Л.Дарь: "Токио 2020” олимпын наадмын гурван ч цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл дээр ажилласан

"Токио 2020” олимпын гурван цэнгэлдэх хүрээлэнг босголцсон чадварлаг бүсгүйн хийсэн энэ бүтээл түүхэнд үлдэхүйц байгууламж болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт авьяас чадвараараа тэргүүлж, амжилттай ажиллаж буй олон зуун монгол залуу бий. Тэдний тод төлөөлөл болох Япон улсын зураг төслийн тэргүүлэгч “ЦУРУ” компанийн архитектор Л.Дарьтай цахимаар ярилцлаа. Тэрбээр “Токио 2020” олимпын гурван цэнгэлдэх хүрээлэнг босголцсон бөгөөд чадварлаг бүсгүйн хийсэн энэ бүтээл түүхэнд үлдэхүйц байгууламж болжээ.


-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Японд амьдраад хэдэн жил болж байна вэ?

 -Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. “Сакура” дунд сургуулийг төгссөн. Япон улсад амьдраад 15 жил болж байна. Токиогийн Йомиурийн их сургуулийг архитектор мэргэжлээр дүүргэсэн. Ажлаа хийхийн хажуугаар мэргэжлээ дээшлүүлэхээр оройн цагаар суралцаж байна.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Таны хувьд архитекторын мэргэжилд дурлаж, сонгох болсон шалтгаан юу байв?

-Нагац эгчийг маань Д.Оюунчимэг гэдэг. Архитектор мэргэжилтэй. Түүний хань Монгол Улсын зөвлөх архитектор С.Сэргэлэн гэж хүн бий. Гэрийнх нь хаалгаар ороход л тэдний мэргэжил мэдрэгдэнэ. Дүү бид хоёр хичээлээ тараад ажил дээр нь очиж зураг зурж, даалгавраа хийдэг байлаа. Тэдний ажилдаа хичээнгүй, нягт нямбай, тууштай ханддаг зан чанар нь дүү бид хоёрыг архитектор мэргэжил сонгоход чухал нөлөө үзүүлсэн байх. Дүү Л.Ханд маань Токио хотын “Polytechnic university” сургуулийг амжилттай төгсөж, “Mon Architects” компанид ажиллаж, бүтээлээ туурвиж байна.

-Гадаадад их сургууль төгссөн хүмүүс ихэвчлэн тэндээ “шингэж” ажиллахыг зорьдог юм билээ. Таны хувьд ажлынхаа гарааг эх орондоо ирж эхлүүлсэн гэсэн?

No description available.
Caption

 -Тэгсэн. Сургуулиа төгсөөд эх орондоо ирж “Эгэл” компанид Монгол Улсын зөвлөх архитектор С.Сэргэлэн ах, түүний хүү С.Цолмон нарын удирдлагад хоёр жил ажиллаж, их зүйл сурч дадлагажсан. Дараа нь Япон улсын барилгын зураг төслийн “ЦУРУ” компанид ажиллаж эхэлсэн дээ.

-Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулахад гар бие оролцоно гэдэг сайхан түүх. Өөрийнхөө гар бие оролцсон “бүтээлийнхээ” хажуугаар алхахад сайхан сэтгэгдэл төрдөг байх. Та зураг төслийн багт ажилласан гэсэн. Энэ талаар сонирхуулна уу?

 

 -Хүн төрөлхтний баяр цэнгэл, эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн ажилд гар бие оролцоно гэдэг залуу архитектор миний хувьд нэр төрийн хэрэг. Цаашид олон сайн бүтээл туурвихын эх үндэс болсон гэж бодож бахархаж явдаг. Манай “ЦУРУ” компанийн баг хамт олон “Токио 2020” олимпы̆н наадмын гурван ч цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл дээр ажилласан. Тодруулбал, усан спорт, волейбол, паралимпын сагсан бөмбөг болон гимнастикийн тэмцээн болох гурван цогцолборын барилга, байгууламжийн ажлыг хариуцсан. Нэг цэнгэлдэх хүрээлэнг босгоход маш олон хүний ур ухаан, хүч, хөдөлмөр шингэдэг хамтын бүтээл юм.

 -Цэнгэлдэх хүрээлэнгээс гадна томоохон бүтээн байгуулалтын төсөл бий байх?

 -“Takenaka” корпорацитай хамтран “Yokohama” метроны буудлын барилгын ажлыг хийсэн. Хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж хийсэн ажил нь метроны буудал. “Ковид-19”-ийн цар тахал гарснаас шалтгаалж ажил удааширсан ч өнгөрсөн зургаадугаар сард амжилттай баригдаж, нээлтээ хийсэн.

 -“Архитектур бол хөрсөнд суулгасан амьдрал” гэж Төрийн соёрхолт, Гавьяат барилгачин Д.Чойжилжав хэлсэн байдаг. Архитекторын мэргэжлийн “амин судас” юунд оршдог вэ. Барилгын зураг төслийг гаргахдаа юунд анхаарч ажилладаг вэ?

 -Би барилгын зураг төсөл гаргахдаа байгаль, барилга хоёрыг хооронд нь холбосон сул орон зайн шийдлүүдийг сайн хийе гэж боддог. Миний хувьд орон зай гэдэг бол маш чухал байр суурийг эзэлдэг. Архитектур нь бетон төмөр, хөрсний элементүүд дээр суурилдаггүй. Энэ бол гайхамшиг дээр суурилдаг юм.

-Улс орны нүүр царай, хөгжлийн түвшинг илэрхийлэх зүйлийн нэг бол яалт ч үгүй барилга, байгууламж. Социализмын бүтээн байгуулалтын үндэс суурь дээр урган боссон Улаанбаатарын барилгууд сүүлийн жилүүдэд өндөр, шилэн байгууламжуудаар хүрээгээ тэлж, өнгө төрхөө өөрчилсөөр байна. Эх орондоо ирээд буцахдаа тэр бүхнийг мэргэжлийн хүний нүдээр хардаг байх?

-Мэдээж манай улс хурдацтаи,̆ эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар дутагдалтай санагддаг. Барилгын загвар хийцэд анхаарахаас илүүтэй чанар болон төлөвлөлт маш чухал. Улаанбаатар хотод нэгэн хэвийн өндөр шилэн фасадтай барилгыг захиалж, барьж байна. Энэ нь нэг талаар өрөөсгөл юм. Японд төлөвлөлт хийхдээ тухайн газар ойр орчинтойгоо хэрхэн уялдах, сайн муу нөлөөг маш сайн тооцоолж, барилга барьдаг. Гэтэл манайд энэ зүйл их дутмаг санагддаг. Хамгийн чухал нь хотын ногоон байгууламжийг дэмжих бодлого юм. Токиод ногоон байгууламжийг төлөвлөлтдөө тусгасан тохиолдолд хотоос мөнгөн урамшууллыг архитектор, хөрөнгө оруулагч нарт өгдөг. Ийм тогтолцоог бий болгож, хэрэгжүүлбэл барилгын чанар ч дагаад сайжирна.

-Улаанбаатар хотод барилгын стандарт алдагдсан гэж шүүмжилдэг. Гол болон шатахуун түгээгүүрийн станцаас 50 метрийн зайтай байгууламж барих ёстой ч хаяа дэрлээд барьчихна. Энэ нь эрсдэл дагуулж байх шиг?

 -Тэгэлгүй яахав. Мэдээж хүний амь настай холбоотой асуудал. Тийм учраас маш хянуур, стандартаасаа гажилгүй чамбай ажиллах хэрэгтэй гэж боддог. Архитектор хаана ямар төрлийн барилга барихаас шалтгаалж, олон төрлийн судалгаа хийсний үндсэнд барилга бүтнэ. Олон арга шийдэлд үндэслэж барих хэрэгтэй.

 -Зайсан болон хэд хэдэн хорооллын барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэж МХЕГ-аас тодорхойлсон байдаг. Харин Японд өөр байх. Зураг төслийг гаргахдаа техник технологийн маш олон шийдлийг ашигладаг болов уу?

 -Японд газар хөдлөлтийн маш олон техник технологийн шийдэл байдаг. Газар хөдлөлтийн хүчийг сааруулдаг тусгай зориулалты̆н хана эсвэл барилгын доод талын сууринд газрын чичирхийлэлтийг шингээж, энэ чиглэлээр барилгын салбараа хөгжүүлдэг. Их сургуулиуд нь инженерийн баг буюу бүхэл бүтэн судалгаа шинжилгээний лаборатори, институттай байна. Гаднаас архитекторууд авчирч, олон төрлийн тест явуулдаг. Энэ бүх хөдөлмөр нь зогсолтгүй үргэлжилдэг учраас японууд өндөр хөгжилтэй байдаг. Хэрэв Монголд ийм институт, лабораториудыг бүхий л салбартаа зэрэг хөгжүүлбэл бид ч бас боломжтой. Улсаас бүх их, дээд сургуулийн шинэ технологи бүтээлийг нэгдсэн бодлогоор дэмждэг.

No description available.

-Японы их сургуулиуд дэргэдээ инженерийн багтай гэж байна. Ер нь Монголын боловсролын систем ямар түвшинд яваа гэж хардаг вэ?

 -Монголын боловсролыг олон өнцгөөс харж болно. Эхлээд боловсролын бодлогыг авч үзье. Ингэхдээ боловсрол гэж юу вэ гэдгийг эргэцүүлэх ёстой. Гол агуулга нь, Монгол Улс ямар хүнтэй байхыг хүсэж байна вэ гэдэгт оршино. Япон улс, Мэйжигийн үед баримталж байсан бодлого нь уншиж, бичиж, бодох өндөр чадвартай, тэргүүний хөгжилтэй улс орнуудтай дэлхийн хэмжээнд харилцах чадамжтай япон хүнийг бэлтгэх, улмаар шинэ технологи, тоног төхөөрөмжийг гадаадаас оруулан үйлдвэрлэл эдийн засгаа хөгжүүлэх, улс орны барилга байгууламжийг улам өргөтгөх явдал байлаа. Монголын хувьд, ардчилал зах зээлийн нийгэмд шилжиж эхлээд 30 шахам жил болох хугацаандаа ямар монгол хүнийг бэлтгэх вэ гэдэг бодлогогүй шахам явж ирсэн. Монголын боловсролын системийг харж байхад байнга өөрчлөгддөг. Эрх барьсан намын бодлого боловсролын системд онцгой нөлөөлж байна. Сонгуульд аливаа нэг нам ялалт байгуулаад засгийн эрх авахаараа хуучин монгол бичигт шилжинэ л гэнэ. Кембрижийн системийг авна л гэх юм. Дараа нь өөр нэг нам засгийн эрхэнд гарч ирээд тэр бүхнийг үгүйсгэнэ. Ингэж болохгүй. Боловсролын систем тогтвортой байх зүй тогтолтой.

-Таныхаар асуудал нь боловсролын системдээ байна гэсэн үг үү?

 -Монгол хүүхэд маш их авьяастай, сэргэлэн. Үүнийг нь зөв жолоодож чиглүүлэх ёстой. Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр курсэд гадаад хэл заахаа больсныг сонсоод би үнэндээ гайхсан. Америкт нэгдүгээр ангид гадаад хэл заадаггүй, үүнийг яг хуулсан байна. Англи хэл дэлхий нийтийн түгээмэл хэл учраас тэнд гадаад хэлийг чухалд тооцдоггүй. Монгол хэл баялаг сайхан хэл боловч дэлхий нийтийн түгээмэл хэл биш. Тиймээс их сургууль төгсөж мэргэжил эзэмшиж буй хүнд гадаад хэл маш чухал. Ид залуу насандаа гадаад хэл сурахгүй байна гэдэг маш харамсалтай гэдэгт санал нийлнэ. Эх оронч хүн бэлтгэх явдал маш чухал. Жинхэнэ эх оронч хүн бол мэдлэг сайтай, бодит байдал, дэлхий ертөнцийн нөхцөл байдлыг сайн ойлгож, янз бүрийн ашигтай санаачилга гаргаж ажиллах үүрэгтэй. Гэхдээ ганцхан өөрийнхөө орныг магтаад бусад орныг шүүмжлээд сууж болохгүй.

-Tаны цаашдын зорилго юу вэ?

-Миний зорилго бол эх орондоо ихийг хийж бүтээх, хот төлөвлөлт, үйлдвэр, барилга, байгууламжийг улам сайжруулж, улс орныхоо хөгжилд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах юмcaн гэж боддог.

No description available.

 

C.Ичинхорлоо 

No description available.

No description available.

No description available.

No description available.