“Сүнстэй УИХ”

Монголын парламентыг мануухай мэт үзсэн Ц.Мөнхцэцэг гишүүн маргааш ямар үйлдэл гаргах нь эргэлзээтэй.

Уг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг анх удаагаа парламентад сонгогдсон 32-оосоо хамгийн боловсролтой цөөн хэсгийн төлөөлөл гэж МАН-ынхан ярьдаг юм гэнэ лээ. Тэр өөрөө ч энэ тухайгаа хэд хэдэн удаагийн нэвтрүүлэг, ярилцлагын үеэр онцолж, Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад голлох нөлөөтэй оролцсон талаараа дурдсан байдаг юм. МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцсан, дэд профессор зэрэг намтарт нь “уяатай” явдаг цол гуншин нь ч үүнийг илтгэнэ.

Үүгээр нь ч Сүхбаатар дүүргийн сонгогчид түүнд итгэл үзүүлж, төлөөллөөрөө сонгож, УИХ-д илгээсэн байж таарна. Гэвч үгүй бололтой.

Учир нь, гадаад, дотоодын их, сургуулийг дүүргэн, дээд боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалсан ч хувь хүний унаган төлөвшлийг өөрчилж болдоггүй нь үнэн ажээ. Монголчууд ярьдаг, гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж. Үүн шиг МАН-ын толгой эрдэмтдийн нэгээр “тодорсон” Ц.Мөнхцэцэг гишүүн УИХ-д сонгогдоод таван сар ч өнгөрөөгүй байхад тараа таниулж орхилоо. “Ковид-19”-ийн цар тахалтай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний явц, үр дүнгийн талаар өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд парламентад мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Ц.Мөнхцэцэг гишүүн өөрөө бус “цээж зураг” нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нь олон нийтийн эгдүүцэл, шүүмжлэлийг зэрэг төрүүлэв. ДЭМБ, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх, маскаа зүүх, хамгийн гол нь гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж буй. Энэ хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг онлайн хэлбэрээр явуулж, Улсын төсвийг баталж, эхлээд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм.

Нэг үгээр УИХ-ын гишүүд чуулганы танхимд суух биш өөрийн байгаа газраас цахимаар хуралдаанд оролцох боломжийг бүрдүүлсэн. Байгаа газар гэдэгт албан өрөө, гэр орон нь багтана. Тэдгээрийн нэг болох гэрээсээ чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцсон гишүүн Ц.Мөнхцэцэг “Ковид-19”-тэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газраас мэдээлэл хийх үеэр өөрийн цээж зургийг дарж, үлдээгээд амин хувийн ажлаа зохицуулахаар босч яваа нь бичлэгт үлджээ.

Үүнийг нь хуралдаан даргалагч анзаараагүй байж болох ч иргэд, олон нийт анзаарсан хэрэг.

Угаас цар тахлын төвшинд хүрээд удаж буй “Ковид-19”-ээс урьдчилан сэргийлэх асуудлаар Засгийн газар ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа талаарх байр суурь иргэдийн хувьд чухал. Ямар гарц гаргалгаа байгааг бүгдээрээ чих тавин сонсох сэдэв.

Тийм атал Ц.Мөнхцэцэг гишүүн цахим хуралдааны индэрт жишим ч үгүй цээж зургаа тавьчихаад босч яваа нь олон нийтэд таалагдсангүй. Тэгэх нь ч аргагүй юм. УИХ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Тэнд хэн дуртай нь очоод суучихдаггүй. Тэр хэрээрээ өөрийн гэсэн босготой, ёс зүйг шаарддаг. Гэтэл өөрийн эзэмшсэн боловсролоор сайрхах дуртай Ц.Мөнхцэцэг гишүүнээс ийм увайгүй авир гарсан нь иргэдийн эгдүүцлийг төрүүлээд зогсохгүй Монгол төрийг басамжилсан үйлдэл боллоо. Бусад гишүүний тухайд чуулганы хуралдаанд цахимаар оролцож байгаа ч төрөө хүндэтгээд асуудлыг хэлэлцэж дуустал суугаа харагдсан.

Хаа нэг зарим нь босч явсан ч Ц.Мөнхцэцэг гишүүн шиг цээж зургаа үлдээж, бусдыгаа, ялангуяа сонгогчдоо хуураагүй.  

Юм үнэнээрээ л байх сайхан. Гэвч бүхэл бүтэн парламентыг, хуралдаан даргалагчтай нь хуурч байгаад “гардуулсан” Ц.Мөнхцэцэг гишүүний эл үйлдэл түүнд цаашид итгэл үзүүлэх эсэх асуудлыг ч сөхөхөд хүргэж эхэллээ. Ц.Мөнхцэцэг гишүүн хэлнэ лээ. “Ер нь гэрээс онлайн хурал хийхэд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх явдал бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ виртуаль зураг, цээж зургаа тавих, эсвэл камераа хаах зэргээр бүтэн өдрийн чуулгандаа оролцож байгаа шүү” гэж.

Уг нь тэр ийм үйлдэл гаргасандаа хүлцэл өчиж, уучлал гуйх байв.

Гэвч тэгсэнгүй. Эсрэгээрээ шалтаг тоочиж, шалтгаанаа тайлбарлаад сууж байх юм. Бүр үр хүүхдээрээ хүртэл түрий барин учирлав. Тэр бусдын адил үр хүүхдийнхээ ээж, эр нөхрийнхөө хань байж болно. Гэхдээ Монголын төр бол Монголын төр. УИХ бол УИХ, тэр тусмаа хууль тогтоох дээд байгууллага. Өөрийн гэсэн дэг жаягтай, ёс зүйтэй. Түүгээрээ явсаар ирсэн. Үе үеийн парламент өөрийн гэсэн онцлог, шүүмжлэл, хардлага, зөрчилтэй л байсан. Гэхдээ өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Ц.Мөнхцэцэг гишүүн шиг ийм үйлдэл гаргаж байсан нь үгүй.

Нэг урвасан хүн, хоёр дахиа урвах нь амархан гэлцдэг.

Үүн шиг өнөөдөр Монголын парламентыг мануухай мэт үзсэн Ц.Мөнхцэцэг гишүүн маргааш ямар үйлдэл гаргах нь эргэлзээтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэггүй юм бил үү?! Нийгмийн сүлжээнд ярьж байна лээ. “Сүнстэй УИХ" болчихсон юм уу? гэж. Оргүй ч яриа биш юм.

Г.Эрхэм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.