Пороро Байгал: Хүүхдэд ээлтэй орчин бий болгочихоод дараа нь хөшөө барьцгаая

“Пороро”-ийн  хөшөөг  12  тэрбум   төгрөгөөр барина гэсэн Л. Байгал хэмээх нэр дэвшигчийн  мэдэгдэл ойрд олны анхаарлыг татаж, эгдүүцлийг хүргэж  байна. Орон   нутгийн   сонгуулийн   сурталчилгааны   энэ   өдрүүдэд   сонгогчдынхоо анхаарлыг татах гэсэн   оролдлого цахим сүлжээгээр цуварсаар байгаагийн нэг нь энэ. Тэгвэл галзуу гэмээр үг үйлдэл гаргаж явааНИТХ-д Чингэлтэй дүүргийн   16   дугаар   хороог төлөөлөн    нэр   дэвшиж буй   Л.Байгал  сонгогчидтойгоо уулзаж байх үеэр нь уулзаж энэ талаар тодрууллаа.

Та  сонгогчидтойгоо хийх  уулзалтын  үеэр  “Пороро”-гйн  алтан  хөшөөг  эрх чөлөөний талбайд сүндэрлүүлнэ гэж амласан юм уу?

Поророгийн хөшөө барина гэдэгт эгдүүцэж байгаа шиг иргэд бид бусад бүх хэрэгцээгүй хөшөө, хаалга, усан оргилуурыг эсэргүүцэх ёстой гэдгийг энэхүү үг үйлдлээрээ илэрхийлэх гэсэн юм.  Андлалын өргөө, Банхарын хөшөө, усан оргилуур, Соёлын төв гэх мэт цементэн байгууламжууд бидний эрүүл, аюулгүй амьдрах суурь хэрэгцээнд ямар ч нэмэргүй. Үүний оронд сугалаагүйгээр хүүхдээ цэцэрлэгт өгдөг, шалан дээр биш орон дээр хэвтэж эмчлүүлдэг, цемент-шороон дунд бус цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалдаг болохын төлөө бид төсвийн зарцуулалтаа зөв хийх ёстой.  Ард иргэддээ нэг л зүйлийг хэлье. Та нарт Поророгийн хөшөө хэрэггүйтэй адил бусад төрлийн хөшөө баримал ч хэрэггүй. Суурь хэрэгцээг хангахаас төрийн ажлын дараалал эхлэх ёстой. Бид бүхэнд хамгийн түрүүнд эрүүл- аюулгүй амьдрах, ажиллах суурь орчин хэрэгтэй.  Эрх барихаараа гудамж, талбайн нэр солих, хөшөө, хашаа барихаас өөр бодитой ажил хийдэггүй эрх баригчдыг солих хэрэгтэй.  26 жил засагласан МАН-д үүнийг хийх сэтгэл зүтгэл байхгүй юм байна гэдгийг хангалттай харлаа. Тэгвэл одоо бид хийе.

Хэрэв та  НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдвол  хамгийн  түрүүнд ямар ажил санаачлах вэ?

Нийслэлийн таван дүүрэгт  12.5   тэрбум   төгрөгөөр   соёлын   төв   шинээр   барина   гэж   төсөвлөгдсөн   байна. Үүнийхээ оронд шинээр 12 сургууль, цэцэрлэг байгуулж  болохоор байгаа юм. Ер нь зөвхөн хүүхэд гэлтгүй   хөгжлийн   бэрхшээлтэй   иргэддээ   ээлтэй   аюулгүй   хот   болгох   чиглэлд   хийхээр төлөвлөсөн ажлууд их байна. Эдгээрээс эхэлнэ. Иргэдээ сонсож, хамтран ил тод нээлттэй хийнэ.

Сурталчилгаандаа “Пороро”-  г яагаад ашигласан юм бэ ?

Би чинь олны танил биш, зүгээр л нийгэмд зөв өөрчлөлтийг авчрах хүсэлтэй идэвхтэй л иргэн хүн.  Тиймээс миний хувьд, зөв зүйлийг хиймээр байгаа энэхүү хүсэл тэмүүлэлдээ сонгогчдыг хэрхэн татан оролцуулж, хандуулах вэ гэж их бодсон. Бид хүүтэйгээ Пороро хүүхэлдэйн киног үздэг.   Пороро  хүүхэлдэйн   кинонд гардаг  орчин      хүүхдүүдэд   аз жаргалыг бэлэглэдэг тийм эрүүл-аюулгүй байдаг.  Кино  учраас хэтрүүлэг ихтэй л дээ. Гэхдээ л  хүүхдүүдийн үзэж үлгэрлэдэг, амьдрахыг хүсдэг Поророгийн ертөнц нь өнөөдөр бидний бодит ертөнцийн бараг эсрэг туйл нь байгаад байна. Тийм учраас Пороро-оор дүрсэлж сонгуулийн  сурталчилгааны   самбараа байршуулсан   нь    эцэг   эхчүүд   миний   энэ   санааг   ойлгож   үр хүүхдийнхээ мөрөөдлийн тэрхүү ертөнцийн талд нь ч болтугай хүрэхээр тийм орчинг хамтдаа бүтээлцэхийн төлөө  надад итгэл хүлээлгэж дэмжээсэй гэж хэлэх зорилготой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.