Какүрюү М.Ананд Японы иргэн болсныг зарлажээ

Мэргэжлийн сүмо бөхийн Изүцү дэвжээг хаалгахыг хүсээгүй их аварга М.Ананд Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргаж байсан удаатай.  

Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү М.Анандыг албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэншил авсныг албаны хүмүүс өнөөдөр мэдээлжээ.

Тэрбээр зодог тайлсныхаа дараа ийнхүү Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм. Мөн Какүрюү Ананд иргэншлээ сольсон дөрөв дэх ёкозүна цолтон болж байна. Түүний өмнө америк гаралтай Акэбоно, Мүсашимарү болон монгол гаралтай Хакүхо нар Япон улсын иргэншил авсан юм.

Мэргэжлийн сүмо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко өнгөрсөн онд нас барснаар тус дэвжээ багшгүй болсон байдаг. Ийнхүү багшгүй болсон сүмочид Мичинокү дэвжээнд шилжиж очсон юм.

Тухайн үед дэвжээгээ хаалгахыг хүсээгүй их аварга М.Ананд тус дэвжээг удирдах хүн хайсан ч боломж олдоогүй. Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй юм. Иймээс тэрбээр Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргаж байсан удаатай.  

М.Ананд нь 1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Мэргэжлийн сүмогийн 2001 оны кюүшюү башёд анх барилдаж эхэлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.