Дарангуйллаас төрсөн тэтгэврийн тогтолцоо

Өнөөдөр дэлхийн олон улс оронд байдаг тэтгэврийн тогтолцоо 19 дүгээр дунд үед Германы төмөр канцлер гэгддэг Отто бон Бисмаркийн үед бий болжээ. Түүний санаачилсан тэтгэврийн тогтолцоог хожим нь Чилийн дарангуйлагч Пиночетагийн Засгийн газар шинэчилж байв.

Сонирхолтой нь Бисмарк ард түмэндээ сайн санасандаа тэтгэврийг бий болгосонгүй. Тэрээр тэтгэврийн даатгалын тусламжтай ажилчдыг төрөөс бүрэн хараат болгож ямар нэгэн хувьсгалын үйл ажиллагаанд оролцох боломжийг нь хаах зорилготой байв.

1889 онд Германд тахир дутуугийн болон насжилтийн даатгалын тухай хууль батлагдав. Уг даатгалд бүх ажилчин, жилийн 2000 рейхсмаркийн орлоготой үйлдвэрийн албан хаагчдыг хамруулж 70 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөлтэй байв. Ийнхүү Бисмаркийн санаачлагаар албан ёсны тэтгэврийн даатгалын анхны хэлбэр үүсчээ.

Бисмарк нийгмийн энэхүү туршилтыг хийхдээ III Наполеоны туршлагыг ашиглажээ. Францын бонапартизмын үзэл нь олонхи францчуудыг орлогын хувьд төрөөс хараат байлгах замаар тогтвортой байдлыг бий болгох явдал байлаа. Харин Бисмарк энэ практикийг улам төгөлдөржүүлжээ.

Отто фон Бисмарк 1863 онд Пруссын Засгийн газрын орлогч сайд байхдаа Худалдааны сайд Итценплитцад үйлдвэрийн ажилчдын дунд даатгалын системийг бий болгохыг санал болгож байв. 1864-1865 онд хөдөө аж ахуйн салбарын ажилчдад зориулсан санхүүгийн эх үүсвэр байгуулах төсөл боловсруулж Пруссын ванд өргөн барьж байснаас гадна ажлаасаа халагдсан нэхмэлийн ажилчдад туслах ажлыг зохион байгуулж байв. 

Бисмарк, Наполеон хоёр

1871 онд Бисмарк дахин шинээр байгуулагдсан Германы эзэнт гүрний рейхсканцлерын суудалд очиж бараг хязгааргүй эрх мэдэлтэй болов. Нэгдсэн Германыг байгуулж, Франц-Германы дайнд ялж Францаас их хэмжээний дайны нөхөн төлбөр авах болсноор тэр үеийн Германы санхүүгийн системд тодорхой хэмжээний халалт үүсчээ.  Барааны үнэ, цалин огцом өсөв. Берлин хот Европын хамгийн өртөг өндөртэй хот болов. Германы аж үйлдвэрийнхэн зардал өссөнөөс болж өрсөлдөх чадвараа алдаж эхлэв.

Экспорт унасны дараа чөлөөт худалдааны үзэл санаа газар авав.  Харин улс төрийн хүрээнд консерватив уур амьсгал ноёлж байлаа.  Энэ нөхцөлд Бисмаркийн эдийн засгийн үзэл санаанд том өөрчлөлт гарчээ.

Нэг талаас гаалийн татварыг нэмсэнээр холбооны төсвийг мужуудаас ирэх татварын нийлүүлэлтээс хараат бус болгож төрийн зүгээс том хэмжээний өөрчлөлт хийх мөнгөтэй болов.  Нөгөө талаас үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөний талбар ойлгомжтой болсон байна.  Бисмарк өөрийн өөрчлөлтдөө дээрх хоёр хүчин зүйлийг ашиглажээ. 

“Энэ ажлыг төр өөрийн гарт авах ёстой. Яагаад хөдөлмөрийн чадваргүй хүн, эсвэл төрийн өндөр албан тушаалтан тэтгэвэр аваад жирийн хөдөлмөрчид тэтгэвэргүй хоцорно гэж? Магадгүй хэзээ нэгэн цагт энэ бодлого амжилтгүй болох ч төрийн социализм тэсч үлдэнэ. Тэтгэврийн тогтолцоог хөгжүүлж чадсан улсын иргэд үргэлж идэх хоолтой байна” гэж Бисмарк өөрийн шинэчлэлийн үзэл санааг илэрхийлжээ. 

Бисмарк олон ажлыг зөв хийсэн ч нэг чухал зүйлийг мартсан юм. Тэтгэврийн нас хэтэрхий өндөр байлаа.  1900 онд Германд дөнгөж 600 мянган хүн тэтгэвэр авчээ. Тэдний гуравны хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй байв.  Хэргийн учир нь Бисмаркийн хуулиар тогтоосон 70 насыг насалсан герман хүн ховор байв.  Тэр үед Германд эрэгтэйчүүдийн дундаж нас 40,6, эмэгтэйчүүдийнх 44 жил байлаа.  Харин тэтгэврийн насыг 65 болгосноор 1925 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо 2,5 дахин өсчээ.

Дарангуйллаас төрсөн нийгмийн хамгааллын бодлого

Бисмаркаас хойш бараг 100 жилийн дараа улс орнуудын тэтгэврийн тогтолцоо шинэ бэрхшээлтэй тулгарав. Энд тэндгүй төрийн тэтгэврийн сангууд дампуурч эхлэв. Гаднаас нөлөөлсөн үндсэн хоёр хүчин зүйл ийм байдалд хүргэжээ. Энэ нь нэгдүгээрт дэлхийн хэмжээнд төрөлт багасав. Хоёрдугаарт хүний насжилтыг уртасгасан анагаах ухааны ололтууд. Эдгээрийн үр дүнд тэтгэвэр авагчдын тоо улам ихэсч, татвар төлж тэднийг тэжээдэг ажилчдын тоо улам багасав.

Энэ нөхцөлд тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг Чилийн дарангуйлагч агсан Аугусто Пиночетагийн гарын хүн, хөдөлмөрийн сайд Хосе Пиньера санаачилжээ. 

БУСДЫН МӨНГӨӨР АМЬДАРДАГ ПАРАЗИТУУДЫГ ТӨРҮҮЛСЭН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХӨТӨЛБӨРӨӨС МУУ ХӨТӨЛБӨР ГЭЖ БАЙХГҮЙ

1979 онд Хосе хожим нь Чилиг дэлхийд алдаршуулсан тэтгэврийн тогтолцоог байгуулах ажлаа эхлүүлжээ.  Ажилчин болгонд төрийн тэтгэврээс татгалзах боломж олгов. Энэ тохиолдолд ажилчны орлогын 10 хувь нь татварт бус тэтгэврийн хуримтлалын тооцоонд ордог байв.  “Нийгмйин хамгааллын хөтөлбөр нь хүн бүрийн зүтгэлийг урамшуулж, хувь заяаныхаа төлөө хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүсийг дэмжих ёстой. Бусдын мөнгөөр амьдардаг паразитуудыг төрүүлсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрөөс муу хөтөлбөр гэж байхгүй” гэж  Эрнан Бучи  хэмээх Хосегийн найз нь түүний шинэчлэлийн тухай ярьжээ.

Хосе тэтгэврийн системийг шинэчлэхдээ “та бүхний хуримтлалыг эмээ, өвөө нарт чинь өгөхгүй” гэсэн амлалт өгөв.  Энэ амлалт шинэчлэлийн амин сүнс байсан юм.

Шинэ ажилчид албан журмаар тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд орж байв.  Түүнчлэн үйлдвэрчний эвлэл иргэдийн хуримтлалыг хариуцдаг тэтгэврийн санг өөр дээрээ авах гэж оролдоход төрийн зүгээс хүчээр болиулсан байна. 

1980-аад оны сүүлч гэхэд чиличүүдийн 70 хувь өөрсдөө ирээдүйн хуримтлалаа үүсгэжээ. Хуримтлалын мөнгө ДНБ-ий 30 хувьтай тэнцсэн нь Латин Америкт рекорд тогтоов. Төмөр канцлер Бисмарк германчуудыг тэтгэврийн тогтолцоогоор төрөөс хараат болгож, харин дарангуйлагч Пиночетагийн үед чиличүүд төрөөс хараат бус тэтгэврийн тогтолцоотой болжээ.

Тэтгэврийн эцэг Хосе Пинера

Хосегийн амжилтын үндэс дан ганц дарангуйллын хүчинд байсангүй. Чилид ахмад настай хүмүүсийн тоо тун бага, хүн амын дөнгөж 8 хувийг эзэлдэг.  Нэг тэтгэврийн хүнд 12,8 ажилтай хүн ногддог. 

Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий дахинд насжилт ихэссэнтэй холбоотой тэтгэврийн зардал улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна.  Монгол улсын тэтгэврийн тогтолцоонд том өөрчлөлт хийхгүй бол удахгүй тэтгэврээ тавьж чадахгүйд хүрнэ.  Чилийн туршлагаас харахад тэтгэврийн тогтолцоонд “богино холбоо” үүсгэхгүйн тулд эрс өөрчлөлт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төмөр канцлерын зангидсан тэтгэврийн тогтолцооны зангилааг төмөр гарын оролцоогүйгээр тайлахад тун бэрх болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.