Ц.Мөнхцэцэг: Хэмнэлт хийж эдийн засгийн хүндрэлийг даван туулна

Шинээр бүрэлдэх парламентын гишүүд юу өгүүлэв.

Шинээр бүрэлдэх парламентын гишүүд өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Одоо Ерөнхийлөгчийн товлон зарласнаар УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, Засгийн газраа байгуулах ёстой. Ингээд үнэмлэхээ гардаж авсан шинэ гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хийх эхний ажил Дарханы замын засварыг дуусгах".

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Төрийн бүх шатандаа үндэсний хэмнэлтийн бодлогыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төрийн албан тушаалтнууд олон саяар өрөө тасалгаагаа тохижуулдаг үрэлгэн байдлыг арилгаж, төрийн болон нийтийн өмчийг үр ашигтай, зохистой зарцуулдаг болно. Нийгмийн болон эрүүл мэнд, боловсролын салбарын гол хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтыг эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан хийгээд явна. Үндэсний хэмнэлтийн бодлогоор цар тахлаас улбаатай эдийн засгийн хүдрэлийг даван туулна".

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ирэх 4 жил хэцүү жил байх болно. Ийм үед эдийн засгаа сэргээх, ажлын байраа хамгаалах, бондын өрийг төлөх, хар, саарал жагсаалтаас гарах, монгол хүнийг ажилтай, орлоготой болгох нь энэ Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу. Бид бодлогоор дэмжинэ, байр сууриа хүчтэй илэрхийлнэ. Төрөл бүрийн мэргэжилтэй залуучуудтай хамтарч ажиллана. Шүүмжлэлийг хатуу хэлнэ. Аль нэг намд уусаад шингээд орчих вий гэсэн асуудал байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Сөрөг хүчний хэмжээнд хүчтэй ажиллаж чадна. Сөрөг хүчин 11 суудалтай байлаа ч гэсэн бид хүчтэй сөрөг хүчний байр суурь дээр байна гэдгээ албан ёсоор мэдэгдье. Дөрвөн жилд залуусын дуу хоолой болж ажиллана"

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.