МЭДЭГДЭЛ

Архангай аймгийн МАН-ын төв штабаас мэдэгдэл хүргүүллээ

МЭДЭГДЭЛ

2020.06.24.                                                                                    Архангай аймаг

          2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.30 цагийн үед Улсын Их Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрог, Архангай аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилго бүхий “Архангай аймгийн МАН сонгогчдод мөнгө тарааж байна” гэх гарчиг бүхий 8 минутын видео бичлэгийг “Архангайн залуучууд” фэйсбүүкийн хуудаснаас олон нийтэд тараалаа.

          Тус мэдээлэл нь илт гүтгэлэгийн чанартай, зохион байгуулалттай, жирийн иргэнийг оролцуулж МАН-аас нэр дэвшигчдийн нэр хүндийг унагах зорилготой явуулсан нь тодорхой байна.

           Тодруулбал, бичлэгийг Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны штабад ажилласан нэр бүхий иргэд өдрийн 16.30 минутын үед хийж, олон нийтийн цахим сүлжээнд 30 орчим минут байршуулсны дараа устгасан.

           Тус бичлэгтэй холбогдуулан Архангай аймгийн МАН-ын хорооноос Архангай аймаг дахь Тагнуулын Ерөнхий газрын хэлтэст хандан энэ талаар АН, бусад нам, эсвэл, нэр дэвшигчдээс гомдол гаргасан эсэх талаар тодруулахад энэ төрлийн гомдол, мэдээлэл шалгагдаагүй болох талаар мэдэгдсэн болно. Тус бичлэгт гарч байгаа хүн нь манай намд бүртгэлтэй шадар туслагч, ухуулагч биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд МАН, түүнээс нэр дэвшигчид илт зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд түгээж, сонгогчдын санал бодолд нөлөөлөх гэсэн арга ядсан, бусармаг үйлдлээ таслан зогсоож, хуулийн дагуу, шударгаар өрсөлдөхийг АН-ын нэр дэвшигчдэд анхааруулж энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна. Мөн сонгуулийн санал хураалт дуусч буй энэ үед сонгогчдын санал хураалтад нөлөөлөх гэсэн худал хуурмаг мэдээлэл автахгүй байхыг нийт сонгогчдодоо сэрэмжлүүлж байна!

                                                                   АРХАНГАЙ АЙМГИЙН

МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ШТАБ