Уг ослоос болж жолооч хүндэвтэр гэмтэл авчээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Зоригоогоос тодруулахад “Цагдаагийн байгууллагаас осол юунаас болж гарсан гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа. Эцсийн дүн гараагүй байхад хэн нэгнийг буруутгасан мэдээлэл гаргаж болохгүй” гэсэн юм.

Том оврын машины жолооч ноцтой осол гаргасан өөр хэд хэдэн ослыг дурдаж болно. Баянхошууны Жанцангийн буудал орчимд өнгөрсөн сард “Исүзү” маркийн бетон зуурмагийн машины жолооч зам, тээврийн осол гаргаж, “Хонда фит”, “Тоёота приус”, “Соната-5”, “Коронда”, “Ниссан тийда” зэрэг долоон машиныг мөргөсний улмаас 3-80 насны 11 хүн гэмтсэн. Ослын улмаас 80 настай эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнчлэн Баянхошууны тойргийн уулзварт “Хьюндай трак” маркийн ачааны автомашин “Тоёота приус”, “Румион”, “Сонота-7” зэрэг зургаан тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас 41 настай зорчигч эмэгтэй гэмтсэн.  Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын замд “Хово” маркийн ачааны машин уруудаж явахдаа зам дагуух айлын хашаа, байшинг мөргөж, онхолдсон юм. Жолооч 28 настай эрэгтэй гэмтэж, байшинд нэг хүүхэд ээжтэйгээ хамт байсан ч азаар гэмтэж, бэртээгүй юм.

Энэ мэтчилэн тов оврын машины жолоочийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс, мөн машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаагүйгээс, уралдааны машин унаж байгаа мэт хурдалдгаас, эсвэл онгирч сагсуурсан үйлдлээс болж олон хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад эрдэнэт амиараа хохирдог.

Энэ мэтчилэн тов оврын машины жолоочийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс, мөн машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаагүйгээс, уралдааны машин унаж байгаа мэт хурдалдгаас, эсвэл онгирч сагсуурсан үйлдлээс болж олон хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад эрдэнэт амиараа хохирдог. Өнгөрсөн онд гэхэд зөвхөн зам, тээврийн ослоор 4351 хүн хорвоог орхисон. Зөвхөн Улаанбаатар хотод зам, тээврийн 21874 осол гарч, ослын улмаас 131 хүн нас баржээ. Гэхдээ том оврын машины жолооч осол гаргаснаас болж, төдөн хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амьдралаараа хохирсон гэх мэдээлэл гардаггүй. Энэ оны эхний таван сарын байдлаар л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10320 зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлжээ.

Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол мөнгөн торгууль болон зорчих эрхийг нь хязгаарлахаар Эрүүгийн хуульд заасан. Уг гэмт хэргийг согтуугаар болон мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол жолоо барих эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл ийм хугацаанд хорих ял шийтгэнэ.

Ослын улмаас хүний амь эндсэн бол жолоодох эрхийг нь таван жил хүртэл хугацаагаар хасахын зэрэгцээ зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорино. Хэрэв энэ нь хүндрүүлэх нөхцөлтэй бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан байдаг.  Гэсэн хэдий ч том оврын машины жолооч нарын гаргадаг аваар ослын тоо буурахгүй байна. Энэ нь хууль, эрх зүйн орчноос гадна тэднийг бэлтгэдэг тогтолцоонд гажуудал байгааг харуулж буй юм. Иймээс тэдэнд тавьдаг хяналтыг чангатгаж, аль болох олон жил машин барьсан, дадлага, туршлагатай, урд өмнө нь осол аваар, зөрчил гаргаж байгаагүй хүмүүст том оврын машин барих эрх олгодог болъё. Эс бөгөөс энд ч ийм, тэнд ч тийм том оврын машин айлын гэр мөргөлөө, аваар осол гаргалаа, машин дарж уналаа, жолооч нь нас барлаа гэх хар бараан мэдээлэл тасрахгүй нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.