У.Хүрэлсүхийн шуумаас “цухуйсан” Х.Баттулгын сонирхол

У.Хүрэлсүх: Онц байдлыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Энэ бол нийтээрээ тэг зогсолтод шилжинэ гэсэн үг. Ийм зүйл битгий болоосой гэж залбирч байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Ковид-19”-ээс үүдсэн хөл хориотой холбогдуулж, Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт айл, өрхөд нэг сая төгрөг өгье гэлээ. Үүнийгээ албан бичгээр Засгийн газарт уламжлахдаа 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянгыг нь эрхийг бичиг хэлбэрээр олгож, дотоодын аж ахуйн нэгжээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулъя гэв.

Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад хаягласан санал очихоос долоо хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн мэдэгдэл гаргаж байв.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төр, засгийн гурван удирдлага багтдаг уг зөвлөлөөс гаргасан мэдэгдлийн агуулга нь дотоодод тархаж эхэлсэн “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, сахилга бат хамгийн чухал гэдгийг тодотгосон байдаг.

Харин “Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” хэмээх Ерөнхийлөгчийн үг иргэдэд сая төгрөг тараах байр суурь болон өөрчлөгдсөн нь энэ. Ерөнхийлөгч саналаа Засгийн газарт хүргүүлсэн тухай албан мэдээ тарсны дараагаас сая төгрөг авна, авахгүй гэх дэмжлэг, бас шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөж, хүссэн, хүсээгүй хэлэлцүүлгийн төвшинд очив.

Гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэнгүй.

Тийм боломж ч байхгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийх үеэрээ онцолж, учирласан, шалтгааныг нь тайлбарласан.

Хамгийн анхаарал татахуйц нэгэн шуумыг Засгийн тэргүүн У.Хүрэлсүх цухалзуулаад өнгөрсөн нь улс даяар Онц байдал зарлах эсэх тухай байв. Тэрбээр “Хэрвээ арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдал хүндэрвэл Бүх нийтийн бэлэн байдлын хүрээ цаашаа үргэлжилнэ. Бүр шаардлагатай бол Онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй. Онц байдлыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Энэ бол нийтээрээ тэг зогсолтод шилжинэ гэсэн үг. Ийм зүйл битгий болоосой гэж залбирч байна. Ийм байдал үүсгэхгүйн тулд богино хугацаанд хатуу хөл хорио тогтоож, тэсч гарах ёстой” гэсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сонирхлыг битүүхэндээ олон нийтэд “дэлгэчихэв”. Дэлгэв гэдэг нь учиртай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Ерөнхийлөгчийн даргалдаг, УИХ-ын дарга багтдаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дотоодод хатуу хөл хорио тогтоосноос хойш ойрмогхон хуралдаж, тодорхой төвшний санал, санаачилгыг хэлэлцэж, ярилцах болсон гэх.

Тэдгээрийн нэг нь ирэх сарын 1-нийг хүртэл “Ковид-19”-ийн хамрах хүрээ, дотоод дахь тархалтыг хазаарлаж чадахгүй тохиолдолд Онц байдал зарлах тухай асуудлыг хөндсөн бололтой.

“Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн тархалтыг хорьж чадахгүй, нөхцөл байдал одоогийнхоос хүндэрвэл Ерөнхийлөгч хуулийн хүрээнд зарлиг гаргаж, орон даяар Онц байдал зарлах эрх нь нээлттэй гэсэн үг. Муугаар бодоход шүү дээ. Санаж байгаа бол УИХ-ын ээлжит сонгуулиас хоёр сарын өмнө “Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш.

Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна” хэмээх уриалгыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс гаргаж байлаа.

Тухайн үед тусгай үүргийн болон Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн иргэдээс “Ковид-19”-ийн халдвар илэрснийг эс тооцвол Монгол Улс дотооддоо алдаагүй цөөн орны нэгээр тодорч байсан ч Нэгдүгээр эрхмийн зүгээс Төрийн эрх мэдлийг нэг хүнд, тэр дундаа өөртөө төвлөрүүлэх сонирхлоо уриалга нэрийн дор илэрхийлж байсан нь энэ байв. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалга дэмжигдээгүй. Эсрэгээрээ шүүмжлэлд өртсөн. Улсын Онцгой комисс, Засгийн газрын төвшинд холбогдох шийдвэрийг гаргасаар өнөөдрийг хүрсэн ч дотооддоо алдсан нь Төрийн тэргүүний сонирхлыг дахин өдөөж эхэлсэн бололтой.

Эндээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн шиг Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онц байдал тогтоовол нийгмийн уур амьсгал ямар байдалд шилжих вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж одоогийнх шиг цагдаа, дотоодын цэрэг, онцгой, мэргэжлийн хяналтын зам талбайд хяналт тавьж, иргэдэд “зөөлөн” хандахгүй. Тэр бүгдийг гартаа буу агссан зэвсэгт хүчнийхэн хянана. Нийгмээрээ, улсаараа тэг зогсолт хийнэ гэсэн үг.

Нэгээс нөгөө нийгэмд шилжихдээ хулганы хамраас ч цус гаргалгүй тайван замаар шилжсэн гэгддэг Монгол Улс Ерөнхийлөгч гэсэн ганцхан удирдлагатай болж, зэвсэгт хүчний “мэдэл”-д очно. Гудамж талбайгаар хүн явах нь байтугай албаны тэрэг ч явахгүй, явуулахгүй гээд нийгэмд шууд үзүүлэх нөлөөлөл нь их.

Энэ бүгдээс шалтгаалж, эдийн засгийн үзүүлэлт бодит утгаараа ТЭГ зогсолт хийх учраас Онц байдал зарлах нь хүсээд байх зүйл биш.  

Тэгэхээр “Онц байдлыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Энэ бол нийтээрээ тэг зогсолтод шилжинэ гэсэн үг. Ийм зүйл битгий болоосой гэж залбирч байна. Ийм байдал үүсгэхгүйн тулд богино хугацаанд хатуу хөл хорио тогтоож, тэсч гарах ёстой” гэсэн Ерөнхий сайдын үгэнд итгэж, найдах л үлдэж байна. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Хамгийн хэрэгтэй.

Онцлоход “Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно” гэсэн Үндсэн хуулийн заалт бийг энд тодотгох хэрэгтэй. Нэг үгээр, Онц байдал зарлаж, цэрэг, танк оруулж ирэх эцсийн шийдвэр, эрх мэдэл нь парламентад хадгалагдаж буй хэрэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.