Шинэ парламент яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хоёр гишүүнтэй

АН-аас нэр дэвшин сонгогдсон А.Адъяасүрэн, МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх вэ.

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулиар МАН 62 суудал, АН 11, “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат эвсэл” нэг, нэг бие даагч суудал авч шинээр бүрдэх парламентын 76 суудал бүрдсэн.

Тэдгээр гишүүд өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. УИХ-ын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн товлон зарласан өдөр Анхдугаар чуулганыг зохион байгуулж, тангаргаа өргөх юм.

Энэ удаагийн сонгуульд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хоёр гишүүн байна. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Тэрбээр өнөөдөр үнэмлэхээ өөрийн биеэр ирж гардан аваагүй ч үнэмлэх олгосон талаар СЕХ-оос мэдээлсэн юм. Түүнийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татаж, улмаар шүүхээс дуудсан цагт очоогүй гэх үндэслэлээр цагдан хорьж, барьцаа байршуулах шийдвэр гарсан.

Ж.Эрдэнэбат шүүхийн заасан хугацаанд барьцаа болох 10 тэрбум төгрөг шүүхийн дансанд байршуулж чадаагүй учраас шүүхээс үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Нөгөө нь Баянхонгор аймагт иргэдийн хамгийн их санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэн  юм. Түүнийг бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаад буй. Дээрх хоёр эрхмийн холбогдсон асуудал хэрхэн шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Гишүүний бүрэн эрхээр халхавчлагдаад үлдэх үү эсвэл гэм буруутай эсэхийг нь тогтоогоод үйлдэлд нь тодорхой арга хэмжээ авах уу гэдэг эцсийн шийдвэрийг шүүх засаглал гаргана.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бэгз (66.181.184.202) 2020-06-29 20:11:57
яавал гэждээ...юумаа өгөөд л хэргээ хаалгацгаагаад л гараад ирнэ..мань мэттэй адил мөнгөгүй хүмүүс биш..хууль нь ОХУ ба манай 2рт тийм бололцоо олгодог юм чинь...