Т.Баатар: Улаанчулуутад ил задгай хаясан эмнэлгийн хог хаягдал Covid-19-тэй холбоогүй

Эд мөрийн баримтаас харахад 2013-2014 онуудад говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан.

Улаанчулуут хогийн цэгт Covid-19 илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаар мэдээлэл гарсан.


Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Эрүүл мэндийн яам эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг устгадаг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж хог хаягдлуудаа устгуулдаг. Ингэхдээ технологийн дагуу аюултай хог хаягдлыг булж устгах журамтай.

Улаанчулуут хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай байдаг ч “Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн хог биш байна" гэсэн шалтгаанаар дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй байна. Тиймээс эхний ээлжид ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг олж тогтоосон талаар тус газраас мэдээллээ.

Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар "Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай, халдвартай байж болзошгүй хог хаягдалд өчигдөр шалгалт хийсэн. Уг хог хаягдал дунд олон тооны шинжилгээ авдаг хуруу шил байсан. Хурууны шилэн дээрх тэмдэглэгээ код, дугааруудаар хөөж шалгаж үзэхэд “Элемент медикал” компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд улсын Мал, эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 196.3 кг эмнэлгийн хог хаягдал байсан.

Тодруулбал, тухайн байгууллагын жолооч уг хог хаягдлыг арванхоёрдугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоосон. МХЕГ-аас Covid-19-тэй холбоогүй хог хаягдал болохыг тогтоосон. Эд мөрийн баримтаас харахад 2013-2014 онуудад говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан. Дээрх хэрэгт цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өчигдөр газар дээр нь үзлэг хийж, ажилтнуудаас нь мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тухайн ажилтан нь хог хаягдлыг зохих стандартын дагуу хаяагүй бол хүлээлгэх хариуцлагыг прокурорт хянуулж шийдэх юм" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.25.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.