УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Нам, эвслийн төлөөлөл гэхээсээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүлээн авч уулзсан гэвэл илүү үнэнд нийцнэ.
Хоёр хоногийн өмнөхөн “Би сонгуульд оролцоогүй учраас сонгуульд ялагдаагүй. Эвслийн тэргүүний хувьд шударга сонгуулийг шаардаж байгаа юм. Би дахин ямар ч сонгуульд нэр дэвшихгүй гэлгээ хэлье. Эд нар намайг ч нэр дэвшүүлэх ч үгүй, сонгогдох эрхийг маань хязгаарласан. Гэхдээ би шударга сонгуулийн төлөө тэмцэнэ гэдгээ хэлмээр байна” хэмээсэн МАХН-ын даргын тэмцэл Ерөнхийлөгч Х.Баттулгын чихэнд хүрч, хүлээн авч уулзсан нь энэ байв.
Тэдний зүгээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх хэргүүдийг шалгахад өөрсдийн төлөөллийг оролцуулах хүсэлтээ хэлж, цаашид сонгуулийн хууль, тогтоомжийг нэр дэвшигч бүрт нэг гарааны, ижил тэгш байхаар батлах, мөрдөх хэрэгцээ шаардлагатай байгаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Н.Энхбаяр нартай ийн ярилцаж, санал солилцсоныхоо дараа УИХ-ын тэдний өргөдөл, гомдлыг хүлээн авч, танилцсаныхаа дараа шийдвэрлэхээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяраас хүргүүлэх гомдол, өргөдлийг шийдэж, шийдвэрлэхээ Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү амласан хэрэг. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд гэдгийг энд тодотгох хэрэгтэй.