БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР “ШИНЭ ӨРГӨӨ” ОНӨААТҮГ, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР “ШИНЭ ӨРГӨӨ” ОНӨААТҮГ, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ажлын эхний өдрөө, гудамж талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг хариуцдаг Баянгол дүүргийн “Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, ажлын нөхцөл байдал, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын үеэр Баянгол “Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын ажилчид “Бид нийслэлээс баталж өгсөн талбайг цэвэрлэх үүрэгтэй байдаг ч одоогийн байдлаар заасан хэмжээнээс их талбай цэвэрлэж байна. Албан ажлаа гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, ажилчдын хөдөлмөр хамгааллын хэрэгсэл дутмаг байдаг” тухай санал бодлоо хуваалцаж, шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн иргэдийн хамгийн чухал, амин сүнс нь болсон салбар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв (7 дугаар төв)-ийн үйл ажиллагаатай Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайхан, П.Өлзийнаран, Ү.Батбаяр, Ц.Түмэндэмбэрэл нар танилцав. Энэ үеэр тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Манай төв ачаалал ихтэй ажилладаг. Учир нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг дүүргийн зарим хороод дээр байдаггүй. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төв анхан шатны үйлчилгээг зэрэг үзүүлж ажилладаг гэсэн үг. Хэрвээ өрхийн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн анхан шатны шинжилгээ, үйлчилгээг өгч чаддаг болчихвол манай төв өрхийн эмнэлэг дээр шийдэгдэх боломжгүй бусад шинжилгээ, оношилгоо зэргийг хийж, ачааллыг багасгах боломжтой. Иймд дүүргийн хороод тус бүрийн өрхийн эмнэлгийг чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байна. Бидэнд бол ажиллах боловсон хүчин бий. Харин ажлын байр бий болгож, иргэддээ тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй шуурхай, чанартай хүргэх тал дээр анхаарч ажиллаарай” гэв. Уг уулзалтын үеэр холбогдох албан тушаалтнууд Эрчимт эмчилгээ, Мэс засал, Сонгомол эмчилгээ, Гемодиализ эмчилгээний тасаг болон дүүргийн Хүүхдийн салбар эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг нь сонслоо.

Тухайлбал, Баянгол дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэгт өнөөдрийн байдлаар 146 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-5 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн ихэнхийг нь амьсгалын замын халдварт өвчин, уушгины хатгалгаа, хоол боловсруулах замын өвчин эзэлж байна. Иймд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ аль болох эрүүл байлгаж, амны хаалтыг нь тогтмол зүүлгэж, агаар салхинд гаргаснаар дээрх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна. Дашрамд дурдахад, тус дүүргийн Эрүүл мэндийн төвд ходоодны дуран, яаралтай эрчимт эмчилгээний ор, дүрс оношилгооны лаборатори, сэргээн засварлах өрөө нэн шаардлагатай байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.