Цар тахал бол цаг зуурын ханиад биш

“Дэлгүүр орж явна”. “Гэртээ хэд хоног хэвтлээ. Толгой өвдөөд салхилж байна” гэх зэргээр тавьсан шаардлагыг хүлээж авахгүй хүмүүс байна.

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрсэн “COVID-19”-ийг хил давуулалгүй ар¬ван сарын хугацаанд амжилттай “хамгаалсан” Монгол Улс дотооддоо алдсанаар хатуу хөл хорио тогтоогоод найм хоног өнгөрөв. Улсын онцгой комиссын санал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн уг хөл хорионы хүрээнд нийслэлийн хэмжээнд өрхийн эмнэлэгүүд бо¬лон тодорхой байршилд түргэвчилсэн оно¬шилгооны цэг ажиллуулж эхэлсэн. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж, шинжилгээнд хамрагдаж байгаа эсэхийг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн VII, VIII хорооны өрхийн эмнэлгийг зорилоо.


Хот хэмээх “их айл” хэдийнэ эл хуль, хөл хөдөлгөөнгүй байдалд шилжсэн нь иргэд дэглэмээ ягштал баримталж байгааг илтгэх мэт. Алхам тутамд цагдаа, онц¬гойгийн алба хаагчид тааралдаж, заримд нь иргэний болон ажлын үнэмлэхээ үзүүлж, цааш нэвтрэх эрхтэй болсноор зорьсон газраа ирэв. “Энхсүндэр” өрхийн эмнэлгийн хаалганд “Эмнэлэг эрсдэлтэй орчин. Та шаардлагатай бол 11352092 болон ковидын үеийн зөвлөгөө авах 119, 80086829 дугаарт хандана уу” гэсэн бичгийг хаджээ. Хаалга цоожтой ч тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч нар хамгаалалтын хувцсаа өмсөж шинжилгээ авч байгааг Г.Энхтуяа дарга учирлалаа.

Тэрбээр “13.30-17.00 цаг хүртэл “COVID-19”-ийн шинжилгээний сорьц авч байна. Нэг хүний шинжилгээнд 30 минут зарцуулж, өдөрт 6-7 хүнийг хамруулна. Одоогоор хоёр хүний шинжилгээг авсан. Шинжилгээ өгөх хүний тоо харьцангуй их байгаа учраас цаг өгч, үйлчилгээ үзүүлэхээс өөр ямар ч арга байхгүй. Үдээс өмнө буюу 08.30-13.00 цаг хүртэл эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үзлэг, эмчилгээ хийж байгаа. Гэхдээ иргэд эмнэлэг эрсдэлтэй орчин гэдгийг ойлгохгүй, энгийн үе шиг аашилж байгаа нь ажиглагдаж байна. Маскгүй хүн ч ирсэн. Хүлээн авахаас маск зүүлгээд, халдвар хамгаалалын дэглэмээ баримтлаад л ажиллана. Эмч нар маань яаралтай дуудлаганд явж байна. Бага насны хүүхдүүдийн дунд халуурч, хоолой нь өвдсөн шинж тэмдэг зонхилж байна. Хүүхдийн дуудлага харьцангуй их ирдэг” гэв. “Энхсүндэр” эмнэлэг шинжилгээ өгөх цаг товлож байгаа нь иргэдийг эрсдэлээс сэргийлэхээс гадна нэг дор олон хүн цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ийм арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. VIII хорооны “Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн үүдэнд тав, зургаан хүн 1.5-2 метрийн зайтай дараалал үүсгэн зогсжээ.

Ихэвчлэн өндөр настай хүмүүс харагдах аж. “Орон нутгаас ирсэн. Одоо шинжилгээндээ хамрагдаад хариу сөрөг гарвал харих магадлал өндөр, хүү минь. Хотод эмнэлэгт үзүүлэх л гэж ирсэн юм. Хөдөө хэдэн мал хэцүүдлээ. Харихгүй бол болохгүй нь. Ямар ч байсан шинжилгээгээ өгчихсөн байхад учир нь олдох байлгүй дээ” хэмээн 70 орчим насны бололтой буурай хэлж байсан юм. Шинжилгээ өгөхөөр дугаарлаж байгаа иргэдэд нийгмийн ажилтан Ж.Цэнд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хол зайтай зогсох сануулгыг өгч байв.

Түүнээс өдөрт хэдэн хүнийг шинжилгээнд хамруулж байгааг тодруулахад “119 болон 80086829 дугаарт холбогдож, бүртгүүлсэн хүмүүсийнхээ шинжилгээг эхний ээлжинд ав гэсэн чиглэл өгсөн.

Гэхдээ эдгээр хүн маань орон нутгаас хотод ирээд гацчихсан учраас бүртгэлгүй байсан ч дугаарын дагуу оруулж байна. Шинжилгээний хариу 20-30 минутанд гарна. Өдөрт таван хүнээс шинжилгээ авна” гэлээ. Биднийг ийн ярилцах зуур нэг эмээ таягаа тулсаар дугаарлаж буй иргэдийн ард зогсов. Ж.Цэнд “Өнөөдөр шинжилгээ өгөх хүний тоо гүйцсэн. Та маргааш 13.30 цагт ирээрэй” гэж зайнаас тайлбарлаж буцаав. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгээд дөрвөн хоног өнгөрч байгаа ч хамрагдах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, зарим цэг олон хүнийг хамруулахын тулд цагаа сунгах ч тохиолдол гарч байгаа аж.

Бидний дараагийн очсон газар бол Монгол III сургууль. 100 гаруй хүн 1.5-2 метрийн зайтайгаар дараалал үүсгэн зогсжээ. Онцгой байдал, цагдаагийнхан хэв журам сахиулан иргэдэд шаардлага тавьж байлаа. Иргэд ч тэдний тавьсан шаардлагыг хүлээн авч, дундын зайгаа сайн баримталж харагдсан. Тус сургуулийн байранд халдвар авсан байж болзошгүй, ойрын хавьтлынх гэж тооцоолсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа гэнэ. Тэдний дунд МУБИС- ийн дотуур байрны оюутнууд ч багтжээ. Тэдэн рүү сургуулийн захиргаанаас нь утасдаж, заавал шинжилгээнд хамрагдах чиглэл өгсөн байна. Тус сургуулийн I дамжааны оюутан Б “Шинжилгээ өгөхөөр хоёр цаг хүлээж байна. Биеийн байдал сайн байгаа ч бусдыг болон өөрийгөө эрсдэлд оруулахгүй тулд сургуулиас өгсөн заавар, эмчийн зөвлөгөөг дагаж байна” гэв. Тус цэгт шинжилгээ хийх, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, сорьц авах өрөө зэргийг бэлтгэж, иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байлаа.

Түүнчлэн орон нутгийн иргэд ч энд шинжилгээг өгөхөөр иржээ. Тухайлбал, иргэн Б Дорнод аймгаас ар гэрийн гачигдлаар ирээд 14 хоносон гэнэ. Тэрбээр “Цар тахал тархсантай холбоотойгоор нийслэлээс орж, гарах хөдөлгөөнийг хаасан. Энэ хооронд аав минь бурхны оронд одчихлоо. Тиймээс хурдан л нутаг буцмаар байна. Эхний ээлжид иргэнийхээ үүргийг биелүүлээд шинжилгээ өгье. Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна” хэмээн хоолой зангируулан хэлэв. Энд хоёр хоногийн өмнө л гэхэд 272 хүнээс шинжилгээ авч, 21.00 цаг хүртэл ажлын цагаа сунгаж, дугаарласан бүх хүнийг хамруулсан гэнэ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, хошууч Г.Ганбаяр “Дуудлагын дагуу сая ирлээ. Олон хүн байгаа болохоор хүндрэл үүсч болзошгүй. Цар тахлын талаар иргэдэд мэдээлэл өгөх эрүүл мэндийн байгууллагын ажилтан энд байхгүй. Гэхдээ цаг зааж зарласан, дуудсан хүмүүс эсвэл хорооны оршин суугчдаас шинжилгээ авна гэж байгаа ч орон нутгийн иргэд олон байна. “Орон нутаг руу гаргах шийдвэр гарч магадгүй. Заавал шинжилгээ өгсөн байх ёстой” гэсэн хүмүүс л байна. VI, VIII, XI дүгээр хорооны иргэд энд шинжилгээ өгнө. Гэтэл өөр хорооны харьяалалтай иргэд дараалал үүсгээд зогсож байхаар нь дүүрэг, өрхийнх нь эмнэлэг рүү явуулсан” гэв.

Эрүүл мэндийн яамнаас 11.00, 17.00 цагт үүссэн нөхцөл байдлын талаар иргэдэд холбогдох мэдээллийг шуурхай өгч, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хамгийн гол нь гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа.

Гэвч энгийн үе шиг гудамжаар алхаж буй хүмүүстэй сурвалжилга хийх явцад нэлээд таарсан юм. Буцах замд буюу “Ардын эрх”- ийн уулзвар дээр хяналт тавьж буй Дотоод хэргийн сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогч Б.Энхтайван “Нялх хүүхдээ тэвэрчихээд “Дэлгүүр орж явна”. “Гэртээ хэд хоног хэвтлээ. Толгой өвдөөд салхилж байна” гэх зэргээр тавьсан шаардлагыг хүлээж авахгүй хүмүүс байна. Бид Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг иргэн бүрт танилцуулдаг. Хөл хорио тогтоосон энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барьж, гэртээ байснаар өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг халдвараас сэргийлэх боломжтой. Настай хүмүүс болон үе тэнгийн залуус сонсогч бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, элэг барьж, үл тоосон хандлага гаргаж байна. Гэхдээ өргөсөн тангаргийнхаа дагуу үүргээ нэр төртэй биелүүлнэ” гэснээр бидний яриа өндөрлөв.

С.Ичинхорлоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.