Оюу Толгойн Тусгай хороонд Н.Багабандийг багтаах уу?

Түүний хувьд 2010-2013 онд Оюу Толгойн ТУЗ-ийн анхны гишүүнээр ажиллаж байгаад 2016 оны есдүгээр сараас дахин томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

Оюу Толгойн ТУЗ-өөс төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэрийг өчигдөр гаргажээ.


Тусгай хороо нь дөрвөн гишүүнээс бүрдэж, “Эрдэнэс Оюу толгой” компаниас хоёр, “Туркойс Хилл Ресурс”-ын хоёр гишүүн байхаар шийдвэрлэжээ. Улмаар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүргийг хүлээх аж. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолжээ. 

Үүнтэй холбоотойгоор Тусгай хороонд Монголын талаас ямар хоёр гишүүнийг томилж ажиллуулах асуудал хөндөгдөж эхэлсэн байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Оюу Толгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван гишүүний хоёрт нь сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хүнийг томилсон байдаг.

Ингэхдээ "ЖиПи Морган"-д ажиллаж байсан Э.Баясгалан, геологич инженер мэргэжилтэй З.Ган-Очир нарыг Оюу Толгойн ТУЗ-ийн шинэ гишүүнээр томилсон юм.

Харин Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээр улираахаар шийдвэрлэсэн. Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс дээрх хоёр хүнийг сонгосон нь энэ. Оюу Толгойн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэг. Эдгээрийн гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Тэгвэл хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах Тусгай хорооны бүрэлдэхүүнд Монголын талаас оруулах хүний нэгээр Ерөнхийлөгч асан Н.Баганбандийг томилох сураг дуулдаж эхлээд байна. Түүний хувьд 2010-2013 онд Оюу Толгойн ТУЗ-ийн анхны гишүүнээр ажиллаж байгаад 2016 оны есдүгээр сараас дахин томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж анх тооцоолж байсан ч 2019 оны долдугаар сарын 16-нд “Рио Тинто” компаниас далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн талаар мэдэгдсэн. Мөн ашиглалтад орох хугацаа анх тооцоолж байснаас 16-20 сараар хойшлох талаар мэдээлсэн юм. Оюу Толгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцоолж байгаа.

Харин далд уурхай ашиглалтад орсноор Оюу Толгой нь зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон уурхай болох юм.  

Компанийн нийт хувьцааны 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн 66 хувийг Канадын Торонтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд давхар бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс” компани тус тус эзэмшдэг. “Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт хувьцааны хяналтын багц буюу 50.8 хувийг эзэмшиж, Оюу Толгой төслийн уурхайн оператор, менежерийн хувьд өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлдэг.

Энэхүү шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Оюу Толгойн хэрэгжүүлж буй далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал анх төсөвлөсөн хэмжээнээс даруй 30 гаруй хувиар нэмэгдэж, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшилсон шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа нь сайн хэрэг.

Оюу Толгойн үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлөөс тавих хяналт сулралгүй, компанийн сайн засаглалын зарчмууд хэрэгжиж байгааг харахад баяртай байна.

Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бид дэмжиж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болгох нь компанийн болон бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэж, үйл ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлыг урт хугацаанд хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дэмжиж ажилладаг. Дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтад орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн (64.119.23.148) 2020-12-05 08:46:51
Энэ их баялагаа улс эх орондоо ашигтайгаар эргүүлж чадах хүчирхэг төр, төрийн хүн алга уу? Мөнч их баялаг хайран юм